Эрэгтэйчүүд хоёр хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүд хоёр хүрэл медаль хүртэв

Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ сарын 9-12-нд Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Шар тивийн 17 орны тамирчид зодоглосон тус тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй зургаа, эмэгтэй найман бөхийн бүрэлдэхүүнтэйгээр залуучуудын шиг­шээ багийн дасгалжуулагч Ц.Баяр­сайхан, “Олимп” сургуулийн дасгал­жуулагч О.Пүрэвбаатар нарын удирд­лага дор оролцсон юм. Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд тэм­цээ­ний шүүх бүрэлдэхүүнд багтан ажил­лав.

Тэмцээн 10-нд буюу баасан гаригт эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, 11-нд 48, 55, 63, 72 кг, эрэгтэйчүүдийн 50, 120 кг, харин тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жинд аваргуудаа тодрууллаа. Тэмцээний эхний хоёр өдөр болсон эмэгтэй бөхчүүдийн барилдаанд Монголын тамирчид өнгөтэй байж, найман жингийн зургаад нь медалийн тавцанд гарлаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-д Э.Даваачимэг /БТСДуС/, 59 кг-ын жинд өсвөрийн олимпийн аварга Б.Батцэцэг /Налайх/, 67 кг-ын жинд О.Оюунтуяа /Аварга/, 72 кг-д Э.Дорждулам /Багахангай/ нар мөнгө, 48 кг-д Ц.Цэнджав /Налайх/, 55 кг-д Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/ нар хүрэл медаль хүртэж, багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ.

Харин өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, Монголын баг хоёр хүрэл медаль хүртжээ. 50 кг-ын жинд “Олимп” сургуулийн тамирчин Б.Майдар, 74 кг-д ҮБДТС-ийн тамирчин Б.Номиндалай нар хүрэл медаль зүүсэн байна.

Өнгөрсөн жил БНХАУ-ын Хуашинь хотод болсон тивийн залуучуудын аваргаас Монголын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт медальтай нутагтаа ирж байсан бол энэ удаад эмэгтэйчүүд дөрвөн мөнгө, хоёр хүрэл, эрэгтэйчүүд хоёр хүрэл, нийт найман медаль хүртсэн амжилттай оролцлоо.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж