АНУ-ын эм үйлдвэрлэгч “MYLAN” компани, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” эмнэлэгтэй хамтран “Амьжиргаа” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд элэгний В вирусын эсрэг “Тенофовир эмийг 5000 хүнд 90 хувийн хөнгөлөлттэй олгохоор болсон. Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд ямар шат дамжлага дамжих талаар мэдээллийг хүргэе.
Нэн тэргүүнд иргэдийн зүгээс есөн төрлийн шинжилгээг өгнө. Шинжилгээг хаана ч өгч болох юм байна. Эмчилгээнд хамрагдах хүмүүс дараах шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай.
В вирус тоолох
Элэг, цөсний биохими
Бөөрний үйл ажиллагаа
ОАК
ОАМ
Эхо үзлэг
Элэгний хатуурал тодорхойлох
Дельта вирус илрүүлэх
Вирусын гадаргуугийн антигений шинжилгээ
Гол нь вирус тоолох, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээг сүүлийн зургаан сарын дотор хийлгэсэн байх ёстой. Харин бусад шинжилгээг сүүлийн гурван сард хийлгэсэн байх хэрэгтэй юм. Ингээд шинжилгээнийхээ хариуг “Хаппи Веритас” эмнэлэгт авчирч бүртгүүлнэ. “Тенофовир” эмийг төслийн хүрээнд 90 хувь хямдруулан 30 мянган төгрөгөөр иргэдэд олгох юм. “Хаппи Веритас” эмнэлгийнхний мэдээлж буйгаар удахгүй дахин хямдруулж 22 мянган төгрөгт хүргэж магадгүй гэв.
Одоогоор элэгний В вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтэй 300 гаруй иргэн бүртгүүлжээ.
Б.ЗАЯА