Афганистанд зорчсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Афганистанд зорчсон тэмдэглэл

Германы Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд байхад бидний очих гэж зорьж яваа Афганистан оронд цагийн байдал таагүй байгааг зурагтаар харуулж байв. Цагийн байдал гэдэг маань цас борооны тухай ойлголт биш юм шүү. Афганд сүүлийн гучаад жил дайн тулаан болжээ. Бидний очдог дөрөвдүгээр сарын 4-нөөс хоёрхон хоногийн өмнө Кундуз хотын ойролцоо л гэхэд Германы Хөдөлмөрийн яамны сайдыг дэлбэлэхээр отож байсан амиа золиослогчид гурван ч цэргийн аминд хүрч, сайдын бие хамгаалагчид нь ч нутгийн хэдэн иргэнийг буудсан эмгэнэлт явдал гарч л дээ. Франкфурт хотноо зөөлөн шиврээ бороо намирна. Энэ намуухан хотоос үдшийн бүрийгээр тэнгэрийн унаа хөлөглөн Кабул руу одов.
    Есөн цаг гаруй нисэхдээ цагийн зөрүүгээс ч болсон уу хажуугийн хоосон суудлуудаа эзэгнэн дуг нойронд дугжирч явцгаалаа. Германаас Афган руу цөөхөн зорчигч явж байгаа нь гуравдахь онгоцоо сольж унасан монголчуудад зол болсон хэрэг. Өглөөний зургаан цагийн үед Кабулд газардав. Онгоцны цонхоор харахад уулархаг нутаг юм. Исламын бүгд найрамдах Афганистан улс 1919 онд Их Британийн колониос ангижирч, 1979 онд ЗХУ цэргээ оруулж дайтаж эхэлсэн түүхтэй. Бүтэн 10 жилийн энэ дайнд ялагч тодроогүй төдийгүй дайтагч хоёр тал ихээхэн хохирол амссан байдаг. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан хуучин “стан”-уудын хил залгаах Афганы хотуудаас орос ах нарын үй олноор нь аймаглан устгасан жирийн иргэдийн цогцос хэдэн мянгаараа гарч ирсээр байгаа юм билээ. Афганы таван настай жаал ч оросуудыг шуудхан буудчихдаг байсан тухай уншиж байсан. Энэ үнэн аж. Зөвлөлтийн цэрэг гарснаас хойш энэ улсад иргэний дайн дэгдэж, засгийн эрхийн төлөө тэмцэлдэх болсноор амар жаргалыг олсон өдөр өнөөг хүртэл үгүй гэнэ. Сүүлийн 30 гаруй жил дайны болж байгаа учраас өдий хэрийн насныханд алаан хядаан байдаг л зүйл болж оюун санаанд нь хоногшсон нь ойлгомжтой.
    Афганистан эртнээс нааш төв Азийн торгоны зам дайран өнгөрдөг худалдаа нүүдлийн чухал түшиц газар. Манай их хааны үр сад Хүлэг хаан, Доголон Төмөрийн угсааныхан энэ газар оронд олон зуун жилээр ноёрхлоо тогтоож байж. Тэдний удам судрын хазаар монголчууд энд олноороо амьдардаг гэсэн. Манай наймаачид л болсон хойно хазаар моголчуудтай садагнасаж Кабулд худалдаа наймаа эрхэлдэг сүлжээтэй болжээ. Афганд суурьшсан монголчууд энхийг сахиулагч монгол цэрэг эрстэй уулзах хүсэлтийг хэдэнтээ тавьсан ч манай зэвсэгт хүчнийхэн тэдний амь нас, аюулгүй байдлыг бодолцон уулзах сонирхолгүй байгаа юм билээ. Кабул, Улаанбаатарын цагийн зөрүү гурван цаг гучин минут. Монголчууд бид ажилдаа ирж байхад афганууд нойрсч байна гэсэн үг л дээ. Кабулын олон улсын онгоцны буудал дээр газардах үед аргагүй л дайн байлдаантай нутагт ирж байгаа нь илт байв. Онгоцны буудалд байлдааны том том онгоцууд уяаны морьд шиг “живхэрцгээнэ”. Нисдэг тэргүүд нь гэхэд асар майхан доор саатаж байна.
    Афган орон эдүгээ 29 сая хүн амтай гэсэн албан ёсны тоо баримт байна. Чингэтэл бүүр 31 сая гэх мэтгэлцээн ч байна. Магад тийн бол манайхаас даруй арав хорь дахин илүү хүн зонтой ажээ. “Хүний олноор хүнийг барьдаггүй” гэж бага байхад сумын атаманууд хэлдэг байж билээ. “Эвтэй л бол хоёрхон сая монголчууд эднээс илүү юм даа” гэх омогорхол төрж байлаа. Бид цөөхүүлээ тусмаа л нягтрах ёстой. Афганууд харин тийм ч эвсэг ард түмэн биш юм. Нөгөө нэг аюултай дайралт болсныг хүн төрөлхтөн санаж байгаа байх. Америкийн хоёр өндрийг унагаад л. 2001 оны есдүгээр сарын 11-нээс хоёр хоногийн өмнө Афганы үндэсний баатар болсон аугаа хүнийг амиа золиослогч нэгэн сэтгүүлч болж очоод камертайгаа дэлбэлсэн байдаг. Афганистаны 31 мужийн дийлэнх олонхийг талибууд эзэлж байна. Ерөнхийлөгч Хамид Карзайн Засгийн газар ний нуугүй хэлэхэд улсын нийслэл Кабулаа ч хянаж чадахгүй байгаа юм. Монголыг би авилга, хээл хахуульд автсан гэж төсөөлж явлаа. Харамсалтай нь Афган бол зуун хувь энэ аалзны торонд хумигдсан гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагууд эрхэм Ерөнхийлөгчийг “улс орныхоо төлөө авилгаа бууруул аа” гэсэн шахалтыг үзүүлээд байгаа юм билээ.
    Афганистаны үндэсний армийг байгуулах гэж АНУ, НАТО-гийн цэргийн эвсэл, тэр байтугай Монголын Зэвсэгт хүчин чармайлт тавьж байна. Талибын зэвсэгт бүлэглэлүүд нэг ажиллах хүчнийг сарын 100 гаруй ам.доллараар хөлслөн ажиллуулдаг гэсэн. Тиймээс нэг ёсондоо “манай” талынхан Афганистаны үндэсний армийн цэрэг эрсийг 160-аас дээш ам.доллараар цалинжуулж байна. Харамсалтай нь энэ мөнгөний 10 хүрэхгүй хувь нь цэргүүдийн гар дээр очдог юм гэсэн. Үлдсэн 90 хувь нь дарга нарынх нь гарын салаагаар урсана гэсэн үг л дээ. Энэ бол миний л олж сонссон тоо. Афганистан улс яагаад дэлхийн халуун цэг болсон бэ гэвэл,  мусалман шашны хэт бүлгэрхэгч талибанууд нөгөө нэг “алдартай” Осама бин Ладены толгойлдог “Аль Кайда” байгууллагын илэрхий дэмжлэгтэйгээр Афганистаны 18 мужид хяналтаа тогтоон, улмаар хөрш зэргэлдээ Пакистан улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх болжээ. “Хүн хэлээрээ” гэдэг ч ер үгийг үл тоомсорлох тул аргагүйн эрхэнд АНУ тэргүүтэй “манай талынхан” цэргээ оруулсан байгаа юм. Монгол Улс олон улсын террозмын эсрэг байгаагаа илэрхийлсэн учраас өнөө Афганд 200 гаруй цэргийн албан хаагчаа илгээгээд байна.
    Чингэс хааны төмөр төрийн бодлогыг залгамжлагч монгол эрс ч дарийн утаа үнэртсэн харийн улсад үүргээ нэр төртэй биелүүлж буйг нүдээр үзэж сэтгэл өндөр ирлээ. Энэ цагийн Зэв, Сүбээдэй болсон Монгол цэргийн сүлд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нарын Афганистан улс дахь айлчлалын зорилго үнэндээ тусгаар Монгол Улсын шинэ тунхаглал байсан билээ.

