“Maggiana” зоогийн газрын баруун талд “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлсэн байна.
Орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг 2003 онд хориглож, сүүлд гарсан хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журмаар Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ-ын тогтоол гарсан. Тодруулбал, 16 метрийн доторх эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө, мөн аж ахуйн нэгж довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих хангалттай зай талбайтай байх шаардлагыг хангасан байх ёстой гэж нарийвчлан тусгажээ.
Гэтэл нийтээр дагаж мөрдөх ийм хууль, дүрэм байсаар атал хуулийг гууль болгодог этгээдүүд байна. Өмнө нь манай сонин Гадаад хэргийн яамны баруун талд “Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрыг орон сууцны нэгдүгээрт давхарт өргөтгөл барихаар тууз татсан байсныг сурвалжилж байсан. Тухайн үед тус зоогийн газрын эзэд өргөтгөл биш хэмээж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Ц.Хорлоо хэлэхдээ “Гранд оффис” төвийн ойр орчимд өргөтгөл барих зөвшөөрөл авсан байгууллага байхгүй. Бид хаана ямар өргөтгөл барих гэж байгааг иргэдийн мэдээллийн дагуу шалгадаг. Эзэмшил газар нь хангалттай зай талбайтай бол болно. Гэхдээ хотын төвд зай талбай муутай газар өргөтгөл барих зөвшөөрөл өгөхгүй. Манай байгууллагын мэргэжилтнүүд очиж шалгаад шаардах бичиг өгнө.Тэгээд Нийслэлийн мэргэжлийн хяналт руу албан бичиг явуулна” гэсэн хариултыг өгч байв. Харин одоо зөвшөөрөл өгөөгүй, шалгаж зогсооно гээд байсан газар барилга баригдсан эсэхийг та эхний зурагнаас харж болно.
“Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын довжоо явган хүний зам хүртэл журамд заасанчлан таван метр хүрэхгүй зайтай. Гэтэл ингэж өргөтгөжээ.
Гэтэл саяхан “Гранд оффис” төвд үйл ажиллагаа явуулдаг “Maggiana” зоогийн газрын баруун талд “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ. Өргөтгөл барьж байгаа компанийн захирал н.Ганзориг “Нэг давхрыг тохижуулаад ажил хийж байгаа. Наадах чинь үйлчилгээний зориулалттай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрх байдаг юм байгаа биз дээ” гэж байна. Ингэж орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихад ямар арга хэмжээ авдгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад “…Бид очиж уулзсан. Хаалт хийсэн газар ногоон байгууламж барих гэж байгаа гэсэн” гэв. Хууль дүрмэндээ аж ахуйн нэгж довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих хангалттай зай талбайтай байх шаардлагатай гэж заасан. Өөрөөр хэлбэл ийм зайтай байж ногоон байгууламж, эсвэл өөр төрлөөр өргөтгөж болно гэсэн үг. Гэтэл довжоо явган хүний зам хооронд хүн зөрөх зайгүй байгууллагад өргөтгөл хийх зөвшөөрөл өгчээ. Довжоо нь замдаа тулчихсан байхад ногоон байгууламж барих болов уу даа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрынхан асуудлыг судалж, хэн нэгний уран үгэнд хууртахгүй бодит байдалд анхаарвал сайн сан. Хот төлөвлөлтийг иймэрхүү байдлаар бусниулж байгаад анхаарах цаг нэгэнт болсон. Тэр тусмаа хотын төвийн нийслэлийн нүүр царай болсон гудамж, талбайд улам бүр анхаармаар.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин