Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “GRAND AWARDS” ёслол хүндэтгэлийн ажиллагаа маргааш 18.30 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг нэр хүндтэй тус арга хэмжээний 2015 оны хамгийн шилдэг “Гранд мэн”, “Гранд лэди”, “Хүмүүнлэгийн байгууллага” номинацид улс төр, эдийн засаг, спорт, урлаг соёл, хүмүүнлэгийн салбарт хийж бүтээсэн, амжилтаараа нийгэмдээ түүчээ болж яваа нийт 40 шилдэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Шалгаруулалтыг шударга, бодитой, түүнчлэн уншигч олонтойгоо хамтран тодруулах үүднээс www.grandnews.mn сайтаар арав хоногийн турш санал асуулга явуулсан.
Уншигчдын санал асуулгын дүнг “GRAND AWARDS”-ын шүүгчдийн зөвлөл хэлэлцээд, шилдгүүдийг тодруулж, маргаашийн арга хэмжээгээр түмэн олонд зарлан өргөмжилнө.
Маргаашийн арга хэмжээг Б.Отгонбат, С.Чимгээ нар хөтлөн явуулж, ДБЭТ-ын яруу тунгалаг симфони найрал хөгжим, ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжим, Гавьяат жүжигчин Д.Мөнгөнцэцэг, хийлч Дээгий, “Нюанс”, “Домог” хамтлаг-ийн уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барих аж.
“GRAND AWARDS” ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа далайцтай хоёр дахь арга хэмжээ бөгөөд өмнө нь 10 жилийн төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах хүмүүнлэгийн аяныг амжилттай зохион байгуулсан билээ.