Монгол цэргүүд Афган орныг илбэн тохинуулахаар хүчин зүтгэж байна

Эвслийн цэргийн удирдлагуудтай уулзав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нарын Монголын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Афганистан улсад айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай, Батлан хамгаалахын сайд Абдул Рахим Вардак нартай уулзах товтой байсан. Афганы сайд орон нутагтаа ажиллаад хараахан уулзаж завдаагүй. Харин Х.Карзай Ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөх америк офицер “Эггерс” бааз дээр хүрэлцэн ирж Л.Болд сайдад бараалхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг гардаж авсан юм. Манай Зэвсэгт хүчний төлөөлөгчид Афганистан дахь НАТО-гийн “Олон улсын аюулгүй байдлын туслах хүчин” ажиллагааг удирдагч, АНУ-ын цэргийн хүчний командлагч, генерал С.МакКристал, Афганистан дахь АНУ-ын аюулгүй байдлыг хангах шилжилтийн үеийн нэгдсэн хүчний орлогч командлагч, хошууч генерал Д.Хогг, Кабул дахь АНУ-ын цэргийн баазуудын аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг бүхий томилгоот хүчний командлагч, бригадын генерал Ж.Кульвер, “ИСАФ” ажиллагааны умард бүсийн командлагчийн орлогч, Швед улсын Зэвсэгт хүчний хурандаа Б.Сэндстром нартай албан ёсоор уулзсан билээ.
    Эвслийн хүчний цэргийн дээд удирдлагад ажилладаг эдгээр хүмүүс монгол цэргийн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа чин сэтгэлээсээ харамгүй өгүүлж байсан. Генерал С.МакКристал гэхэд дэлхий дахинд нэрээ дуурсгаж яваа цэргийн жанжин билээ. Хэдий өндөр албан тушаал хашдаг ч их чөлөөтэй, энгийн харьцаатай хүн юм. Америк цэргийн хувцсаа ойрд лав тайлаагүй болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Тэрээр Иракийг чөлөөлөх дайныг удирдаж байсан нэгэн юм. Эдгээр өндөр албаны хүмүүстэй Л.Болд сайд, генерал Б.Баярмагнай, хурандаа Ч.Ерөөлцэнгэл нар англи, герман хэлээр чөлөөтэй харьцаж байсан. Ер нь Афганд энхийг сахиулж буй монгол цэргүүд маань ч хэлний бэрхшээлгүй болжээ. Энэ нь манай цэрэг армийнхан дэлхийн түвшинд үнэлэгдэх өндөр боловсролтой болсны гэрч юм. Эвслийн цэргийн хүчин 2011 оны эхээр гэхэд 300 мянган хүнтэй Афганистаны аюулгүй байдлыг хангах хүчин, 150 мянган цагдаа бүхий хүчний байгууллагыг тус улсад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Өөрийн гэсэн арми, цагдаатай болчихвол Афган дотоодын зөрчлөө зохицуулаад байх биз ээ. Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх үйлст монголчууд маань ч гар бие оролцож, сургалтын хөдөлгөөнт багуудыг 2003 оноос томилон ажиллуулж буй нь сайшаалтай. Афганд голдуу Оросын зэвсэг, техникийг ашигладаг. Иймээс монгол офицер, цэргүүд тэдэнд артеллирийн чиглэлээр сурсан эрдмээ хангалттай хуваалцаж байгаа юм. Кабул хотод оршдог Олон үндэстний сургалтын нэгдсэн төв “Феникс”-т дэд хурандаа Ц.Дамдиндоржийн удирдсан 23 хүнтэй сургалтын баг афганчуудад их буугаар яаж буудах, байгаа хэрхэн зөв тооцоолох зэрэг цэргийн нарийн эрдмийг сургаж байна.    

Ээждээ л хурдхан очно доо

Хүний газар, хүний нутагт алба хашиж буй цэрэг эрст маань баяртай, гунигтай элдэв учрал өдөр өнжихгүй таардаг нь мэдээж. Харь хол, дайн байлдаантай газар тэд маань дан ганц хар амьжиргаа бодож, биеийн амрыг харан оддоггүй билээ л. Ардаа санаа зовох аавтай ээжтэй, элгээ бэтгэртэл санах энхрий хань, нялх үрстэй хүний л үрс билээ, тэд. Харийн нутагт дарийн утаа үнэрлэж яваа эх орны эгэл жирийн дайчдад өөрийн нэрээс илүү эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгах гэсэн чин эрмэлзэл бий. Энхийг сахиулагч, цэнхэр дуулгатан тэд маань хэдхэн хоноод эх орондоо ирнэ. Цэрэг эрс маань нулимс унаган зовлон тоочихгүй ч амьдрал заримдаа хатуудаа хатуу билээ. Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас ирсэн, англи хэлэндээ ус цас Д.Мөнхбат хэмээх 32-хон настай ахмадтай дотно танилцсан минь санаанд тодхон байна. Хүүгээ сайн яваад ирэхийг ерөөн хоцорсон ануухан аав нь Мөнхбатыг Афганд очсоны дараахан бурхан болсон гашуудалт мэдээ арванхоёрдугаар сарын 4-ний тэр хүйтэн өдөр эх нутгаас нь ирсэн гэх. Халуун элгэн хүнээ алдсан ч тэрээр сэтгэлийн хатаар өнчрөлт өдрүүдийг үдэж явна. Тэрээр “Хүн чинь эрүүл саруул ойр дотнын хүнээ ийм хурдан буцчихна гэж боддоггүй юм байна. Эндэх албаа хаагаад ээждээ л хурдхан очно доо” гэж санаа алдан өгүүлсэн юм.   

