МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан замд нь буюу Новосибирскт буулгаж, хоёр цаг гаруй саатуулсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.
Улмаар эл хэргийн буруутанд хариуцлага тооцох талаар салбар яамнаас нь ярьж эхэлсэн. Үнэхээр нэг төлөөлөгч дур мэдэн МИАТ-ийн нислэгийг өөрчилсөн үү гэдэгт бид МИАТ-ээс тодруулга авлаа.
Өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Засаг даргын тамгын газраас 30 хүнийг ОХУ-ын Новосибирскт буулгах хүсэлтийг МИАТ-д ирүүлжээ. Учир нь өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 3-ны өдөр тус хотод Улаанбаатар хотын эдийн засаг, соёлын өдрийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээнд нийслэлээс 30 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөсөн байжээ.
Энэ дагуу МИАТ ОХУ-ын холбогдох байгууллагад хандаж бүх зөвшөөрөл, төлөвлөгөөгөө гаргаад, онгоцыг тэнд 45-60 минут л зогсоохоор болж, өнгөрсөн бямба гаригийн 09.16 цагт Улаанбаатар хотоос хөөрчээ. Ингээд ОХУ-ын Новосибирск хотод 12.29 цагт буулт хийсэн байна. Үүнээс хойш хоёр цаг гаруйн дараа Европын нислэг буюу Берлин рүү МИАТ-ийн ON135 нислэг шууд хийгджээ. Энэ нислэгт ХБНГУ-ын хоёр хот руу явах зургаан зорчигч байсан байна. Эдгээр зорчигчдод нийт 1128 еврогийн нөхөн төлбөрийг МИАТ-аас өгчээ.
Ер нь МИАТ-ийн онгоц Москва, Берлиний чиглэлд нисэхдээ замдаа Новосибирскт техникийн буулт хийх тохиолдол бий. Ингэх явцдаа тодорхой нэмэгдэл орлого ч олдог. Саяын нислэгийн тухайд байдаг л нэг бизнесийн хэлбэр гэж МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан тайлбарласан байна.
Д.УУДАМ