Тэр энэ дэлхий дээр амьдардаг бас амьдардаггүй. Магадгүй тэр миний, чиний, бидний огт мэдэхгүй ертөнцөөс ирсэн. Магадгүй одоо ч тэндээ амьдардаг. Тэгээд бидний хамгийн сайн мэддэг, огт анзаарагдалгүйгээр яг хажууханд хэвтэх ганц ширхэг өвсөөр “залуур” хийн хэний ч мэдэхгүй, бүр төсөөлж ч байгаагүй тэр ертөнц рүү бүгдийг хөтөлж аваачна. Энэ мэдрэмжийг нь хүмүүс яруу найраг гэж нэрлэдэг бололтой. Түүний шүлгүүдэд хэнд ч анзаарагдамгүй гуниг хийгээд хэн бүхний нүдэнд ил, бүүр сэтгэлд ойр баяр баясал бий. Хамгийн олзуурхууштай нь гандсан дэлбээн дээр ганц дусал бороо шиврэхэд амь орох мэт гэгээн мэдрэмжүүд бий. Хар юм бүхний цаана нуугдсан бяцхан цагаан толбыг хүмүүст мэдрүүлэхийн тулд бүтээгч түүнийг энэ ертөнц рүү яруу найрагч болгон илгээсэн биз ээ.
Басхүү өөрийнх нь хэлснээр тэрбээр энэ ертөнцөд бус өөрийгөө тойруулан сүндэрлүүлсэн нууцлаг цайзад амьдардаг. Түүний дүрсэлснээр “Араатан ба үзэсгэлэнт охин” хүүхэлдэйн кинон дээр гардагтай тун төстэй тийм нэгэн цайз. Тавилга бүр нь амьтай, бүгд урнаар сэтгэж, эзэнтэйгээ санал бодлоо солилцдог. Магадгүй эзэнтэйгээ адилхан хэн бүхнээс тэрс үзэлтэй. Гэвч тэдний бүгдийнх нь сэтгэл дотор үзэсгэлэнт сарнай дэлбээгээ дэлгэн гялтагнаж байдаг. Магадгүй тэр гэрлээ хүмүүст үзүүлэхийн тулд энэ ертөнцөд жүжигчний дүрээр ирсэн байх.
Чухам хэний тухай ярих гээд ийм урт оршил биччихэв гэж битгий цухалдаарай. Та түүнийг яруу найрагч бас жүжигчин гэдэг мэдээллийг энэхүү оршилоос авсан биз ээ. Тэгвэл танд нууц хөзрөө дэлгэе. Нийтлэлийн маань баатар бол Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин Ганбатын Мишээл. Өнгөрсөн сард номын ертөнцөд мэндэлсэн “Би гэдэг ард түмэн” шүлгийн түүврийн эзэн.
Урлаг сонирхогчдын хувьд бол Монголын моно жүжгийн анхдугаар фестивалийн дэд байрын шагналт “Чаплинд нулимс бий юу?” жүжгийн зохиолч бөгөөд жүжигчин. Тэрбээр энэхүү жүжгээрээ Олон улсын моно жүжгийн фестивальд эх орноо төлөөлөн оролцож, өнгөрсөн даваа гарагт Хүүхэлдэйн театрын тайзан дээрээс нийслэлийн үзэгчидтэй мэндчилсэн юм. Өнгөрсөн өвөл Эрдэнэт хотдоо энэхүү жүжгээ анхлан тавьснаас нь хойш зарим хүмүүс түүнийг Монголоос төрсөн цорын ганц Чаплин хэмээн цоллох болсон.
Хүмүүст цаг үргэлж инээд бэлэглэдэг жижигхэн биетэй, гунигтай нүдтэй азгүй эрийг дэлхий даяараа таньдаг болоод уджээ. Гэвч хэдэн хүн түүний сэтгэл рүү үнэнээр өнгийсөн бол? Тэр их инээдний цаана чухам юу нууж явсан бол? гэдгийг Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу?” жүжгээрээ харуулахыг хүсчээ.
Моно жүжгийн олон улсын фестивалийн үеэр үзэгчид хийгээд мэргэжилтнүүд түүнийг Чаплинтай даанч адилхан хэмээн шивнэлдэж байна билээ. Гадаад төрхөөрөө адилхан харагдсан байж болох л доо. Тогтож харвал Чаплины нүдэнд гуниг үүрлэсэн мэт харагддаг бол Г.Мишээлийн нүдэн дотор гал асч байдаг. Магадгүй, Чаплин гуниг гутралаа бүрх малгай, хачин сахлынхаа ард, чин үнэндээ өөрийг нь хараад шоолон инээх хүмүүсийн баяр хөөрийн цаана нууж чаддаг байжээ. Харин Г.Мишээл… Тэр өөрийг нь таниагүй нэгний хувьд ямар ч сэтгэл хөдлөлгүй, хэтэрхий гэмээр хэнэггүй нэгэн мэт харагддагаараа Чаплинтай төстэй санагдсан байж болох. Гэвч зөвхөн харагдах. Хүн бүрийн тэнгэрт хөөрчих шахам баярладаг зүйлс түүнд огт сонирхолгүй. Тэрбээр энэ үед гутал руугаа хараад энэ гутал дээр тогтсон үрчлээс хүний сэтгэлд ч бас наалддаг болов уу гэж эмзэглэнэ. Хүн бүрийн гашуудан харуусах гуниг гутрал ч түүний хувьд огт утгагүй. Энэ үед тэрбээр цонхоор ширтээд, тэртээх модонд муур хэдэн удаа зулзагалсан тухай бодож өөрийгөө баясгана.
