Монголын өрсөлдөх чадвар улам доройтжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Монголын өрсөлдөх чадвар улам доройтжээ

Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын өрсөлдөх чадварын тайлан мэдээг гаргадаг. Өнөөдөр энэ тайлан мэдээний дүнг танилцууллаа.

Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчин тааруу энэ үед гялайж гялтайх зүйлгүй, тааруу үр дүнтэй гарчээ. 2015-2016 оны өрсөлдөх чадварын тайланд дэлхийн 140 орноос Монгол Улс 104 дүгээрт жагссан байна. Энэ нь мэдээж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт гээд олон талт хүчин зүйлсээс шалтгаалсан таагүй үр дүнг илтгэж буй хэрэг гэдгийг албаныхан онцлов.

Монгол Улс энэ үзүүлэлтэд 2005 оноос хойш өнөөг хүртэл орж байгаа. Гэвч зэрэглэл, оноо дорвитой өөрчлөгдөхгүй, ахихгүй хэвээр байгаа аж.

Улс орнууд энэхүү тайланд хамрагдахдаа дээд тал нь долоон оноо авах ёстой.  Монгол Улс энэ жилийн хувьд 3.8 оноо авсан байв. Үүнийг хувиар тооцвол 50 гаруй хувьтай байна гэсэн үг. Дэлхийн бусад орнуудын өрсөлдөх чадварын зэрэглэлийг 12 тулгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг. Үүнд,

  • Дэд бүтэц
  • Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал
  • Зах зээлийн хэмжээ
  • Инноваци
  • Макро эдийн засгийн тогтвортой байдал
  • Бизнесийн боловсронгуй байдал
  • Институциудын чанар
  • Технологийн бэлэн байдал
  • Бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал
  • Дээд боловсрол, мэргэжлийн сургалт
  • Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал
  • Эрүүл мэнд, суурь боловсрол гэх 12 үзүүлэлт багтаж байна.

Монгол Улс 2015 онд нийт таван үзүүлэлт дээр бага зэргийн ахиц гаргажээ. Тодруулбал, тТехнологийн бэлэн байдлын үзүүлэлт 0.5 оноогоор нэмэгдсэн байна. Энэ нь хүн амын интернэт болон гар утас, цахим хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Цаашлаад зах зээлийн хэмжээ, институциудын чанар, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн сургалт гэсэн үзүүлэлтэд 01-0.3 онооны ахиц мэдрэгджээ.

Харин макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, эрүүл мэнд, бага боловсролын үзүүлэлт нэлээн буурчээ. Ялангуяа макро эдийн засгийн тогтвортой байдал 0.6 оноогоор буурсан нь санаа зовоохуйц өндөр түвшинд тооцогдох үзүүлэлт юм. Гол нь үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 11 хувьд хүрсэн, үндэсний хуримтлалын хэмжээ 23 хувиар буурсан, Засгийн газрын өрийн хэмжээ 75.5 хувьд хүрсэн, инфляци өссөн, улсын зээлийн үнэлгээ буурсан нь их жин дарсан гэдгийг албаныхан тайлбарлалаа.

Макро эдийн засгийн зэрэглэлээрээ Монгол Улс Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад доогуур түвшинд байгааг тайлан танилцуулгын үеэр хэллээ.

Эдгээр тааруу мэдээний хажуугаар онцлох ганц нэг үр дүн гарсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, Монгол Улс цалин хөлс тогтооход уян хатан ханддаг үзүүлэлтээр 140 орноос есдүгээр байрт жагссан байна. Мөн хөрөнгө оруулагчаа хамгаалах хамгаалалтын тал дээр 14 дүгээрт, Татварын нийт хувь хэмжээгээр 22 дугаарт, Бизнес эрхэлж эхлэхэд шаардагдах журмын тоогоор 38 дугаарт, Цалин хөлс, бүтээмжээр 39 дүгээрт, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх үндэсний хуримтлалын хувь хэмжээгээр 44 дүгээрт тус тус бичигджээ. Албаныхны тайлбарлаж буйгаар 140 орноос эхний 50 дотор багтана гэдэг сайны дохио гэв.

Ингээд нийт үзүүлэлтүүдээс харахад Монгол Улс өрсөлдөх чадварын хувьд тун тааруу хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд дорвитой зохион байгуулалт үгүйлэгдэж байгааг дээрх тайлан илтгэж байгаа аж.

Байдлыг дээрдүүлэхийн тулд нэн тэргүүнд төрийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, санхүүгийн ашиглалт хуваарилалт, засаглалын асуудлаа сайжруулах хэрэгтэй гэдгийг тайлан гаргагчдын зүгээс онцоллоо.


МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНОО, ЗЭРЭГЛЭЛ

(2005-2015 он)

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан.


БИЗНЕС ЭРХЛЭХЭД СААД БОЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС 

(2015 он)

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж