Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд өнөөдөр өглөөнөөс түр зогсолт хийсэн тул нийслэлийн тээврийн үйлчилгээ доголдоод байна.
Яг одоо энэ асуудлаар нийслэлийн Тээврийн газрын болон автобус компанийн удирдлагууд нийслэлийн Тээврийн газрын байранд хуралдаж байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, дээрх төлөөллүүд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт хуралдаж, хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалан даваа гаригаас эхлэн автобусаа үйлчилгээнд гаргах боломжгүй болсон талаар ярилцаж, Тээврийн газрын зүгээс "Санхүүгийн асуудлыг цэгцэлье. Автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай" гэсэн санал тавьжээ.
"Харилцан тохиролцсоны дагуу санхүүгийн нөхцөл байдал шийдэгдээгүй, автобус компаниуд шатахууны ч мөнгөгүй болсон тул арга буюу өнөөдрөөс түр зогсолт хийхээс өөр сонголт байсангүй" гэсэн тайлбарыг автобусны үйлчилгээ эрхлэгчид өгч байна. Тодруулбал, түр зогсолт хийсэн шалтгааныг наймдугаар сарын 15-наас хойш үйлчилгээний орлогоо аваагүй, шатахуун, цалингийн мөнгөгүй болсонтой холбоотой хэмээн тэд тайлбарлалаа.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигчдын тасалбарын хөлс буюу карт уншуулсан мөнгөн орлого "Улаанбаатар смарт карт" компаниар дамжин, автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд очдог болсон. Гэтэл энэ үйл явцад хяналтын болон хуваарилалтын алдаа гарснаас үүдэн хувийн компаниуд сар гаруйн хугацаанд орлогоо авч чадалгүй, саатсан тул ийн үйлчилгээгээ зогсооход хүрсэн бололтой.
"Тэнүүн-Огоо" компанийн хувьд гэхэд нийслэлийн хэмжээнд 13 чиглэлд 160 орчим автобусаар үйлчилдэг бөгөөд долдугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбум гаруй төгрөгийн орлого оруулжээ. Тус компани "Улаанбаатар смарт карт" компаниас орлогынхоо 770 гаруй саяыг нь авсан, тодорхой бус шалтгааны улмаас үлдсэнийг нь авч чадаагүй хэмээж байна. Уг нь бол гэрээний дагуу "Улаанбаатар смарт карт" компани автобус компаниудын орлогоос 10 хувийг нь картын үйлчилгээний хөлс болгож, авахаар тусгасан байдаг ажээ.
Энэ мэт шалтгаан, нөхцлийн улмаас нийт 21 аж ахуйн нэгж өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоосон тул нийслэлийн хэмжээнд 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос яг одоогийн байдлаар 430 нь үйлчилгээнд гарсан байгаа аж.
Д.УЛАМБАЯР