Гэтэл хүн хүнээс тэрс энэ нөхрийг эмзэглүүлдэг зүйл нь юу гээч. “Хэн нэгний амин хувиа хичээсэн байдал, өндөр албан тушаалаас болж, ажилчин анги ам руугаа алгадуулах”. Хэтэрхий энгийн байна уу? Энэ хариулт танд хуурмаг санагдаж болохыг ч үгүйсгэхгүй. Эс бөгөөс хэтэрхий үнэн ч юм уу.
Түүний нууцлаг ертөнцийн талаарх эхний асуултын минь хариулт дахиад л асуултаар дуусчихлаа. Учир нь, нэг асуултандаа хариулт авмагц дараагийн асуултандаа хариулт авахсан гэх хүсэл өөрийн эрхгүй оволзсоных болов уу. Дараагийн асуулт минь Г.Мишээл хэмээх залуугийн хамгийн том мөрөөдлийн тухай болохоор ч хариултаа авахаар ийнхүү яаран тэмүүлсэн байж ч болох юм. Гэтэл дахиад л хэзээ ч төсөөлөөгүй хариулт.
“Хөхөө өвлийн хүйтэнд хөгшин настай аавыгаа нэг их том сав бариулаад, усанд оочерлуулмааргүй байна. Ээж минь өглөө эрт босоход цайны сүүгүй байхыг хүсэхгүй байна” гэнэ. Хүн бүр хүсдэг ч, тэр болгон биелүүлж чаддаггүй, хамгийн энгийн мөрөөдөл. Энэхүү энгийн мөрөөдөл нь түүнийг хэн нэгнийг дуурайж, мөн чанараа баллуурддаггүй, өрөөлд таалагдах гэж өөрийгөө үгүйсгэдэггүй нэгэн гэдгийн илчлэл гэлтэй.
Гэвч тэр бол театрын урлагт хайртай хүмүүсийн хувьд Монголын тайзан дээр мэндэлсэн анхны Чаплин. Эрдэнэтийн театраас төрсөн анхны, харин Монголын театрын тайзнаа амилсан хоёр дахь Ромео. Магадгүй түүнд дуугүй киноны мастер Чарли Чаплиных шиг хэнд ч анзаарагдамгүйгээр тоосонд дарагдсан гуниг бий. Мөн хайр дурлалдаа хязгааргүй үнэнч Ромеогийн гэрэл цацруулсан баяр баясгалан ч бий. Ойрадын их хаан Галдан бошигтыг тайзан дээр амилуулсныхаа адилаар амьдрал дээр ч үзэл бодлынхоо төлөө мятрашгүй тэмцэх зориг бий. Тэр бүгд нь өрөөлийнхөөс өөр өнгөний ялгаралтай.
Тэгвэл “Чаплинд нулимс бий юу?” гэж хэн бүхнээс анхлан асуусан энэ залуугийн нулимс ямар өнгөтэй бол? Тэрбээр уйлах зүйлд уйлдаггүйгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч хамгийн эмзэг мэдрэмжүүд, хамгийн сайхан мөрөөдөл, хэн нэгний гуниг шаналангийн тухай ярихдаа түүний хоолой зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэдэг юм билээ. Тэгэхээр Г.Мишээлийн нулимс мэдрэмжийн тусгалтай байх нь. Өөрөөр хэлбэл, мэдрэмжийг нь толинд тусган харж чадсан нэгэн л түүний нулимсны өнгийг харж чадах.
Түүний шүлгүүдийг уншихад, тэр огтоос танихгүй ертөнцийн нэгэн мэт санагддаг. Харин тайзан дээр жүжиглэж буйг нь үзвэл энэ л ертөнцөд мэндэлж, энэ л ертөнцөд соёолон дэлгэрч буйг нь мэдэрнэ. Хэсэгхэн зуур чимээгүй суугаад, тэвчээртэй хүлээвэл тэр ярьж эхэлнэ. Учир нь, тэр өөрийг нь сонсохгүй хүмүүстэй ярилцдаггүй юм шиг байна лээ. Харин яриаг нь сонсмогц түүнээс бүр эртний танилын нэг л дотно үнэр сэнгэнэнэ. Тэрхэн эгшинд Танихгүй ертөнцийн танил минь байжээ гэж уулга алдах. Гэвч энэ бол миний л мэдрэмж. Магадгүй, хэн нэгэн чинь түүнийг өөрийнхөөрөө таньж, өөрөөрөө мэдрэхийг хүсч л байгаа байлгүй. Тэгвэл ирэх амралтын өдрүүдээр “Black box” театрыг зориорой. Танихгүй ертөнцийн танил маань энэ өдрүүдэд “Чаплинд нулимс бий эсэхийг” өөрийнхөөрөө илрүүлнэ. Харин та XX зууны домогт од Чаплин хийгээд XXI зууны монгол жүжигчин хоёрын нулимсны өнгийг сэтгэлийнхээ толинд тусгаарай.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"