Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэд “U Money” цахим карт ашигладаг болсон. Гол нь иргэд цахим карт авснаар хоёр болон түүнээс дээш удаа автобусанд дамжин суусан тохиолдолд үнийн хөнгөлөлт эдлэх ёстой байсан юм. Гэвч шинэчлэл хийгдээд хоёр сар гаруйн хугацааг ардаа үдсэн ч зорчигчид автобусанд суух бүртээ 500 төгрөг төлсөн хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системтэй болгосон "Улаанбаатар смарт карт" компанийн тухайд сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ гэдгээ мэдэгдсэн юм. Тодруулбал тодорхой хугацааны дараа, эсвэл зайнаасаа хамаараад дараагийн тээврийн хэрэгсэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх ийм нөхцлийг иргэдэд олгох саналыг боловсруулсан байна. Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ. Товчхондоо өнөөдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа сэлгэн суултын төлбөрийг 100 хувь чөлөөлөх үү эсвэл 60 хувийг нь хөнгөлөх үү, хэзээнээс зорчигчид дээрх хөнгөлөлтийг эдлэх вэ гэдэг нь тодорхой болно. Хэрэв нийслэлийн удирдлагууд сэлгэн суултын төлбөрийн 60 хувийг хөнгөлөхөөр шийдвэл хоёр автобус дамжин ажил, гэртээ очдог иргэд 700 төгрөгийн зардал гаргана. Үндсэндээ зорчигчид 30 минутанд багтан суусан хоёр дахь автобусанд 200 төгрөгийг төлөх юм.
Уг нь нийтийн тээврийн ухаалаг систем нэвтэрч, автобусуудын маршрут өөрчлөгдсөн эхэн үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “30 минутын дотор дараагийн автобусандаа дамжин суусан тохиолдолд карттай иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ мэдэгдлээс 14 хоногийн дараа “Нийслэлийн тээврийн газар алдагдалтай ажиллаж байна. Ялангуяа нийтийн тээврийг цахим системд шилжих ажлын явцад их хэмжээний алдагдал үүссэн. Ийм үед дамжин суултыг хөнгөлбөл алдагдал нэмэгдэнэ” гэж мэдээлж байсан удаатай. Ямартай ч нэг автобусаар хүрдэг газартаа хоёр дамждаг гэж бухимдах иргэд багагүй байна. Хэдий тийм ч дамжин суултын хөнгөлөлт хэзээ эхлэх нь тодорхойгүй л байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 450 мянган орчим смарт карт иргэдийн гарт очжээ. Харин оюутнуудын тухайд нэг сарын ажлын 22 хоногт өдөрт хоёр удаа зорчих хөнгөлөлтийн картыг 3600 төгрөгөөр тухайн сургуулийнхаа сургалтын алба, оюутны холбоогоор дамжуулан авч эхэлсэн байна. Харин цаашид дээрх хөнгөлөлтийн картаа оюутнууд нэг сард, нэг удаа сунгуулах зарчмаар явах аж. Үндсэндээ оюутнуудын холбогдох мэдээлэл, материалыг цуглуулах ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан ажиллаж буй юм. Товчхондоо нийтийн тээврээр зорчих оюутнуудын хөнгөлөлтийн картыг тараах ажилд Монголын оюутны холбоог оролцуулах шаардлагагүй гэж төрийн байгууллагынхан үзжээ.
Д.УУДАМ