ОХУ-ын зэвсэгт хүчин "Исламын улс"-ын эсрэг хийж буй довтолгоондоо хүч нэмэгдүүлэн Каспийн тэнгисээс пуужингийн цохилт хийсэн тухай Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэнийг Би Би Си агентлаг уламжилжээ.
Оросын нутгийн өмнөд этгээдэд орших Каспийн тэнгист байрлах ОХУ-ын байлдааны онгоцуудаас өчигдөр нийтдээ 26 пуужин харвасан бөгөөд эдгээр нь 11 байг чиглэн бүгдийг амжилттай устгасан тухай Сергей Шойгу мэдээлжээ.
Одоогоор пуужингийн цохилтод өртсөн "Исламын улс"-ын хохирлын мэдээлэл хараахан гараагүй байна. Ямартай ч оросууд 932 миль буюу 1500 километрийн алсаас 26 пуужин харвасан нь баттай мэдээлэл аж.
Каспийн тэнгис нь ОХУ, Казакстан, Туркменстан, Иран, Азербайжан таван улсын хуурай газар нутгийн дунд оршдог бөгөөд Оросын алсын зайн пуужин харвагч төхөөрөмжөөр тоноглогдсон байлдааны онгоцууд энэ тэнгист байрладаг. Угаас Каспийн тэнгисийн флотил нь Орос улсын түүхэн дэх хамгийн эртний түүхт тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүдийн нэг.
Анх 1722 онд Их Петр хаан үүсгэн байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Каспийн тэнгисийн флотил 1945 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан аж.
Тэгвэл Каспийн тэнгисийн флотилийн хөлөг онгоцууд дунд гурван пуужин харвагч бүхий байлдааны онгоц байдаг тухай, тэдгээрийн тавцан дээгүүр ийнхүү алс холын Сири орныг чиглэн пуужингууд харвасан болохыг өрнөдийн хэвлэлүүд онцолж эхлээд байна.
Ийнхүү пуужин харвахдаа Оросын байлдааны онгоц Каспийн тэнгисийн аль ч цэгт байсан Турк, Ирак, Иран, Азербайжан, магадгүй Гүрж, Армен улсуудын нутаг дэвсгэр дамнуулан агаарын орон зайгаар нь харвахаас өөр аргагүйг дурдаж байна. Одоогийн таамгаар бол Каспийн тэнгисийн өмнөд хэсэг буюу Ираны усан хилээс Иран, Иракийг давуулан Сири рүү пуужингаа харвасан байж магадгүй гэнэ. Хэрвээ ОХУ-ын мэдлийн тэнгисээс пуужинг хөөргөсөн бол Армен, Гүрж, Азербайжанар дамнан цаашлаад Туркийн агаарын орон зайгаар Сирийн хойд хэсэгт буух өндөр магадлалтай аж.
Эдгээр улсуудын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Хоёр өдрийн өмнө Оросын байлдааны онгоцууд "Исламын улс"-ын байрлалд цохилт хийхдээ хоёр ч удаа Туркийн агаарын хилийг нэвтрэн орсон тухай дуулиан дэгдэж байсан юм. Энэ үед Туркийн ерөнхий сайд Давутоглу болон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов нар харилцан мэдэгдэл хийж энэ явдал дахин давтагдахгүй тухай дурдсан юм.
Тиймээс Орос улс Туркийн агаарын орон зайд 26 пуужинг оруулах нь дэмий таамаг тухай зарим хэвлэлүүдэд бичиж байна. Одоогоор Оросын зэвсэгт хүчний Сирид хийж байгаа агаарын цохилтыг хамгийн хүчтэй шүүмжилж байгаа орон бол Турк. Хамгийн сүүлд Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэхдээ "Оросууд 57 агаарын цохилтын дөнгөж хоёрхоныг "Дэеш"-ийн эсрэг хийлээ. (Дэеш буюу DAESH нь Исламын улсын өөр нэгэн нэр юм) Бусад 55 нь Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг сөрөг хүчний толгой дээр очиж байна" хэмээсэн юм.
Сүүлийн үеийн мэдээллээр Сирийн Идлиб, Хама хотын ойролцоо ОХУ-ын агаарын болон сансрын хүчин хүчтэй цохилтуудыг хийсээр байгаа аж. Мөн олны анхаарал татсан нэгэн мэдэгдлийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хийсэн бөгөөд "ОХУ Сирид хуурай замын байлдааны ажиллагаа явуулахгүй гэсэн хэдий ч сансраас авсан зургууд дээр Оросын цэргийн ангийн шилжилт хөдөлгөөн улам идэвхжиж дор хаяж хоёр батальон цэрэг Сирид очоод байгаа нь илэрхий байна. Ингэснээр орос цэргүүд магадгүй Башар Ассадын сөрөг хүчний эсрэг газраар тулалдах шинжтэй байна" хэмээсэн мэдэгдэл байлаа.
Н.ЦЭНД
Холбоотой мэдээ