
Чилийн галт уулын үнсэн үүл Номхон далайд хүрч, Австрали, Шинэ Зеландын агаарын тээврийн “Кантас” компани дотоод, гадаадын бүх нислэгээ цуцаллаа. “Кантас” өмнө нь Тасманийн арал хүрэх нислэгээ цуцалсан байсан юм. Тус улсын агаарын тээврийн компаниуд ч мөн нислэгээ хойшлуулснаас олон мянган зорчигчид нисэх буудалд саатаад байгаа ажээ. Үнсэн үүл агаарын тээвэрт аюул учруулах хэмжээнд байгааг Австралийн агаарын тээврийн удирдах газраас мэдэгдсэн байна. Чилийн Пуейвэй галт уул оргилж эхэлснээс хойш хоёр долоо хоног өнгөрч байгаа билээ. Хүчтэй салхинд туугдан ирсэн галт уулын үнсэн үүл Австрали, Шинэ Зеландын агаарт 6,000-10,600 метрийн өндөрт тогтоод байгаа гэнэ. Галт уулын үнс, чулуулаг нисэх онгоцонд аюул учруулж болзошгүй гэж Австралийн агаарын тээврийн компаниуд сэрэмжилж байгаа ажээ. Мельбурн, Квинстаун зэрэг хотод онгоцны нислэгийг өнгөрсөн ням гаригаас эхлэн цуцалсан бөгөөд найман мянга гаруй зорчигчдийн нислэг хойшлогджээ.
Тасманийн арал дээгүүр тогтсон үнсэн үүл хэдэн өдрөөс наашгүй гэж зорчигчид үзэж байгаа ажээ. Шинэ Зеланд одоогоор нислэгээ цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Одоогийн байдлаар үнсэн үүл Өмнөд Америк, Аргентин, Уругвай, Бразил зэрэг улсын агаарын тээвэрт саад учруулаад байгаа юм. Чилийн галт уул 1960 оноос хойш анх удаа хүчтэй оргилж буй нь энэ ажээ.
Галт уул сэрж эхэлсний улмаас тус бүсийн хэдэн мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Н.Энх