“Нарантуул” худалдааны төвийн зүүнээс баруун зах хүртэлх хоёр эгнээ зорчих хэсэгтэй нарийн замаар гурван эгнээ машин давхарлан түгжрэл дунд газар дөхнө… Захын урд, хойд, баруун, зүүн тал, ер нь эргэн тойрон дахь бүх зам хэзээний л түгжрэлтэй байдаг.
Долоо хоног бүрийн мягмар гаригаас бусад өдрүүдэд 13-р хороолол орчмын замын хөдөлгөөнийг түгжих гол шалтгаан болсон “Нарантуул” захыг тойроод өдгөө бүхэл бүтэн хороолол бий болжээ.
Олон улсын гэх тодотголтой ч тохижилт, стандарт орчин гэх зүйлгүй, түрээслэгчид нь одоог хүртэл гудамжинд наймаа, бизнес эрхэлсээр байгаа зах бараг энэ газраас өөр алга болсон биз ээ. Зах дагаж амьдраад сурчихсан архичин, ажилгүй, орон гэргүй хүмүүс аанай л тэнд байсаар… Архиа ууж, агсан согтуу тавьж, эргэн тойрон дахь оршин суугчид, хүүхэд хөгшидийг айлгах энүүхэнд гэх.
Бүтээн байгуулалт өрнөх явцад захын ард, хажууд, эргэн тойронд нэгэнт орон сууцны хорооллууд сүндэрлэж, “Нарантуул”-тай хүссэн хүсээгүй хаяа нийлэн амьдрах болсоор удаж байна. Нэг үгээр хэлбэл, захын эргэн тойронд байх орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд байх нөхцөл алдагдаж, хөрс болон агаарын бохирдол илт нэмэгдэхэд хүрчээ. Цаашлаад 13, 14-р хорооллын оршин суугчид, орчин тойрны сургууль, цэцэрлэгийн сурагчдын аюулгүй байдлын асуудлыг ч хөндөх цаг нэгэнт ирсэн байна.
“Нарантуул” захад өдөрт дунджаар 70 гаруй хэрэг, зөрчил бүртгэгддэг гэнэ. Энд “ажилладаг” бүхэн бүтэн хулгайч нарын арми, архичдын цуглаан захын ойр орчмоос хальж, 14-р хороололд босгосон орон сууцнуудын хаа л бол хаана “амьдрах” болжээ. Орон гэргүй хүмүүс орцны үүд хаалга байнга эвддэг, орцонд хоноглодог, хүүхэд хөгшидийг айлгадаг гээд асуудал олон гарч эхэлсэн тухай энэ хавийн оршин суугчид ярьж байв. Тэд “Нарантуул”-аас үнэхээр айдаг болжээ.
“Нарантуул” захад худалдаа эрхлэгчдийн эрүүл мэндийн асуудлыг энд мөн хэлэхгүй өнгөрөхийн аргагүй.
Тус захад дунджаар 8700 түрээслэгч буюу наймаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд өвлийн хүйтэн, зуны халуунд ч гадаа зогсч наймаар хийсээр маш олон жилийг өнгөрүүлж байна. Тавилгын худалдаа эрхэлдэг М.Батбаяр ярихдаа амьжиргаагаа залгуулдаг ганц ажлын байр нь "Нарантуул зах” гэдгийг онцлоод, орчин нөхцөл сайтай, тохилог, цэвэрхэн орчин бүрдүүлээд өгчихвөл явахад бэлэн гэж ярилаа.
Хэдэн жилийн өмнө бол “Нарантуул” зах хотын хүн ам, барилга байшин цөөтэй газар байгуулагдаж байсан биз. Харин одоо бол хотын хүн ам, орон сууц, машины тоо хэдэн арав дахин нэмэгдсэн. Орчин тойрон нь буюу 13, 14-р хороолол олон жилийн өмнөх шиг байхаа больсон. Тэнд бүхэн бүтэн хороолол бий болж, олон мянган хүн, айл өрх өөрсдийн амьдрах орчноороо сонгон, байр, орон сууц худалдаж авсан байгаа.
Нийт 22 га талбайг эзлэн оршдог “Нарантуул” зах үндсэндээ Баянзүрх дүүргийн хөгжлийг түгжиж байна гээд хэлчихэд ч буруудахгүй. Хэдийгээр захын үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олон жилийн хугацаагаар түрээсэлсэн гэрээ, яриа байдаг ч түрээсэлсэн хүн нь одоо орчин нөхцөлөө өөрчилж, тэр олон хорооллын оршин суугчдад эрүүл орчин бий болгож, түрээслэгчдэдээ дулаан, цэвэрхэн барилга барьж өгмөөр юм. Нарийн ярьвал, тэнд түрээсийн мөнгөө төлөөд, худалдаа, наймаа эрхэлж байгаа зуу зуун хүний эрүүл мэнд маш ноцтой хохирч байгаа шүү. Хэрэв орчин нөхцөлийг нь сайжруулж, түрээслэгчдийн эрүүл мэнд, орчин тойрны агаар, хөрсний бохирдлын асуудлыг цэгцлэхгүй юм бол улс ер нь газраа буцааж авахад юу нь буруудах юм.
Да хүрээ, 100 айл гээд томоохон худалдааны төвүүдийг Улаанбаатарын хоёр зах руу шилжүүлэх нийслэлийн шийдвэрүүдийг гараа өргөн дэмжмээр байна. Тэгж байж түгжрэл, бохирдол, хүнс, барааны эрүүл худалдаа, хулгай дээрэм, гэмт хэрэг гээд олон асуудлыг цэгцэлнэ. Тэртэй тэргүй өнөөдрийн нөхцөлд өдөр бүр “Нарантуул” гарч гүйгээд, хоол хүнсээ бэлтгээд байдаг үе өнгөрсөн. Хотын ямар ч хорооллын, аль ч хэсэг ч хямд, бөөний худалдаа үйлчилгээний газрууд дүүрэн байна.
Тиймээс гэмт хэрэг, орчны бохирдол, архидалт, хулгай дээрмийн үүр уурхай болсон “Нарантуул” захыг нүүлгэн шилжүүлж, Баянзүрх дүүргийг авраач ээ гэж хүсмээр байна. Эсвэл битүү зах болго, нэг бол суурин дээр нь худалдааны боловсон төв байгуулж, эргэн тойрных нь иргэдэд амьсгалах, амьдрах боломж олгоно уу гэж уламжилмаар байна.
Сурвалжилсан Т.ДАВААНЯМ, Н.БАТМӨНХ