Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Зэсэнд найдах төсөв

-Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын төвшинд одоогоор ирэх оны төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлүүлээгүй байгаа. Хууль зааснаар УИХ ирэх оны төсвийн хуулийг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой-

Монгол Улсын Засгийн газар 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг боловсруулахдаа ирэх жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,834,478.7 сая төгрөг байхаар төсөөлжээ. Зарлагын хэмжээг энэ жилийн төсөвтэй харьцуулахад 1 их наяд төгрөгөөр бууруулсан байгаа юм. Ийм төсөөлөл гаргасан нь ирэх жил дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ төдийлөн сэргэхгүйтэй холбоотой аж.

Монгол Улсын экспортын орлогын 80 гаруй хувь уул уурхайн баялгаас бүрддэг тул дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь төсөв бүрдүүлэлтэд эерэг нөлөөтэй. Харин үнэ буурах бүрийд төсвийн орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж, алдагдлыг өөр эх үүсвэрээс нөхөх шаардлагатай болдог.

Ирэх жилийн ганц найдвар зэсийн үнэ буцаж сэргэж магадгүй байна. Шинжээчид ирэх онд зэсийн үнийг 4826-6614 ам.долларын хооронд байна гэж таамаглажээ. Тухайлбал,

АНУ-ын Барклэй компанийн шинжээчид зэсийн үнэ 2016 онд 5625 ам.доллар байхаар төсөөлсөн бол Олон улсын валютын сангийн шинжээжид 5138 ам.доллар гэж тооцсон аж. Зэсийн үнэ сэргэхэд урд хөршийн бүтээн байгуулалт нөлөөлнө. Тус улс усан цахилгаан станцын шугам сүлжээгээ өргөтгөх бодлого барьж байгаа учраас 2015 онтой харьцуулахад зэсийн эрэлтийг өсгөнө. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдсэн төсвийг боловсруулахдаа зэсийн үнэ сэргэнэ гэсэн найдлага тавьжээ. Үүнд Оюутолгойн 2 дахь шатны хөрөнгө оруулалтад ихээхэн найдлага тавьж, энэ төрлийн томоохон төслүүдээ эрчимжүүлэхэд анхаарах юм байна.

Алтны ханш ирэх онд сэргэхгүй гэсэн прогнозыг шинжээчид хийжээ. Алтны үнийн уналт 2014 оноос эхтэй аж, үүнд хэд, хэдэн шалтгаан нөлөөлжээ. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоосон нь 2014 онд алтны үнэ унахад хүргэсэн бол нөгөө талаас хөрөнгө оруулалтын сангуудын алтны худалдан авалтын дүн 2013 онд 33 хувь, 2014 онд 9.3 хувиар буурсан нь нөлөөлжээ. Дээр нь АНУ-ын эдийн засгийн сэргэлт, хүүгийн түвшний өсөлт, ам.долларын ханшийн чангаралт зэргээс шалтгаалж ирэх онд алтны эрэлт буурах төлөвтэй юм байна.

Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд өнгөрсөн жилүүдэд нүүрс тодорхой ачаа үүрч ирсэн ч ирэх онд  мөн л уналттай байх нь. БНХАУ агаарын бохирдолтойгоо тэмцэхийн тулд эрчим хүчний хэрэглээгээ нүүрсээр бус усан цахилгаан станцаар хангахад анхаарч байгаа бол АНУ байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэрээ болгох, цаашлаад экспортлох зорилго тавьсан нь дэлхийн зах зээлд нүүрсний эрэлтийг буурна гэсэн прогнозыг шинжээчид гаргажээ.

Иймээс УИХ 2016 оны төсвийн хуулийг батлахдаа түүхий нүүрсний экспортын үнийг зөв тооцох, хэдий хэмжээний экспорт хийх вэ гэдгийг мөн баримжаатай гаргах болоод байна.

Засгийн газрын зүгээс ирэх онд татварын орлого бүрдүүлэхэд УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Дээрх хуулийн хүрээнд далд эдийн засаг ил болж, өнгөрсөн хугацаанд тооцогддоггүй байсан орлого, татварууд нэгдсэн бүртгэлд орж, тэр хэрээр орлого өсөхөд нөлөөлөх бололтой.

Харин төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ний 4 хувь дотор барина. Зардлыг хумих хүрээнд яам, агентлагийн тоог бууруулах зорилт тавьсан. Одоогоор Засгийн газар 15 яамтай ирэх 2016 оны наймдугаар сараас эхэлж есөн яамтайгаар ажиллана. Аль яамыг татан буулгаж, аль яамыг нь үлдээх вэ гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд цогцоороо тусах бол агентлагийг цөөлөх бодлого 2016 оны эхнээс хэрэгжих нь. Зарим агентлагийг татан буулгаж, үүрэг чиглэл нь давхцдаг агентлагийг нэгтгэнэ. Мөн зарим агентлагийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх замаар хүнийг нь цалинжуулах бус үүрэг чиглэлийг нь цалинжуулах байдлаар төр ачаагаа хөнгөлөх аж.

Эдийн засгийн өсөлтийн тухайд ирэх онд 4.1 хувь, 2017 онд 4.6 хувь, 2018 онд 8.9 хувь байхаар төсөөлжээ. Харин Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2016 онд өнөөгийн үнэ цэнээр 15.174.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь ДНБ-ний 55 хувьтай тэнцэх аж. Энэ онд өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хувьд барина, харин ирэх онд энэ хязгаарыг бууруулах нь.

Хийх томоохон ажлуудаас дурдвал Богдхан уулын урдуур шинэ төмөр зам барих, ингэхдээ зураг төслийг нь боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын I, II үе шатанд төлөвлөгдсөн 1800 км шинэ төмөр зам барих барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, энэ ажлыг үе шаттайгаар эхлүүлэх. Чингэхдээ Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг 75 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Төв аймгийн нутаг дахь Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаарын замын зангилаа төв болох Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг ирэх онд хийхээр зурагласан байна. Мөн дэд бүтцээ сайжруулахад анхаарч, авто замуудын ажилд хөрөнгө зарах нь.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 443,557.0 сая төгрөгөөр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 450,000.0 сая төгрөгөөр тус тус төсөөлөөд байна.

Түүнчлэн Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 316,891.7 сая төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад хөтөлбөрийн зээл 101,500.0 сая төгрөг, Монгол Улсын 2016 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 1,437,000.0 сая төгрөгөөр тус тус тогтоожээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээс үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж