Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Өмнө нь жирийн иргэн Цогоо болон бидэнд төрийн түрийвчийг “сөхөж” үзэх эрх байхгүй байв. Тэр тусмаа дарга нар төрийн мөнгийг цөөхүүлээ хувааж идээд, авгай хүүхдээ эрхлүүлж, хэдэн сая, хэдэн тэрбумыг хэрхэн, яаж үрж тансаглаад явдаг тухай зөвхөн хардлага л байсан болохоос, энэ бүх  идэж, уусан баримтыг нь илчилдэг хууль битгий хэл хаалгаа тасхийтэл хаасан төрийн салхивчаар нь харах ч аргагүй байсан юм.

Өнөөдөр бүх юм өөрчлөгдөж байна. Төрийн данс шилэн болохын хэрээр  иргэн Цогоо болон бид Иргэдийн төлөөлөгчдийн авдаг урамшуулал, цаашлаад С.Эрдэнэ сайдын Г.Баасан авгайн холбоонд өгдөг мөнгөний тоог нь ядаж л хуулийн дагуу мэдэх эрхтэй болсон. Хэн, хаана, хэзээ юунд  төсвийн хөрөнгийг зарцуулсан нь ил тод болоод ирэхээр  иргэдийн зүгээс төрийн мөнгөнд тавих хяналт улам сайжирна. Дарга нарын болгоомжлол нэмэгдэнэ. Авгай хүүхэд, амраг саднаа аваад төрийн мөнгөөр гадаадад “салхилдаг” байсан сайдууд Шилэн дансны тухай хуулиас айхгүй юм аа гэхэд аягүйцдэг болсон. Бас худлаа, үнэн ч гэсэн  хуулийн дагуу хугацаандаа тайлан мэдээгээ гаргадаг болсон.

Энэ бол “Шилэн данс”-ны шид.  Илүү тодорхойгоор хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны тухай хуулийн үр дүн гэж дүгнэж болно. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн хүрээнд  төсвийг захиран зарцуулагчид болон  яам, тамгын газар, агентлаг, улсын өмчит үйлдвэрүүд дансаа шилэн болгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл,  Эрчим хүчний сайд Д.Зоригт нь  их хэмжээний мөнгийг жуулчлалын компанид шилжүүлсэн, 165,4 сая төгрөгөөр гадаад зөвлөхийн үйлчилгээ авсан, Үндэсний аудитын газрынхан 180 сая төгрөгийн орон сууцны дэмжлэгийг өөрсдийн ажилчдадаа өгсөн гээд шуугиад байгаа маань ч, өөр бусад байгууллагынхны гадаад, дотоодод явсан зардал, зарцуулсан мөнгөний хэмжээг нь  хардаг, хяналт тавьдаг болсон нь Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлээд байгаа “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих концепцийн нэг хэсэг. Цаашлаад ирэх оны долдугаар сарын 1-нээс “Шилэн данс”-ны тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж, хяналтын тогтолцоо сайжрахын хэрээр төрийн албан хаагчид, төсөв захиран зарцуулагчдад хариуцлага тооцдог болох юм.

 Урьд нь төсвийн мөнгийг өөрийнх мэт үрж, зарсан дарга нар иргэн Цогоо болон бусдаас айдаггүй байв. Төсвийн орлого, зарлага, төрийн албан хаагчдын урамшуулал, шагнал, гадаад дотоодын томилолтын зардал бүхэлдээ "нууц" байсан цаг  шүү дээ. Одоо тэд  аягүйцдэг болсон. Дараа нь биднээс айдаг болно.

Төрийн мөнгөнд хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр төсвийн үрэлгэн байдалтай тэмцэж болж байна. Цаашлаад энэхүү Шилэн дансны хуулийн араас Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчилбэл “ухаалаг” төртэй болоход улам ойртоно.

Төсвийн үрэлгэн байдал, түүнд тавих “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ын намрын чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй"-г  онцлоод  сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж буйг шүүмжилсэн юм. Түүний хэлснээр "Энэ бол байж болшгүй зүйл". Тиймээс "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих  хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллах”-ыг тэрбээр Засгийн газарт үүрэгдсэн.

УИХ-ын даргын үүрэг болгосны дагуу Засгийн газар Шилэн дансны тухай хуульд хяналт тавьж, хуульд заасан хугацаанд дансаа ил болгоогүй, шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой албан байгууллага, албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болмоор байна. Ямар сонирхлоор дансаа шилэн болгохгүй байгаагийн цаана бас ямар нэгэн “но” байж л таараа. Тэр тусмаа төсвийн мөнгийг захиран зарцуулагчид хуульд захирагдахгүй байна гэдэг асуудалтай.

Манай “News.mn” сайт Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлах үеэс эхлэн төрийн дансыг шилэн болгох ёстой гэсэн байр суурийг баримталж, “Ухаалаг төр рүү” шилжих концепцийг дэмжсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөнд хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр төсвийн үрэлгэн байдалтай тэмцэж болж байна. Цаашлаад энэхүү Шилэн дансны хуулийн араас Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчилбэл “ухаалаг” төртэй болоход улам ойртоно.

Улс, орон нутгийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын багц, салбарын төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн батлагдсан төсөв болон тодотгосон төсвийг эрх бүхий этгээдээс баталснаас хойш ажлын арав хоногийн дотор мэдээлэх бол худалдан авах ажиллагааны зар, шалгаруулалт, үр дүнг шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор “шилэн” болгох ёстой. Гэвч, хууль хэрэгжээд арван сар өнгөрч байхад Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага цөөнгүй байна. Төрийн дансыг тунгалагшуулах нь хэн нэгэн сайд, дарга нарын мууг үзэх гээд  байгаа юм ердөө биш, төсвийн хөрөнгийг хяналттай зөв зарцуулах л гэсэн бодлого. Өөрөөр хэлбэл, төрийн түрийвч “шилэн” байх тусмаа төсвийн мөнгө эмнэлэг, цэцэрлэг, сургууль, зам, хөгжил болж иргэд бидэнд ирэх учраас тэр шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж