Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Нямдаваа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй, ажлаа хийж байна гэсэн албан ёсны мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газраас өглөө. Зам тээврийн сайдын зөвлөлийн хурал өчигдөр болоход Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн, ажлаас чөлөөлөх болно гэдэг сануулгыг өгсөн юм.
Гэхдээ тус газрын даргыг томилох болон чөлөөлөх асуудал нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг бөгөөд өчигдрийн хуралдаанаар энэ тухай ороогүй аж.
Мөн Иргэний нийсэхийн ерөнхий газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын "Транзит заал"-ыг энэ сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 13-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн хуралд оролцох зочдыг хүлээж авахтай холбоотойгоор транзит заалын бүтээн байгуулалтын зарим хэсгийн ажил удааширсан аж. Одоогоор Транзит заалны засварын ажил 80 гаруй хувьтай хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж ажлаа үргэлжлүүлж буй юм байна.
Г.ДАРЬ