“38-тай аав” дууг тавь даа, миний хайр

Эрчүүд л болсон хойнд нэгнийгээ “явуулах” үе мундахгүй. Гэргий хүүхдээ, санаж өрөөсөн бойтог, тоодгорхон бариувчийг нь орныхоо ард хадчихсан байх нэгэн ч таарч байна. Хайртай хань, үерхдэг охиноосоо ирсэн гэрэлт мессежүүдийг сэтгэлийн дэлгэцэндээ нандигнан хадгалж явцгаана. Хүний хамгийн сайхан гэрэл гэгээ хайрынхаа төлөө, холын холоос хонгор амрагаа үгүйлэн санахын жаргалаар баян улс юм, тэд. Хатуухан тоглоомтой нэг нөхөр анддаа “За хө, гэргий чинь хүүхдүүдээ аав, ээжийндээ орхичихоод шоудаж л явна даа хө” гэж л дээ. Найзынхаа үгэнд итгэсэн цэрэг эр гэргий рүүгээ залгаад “Хүү, охин хоёр аавынд байгаа” гэсэн хариу сонсоод хэд хоног хоол ундаа ч идэхээ байсан гэдэг. Хүнд итгэхээс илүү сайхан жаргал үгүй. Хуримаа хийгээд удаагүй нэг дайчин орой болгон халуухан янаг руугаа ярьдаг юм байна л даа. Мань эр гэргий рүүгээ утасдаж “Гэртээ байна уу” гэж. Эхнэр нь гэртээ байгаагаа хэлбэл нэг л итгэсэн шинжгүй “Миний хайр тэгвэл компьютерээ асаа даа” гэж байна гэнэ. Эхнэр нь асаалаа гэвэл “Тэр файлын тэддүгээрт байгаа “38-тай аав” дууг тавь даа” гээд дуу явахаар зэрэг хацар нь туяараад ирж байна гэж байгаа юм. Нэг ёсондоо үнэнчийн шалгалт авч байгаа байдал нь тэр байхгүй юу. Энэ мэт хөгжөөнтэй явдлууд огтхон ч тасардаггүй нь цэрэг эрсийн амьдралыг яруухан болгодог биз ээ.

Сайд Л.Болд цэрэг эрстэйгээ “Халуун элгэн нутаг”-аа хамтдаа аялж явлаа

Бид дөрөвдүгээр сарын 5-7-ныг хүртэлх гуравхан хоногийн дотор эвслийн цэргийн “KIA” баазын цэргийн эмнэлэгтэй танилцаж, “Файзабад”, Мазари Шариф зэрэг олон баазаар орох шаргуу төлөвлөгөөтэй довтолгосон билээ. Цэргийн эмнэлэгт нь халдлагад өртсөн нутгийн иргэд олноороо эмчлүүлж байна. Германы цэргийн “Файзабад” баазад хошууч С.Болдбаатарын удирддаг 42 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн салаа сэргээн босголтын багийн хамгаалалт, нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг юм билээ. Кабулаас Файзабад, Мазари Шариф хотууд руу Америк улсад үйлдвэрлэсэн сүүлийн байлдааны онгоцоор зорчсон юм. Дуу нь зориулалтын чихэвчтэй байхад л дөжирмөөр хайрхан билээ. Суудлын онгоцыг бодоход нислэг, буулт нь хатуу аргагүй ланжгар эд дээ. Монголын энхийг сахиулагч цэрэг эрсийн байрласан гурван бааз дээр  очсон. Очих бүрт л Төрийн дуулал маань эгшиглэж, хүндэт харуул жагсан угтах  нь сэтгэлд дотнохон үлджээ. Батлан хамгаалахын сайд Л.Болд, бригадын генерал Б.Баярмагнай нар “Эггерс” бааз дээр цэрэг эрстэйгээ нэг үдшийн хамтдаа үдэхдээ тэдний бэлдсэн тоглолтыг үзэж, төгсгөлд нь “Халуун элгэн нутаг”-аа дугуйран зогсч байгаад дуулцгаасан нь одоо ч чихэнд хоногшсон байна. Цэрэг эрс минь, Чингэс жанжны удам минь хаанахын хэнээс ч дутуугүй албаа хааж явна аа, элгэн халуун түмэн минь.

Л.Батцэнгэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж