АН-ын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, “УИХ-ын гишүүнээс минь хүртэл чөлөөлж өг” хэмээн “аархаж” явсан Монголын урдаа барьдаг эдийн засагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Ардчилалд шилжээд арав хүрэхгүй жилийн нүүрийг үзэж, Монголын эдийн засаг энхэл донхолтой асан үед гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлыг торох юмгүй хийж явсан тэрээр одоо ч АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тухайн үеийн банк санхүүгийн шинэтгэл, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийгдсэн гэж судлаачид дүгнэдэг юм билээ.
Бид тулга тойрсон яриа өрнүүлэлгүйгээр /чуулган байнгын хороогоор хэлэлцэж буй асуудал, намуудын төлөвшил, Сонгуулийн хууль гэх мэт/ тогтолцооны гажгийг хэрхэн засч залруулах талаар ярилцсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид ямар бодлого баримталж, хэрхэн хөгжих вэ, эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлох юм, улстөрчдийн төлөвшил, бид яагаад дэлхийн улсуудын хөгжлөөс хоцроод байна вэ гэх зэрэг асуудлаар системтэй ярилцахыг зорилоо.
Том зургаа харж, хоёр хөрштэйгөө сайн түншлэх ёстой
-Энэ удаагийн парламент отгон намрын чуулганаа нээлээ. УИХ-ын даргын чуулганыг нээж хэлсэн үгнээс харвал намууд зөвшилцөлд хүрч чадвал “эцэг” хуульд өөрчлөлт оруулах боломжтой юм байна. Одоо 25 жил боллоо. Үндсэн хуулийн тогтолцоог эргэж харах цаг ирчихсэн юм шиг ээ. Тогтолцооны гажгийг засах цаг нь болсон гэдэг мөртлөө үе үеийн парламент үүнийг хийхгүй байна л даа?
-Ер нь бол 25 жилийн өмнө бүх зүйл ойлгомжтой байсан. Юу байсан, яаж нурсан, хаашаа явсан билээ гэдгийг бүгд мэдэж байсан. Тухайн үед капитализм руу, зах зээл рүү, ардчилал руу явна гээд л явсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эргээд харахад ер нь юу болчихов гэж өөрийн эрхгүй бодогддог юм байна. Эдийн засаг, төрийн тогтолцоо, нийгэм талаас нь аваад үзсэн ч ялгаагүй, маш их өөрчлөлтүүд гарлаа. Үүнээс хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Тэр нь юу вэ гэхээр өөрчлөлтүүд маш хурдацтай явж байна. Ялангуяа 2007 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас хойш маш их өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Дээрээс нь гарцаагүй ийм л байдаг даа гэсэн гол гол үндсэн ойлголтууд уначихлаа. Миний л гадарладаг эдийн засгийн шинжлэх ухаан дотор гэхэд постулат болоод парадигм болоод явж байсан зүйлүүд үндсэндээ бүгд өөрчлөгдлөө. Энэ нь биднийг сонин байдалд оруулчихаад байна.
1990 онд бид эдийн засгийн, улс төрийн давхар өөрчлөлт хийсэн, дээрээс нь соёл иргэншлийн шинж чанартай зүйлүүд бий л дээ. Монголын түүхийг сөхөж үзвэл бид сайн муу ч бай Европын нөлөөнд үндсэндээ гарч ирж байсан. Тэр утгаараа Европ руу их ойролцоо тэр зүйлийг хүлээж авах чадвар сайн. Нөгөөтэйгүүр бид Азийн орон. Тиймээс Ази тал руугаа мөн л ойрхон. Энэ хоёр нийлэхээр нэг гибрид /эрлийз/ юм үүссэн. Д.Рамсфелдийн хэлсэн нэг алдартай үг байдаг юм. “Мэдэж байгаагаа мэдэхгүй, мэдэхгүй байгаагаа мэдэхгүй” гэж хэлсэн нь хоёр тусдаа зүйл. Өөрөөр хэлбэл, мэдэж байгаа мэдэхгүй нь “За ийм ийм зүйлийг ерөнхийдөө мэдэхгүй байна. Тиймээс үүнийг ингэж олъё эсвэл үүнийг ингээд орлуулчихъя” гээд ерөнхийдөө гадарлаад экстрополяци хийгээд явж болж байгаа юм. Харин “мэдэхгүй байгаа мэдэхгүй” нь үндсэндээ фантазлахаас өөр аргагүй байдалтай л байдаг.
-Дийлэнх нь мэдэж байгаа юм шиг хандлагатай улс төрчид байгаа. Хүн шүүмжлэх тухай яриагүй л дээ.Өнөөгийн улс төрчдийн хандлагыг нь хэлж байна?
-Өөрөөр хэлбэл, их олон зүйл давхцаад байна. Энэ давхцаад байгаа зүйл маань цоо шинэ чанарын зорилтуудыг гаргаж ирлээ. Тиймээс үүнд бид нэлээн анхааралтай хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн өмнө тулгараад байгаа энэ том зорилтуудыг биелүүлэхийн тулд хамтрах ёстой болчихоод байгаа юм. Энэ зөвхөн Монголд тохиолдоод байгаа зүйл биш юм. Хамтрахаас өөр аргагүй. Хамтрах ёстой түнш маань ердөө хоёр хөрш маань болж таарна. Дараа нь АНУ, Европ зэрэг улстай хамтраад явж болно. Бид ийш тийшээгээ явах гэж, энд тэнд харьцах гэж янз бүрийн л аргаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд оролдож үзэв. АНУ-руу их тэмүүллээ, Европ руу ч их чармайсан. Японтой нэлээн тэврэлдээд явлаа. Энэ хугацаанд орхигдуулсан зүйл нь хоёр хөрш маань байсан.
-Үүнийгээ тодруулахгүй юу?
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид хоёр хөрштэйгөө харилцаж сурсангүй. Шинэ нөхцөл байдал үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл, бид өөрчлөгдсөн, цоо шинэ улс орон болсон. Тэд ч өөрчлөгдөөд байна. Тэнд үйлчилж байгаа хүчнүүдийг бид тооцох ёстой юм. ОХУ-д ямар факторууд үйлчилж байна, өсөж, өндийж байна уу, Хятад улс маань чухам ямар шатандаа явж байна. Тэгэхээр энд их олон зүйл давхцаад байна. Товчхондоо, 1990 оны ардчилал, улс төрийн үйл явц, олон улсад болж байгаа томоохон өөрчлөлтүүд, дээрээс нь эдийн засгийн хямралууд, хоёр хөршид, бүс нутагт болж байгаа бүх зүйлийг харж, бодож байж цаашид яаж явах вэ гэдгээ тодорхойлмоор байна.
Улс орныг, ялангуяа макро ЭЗ-ийг удирдаж байсан хуучин арга барил чинь явахаа больчихлоо
-Хоёулаа тогтолцооны гажиг гэсэн сэдэв рүүгээ эргээд оръё. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш манайх 500 гаруй хууль баталсан гэж ярьж байна лээ. Гэтэл энэ олон хуулийн заалтууд Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байдаг. Зөрчилдлөө гэдгээ бүгд л тайлбарлах. Үүнийгээ нийгмийн зохицуулсан хуулийн зөрчил гэх том асуудал руу зориудаар чихээд байгаа нь хэр зэрэг зөв юм бэ?
-Богино хугацааны факторууд байж байна. Түүнийг анхааралтай авч үзэх ёстой л доо. Цаад талдаа урт хугацааны факторууд байгаа. Нэлээн объектив, түүхэн шинж чанартай. Өнөөдөр өрнөж байгаа үйл явдал чухам хаанаас эхтэй юм.Тав эсвэл 25, магадгүй 100 жилийн өмнө эхэлж явсаар өнөөдөр ийм байдлаар илрээд байгаа юм уу. Тэгэхээр том улс орнуудын жишээг бид харж үзэх ёстой юм. Хамгийн ойрын жишээ гэхэд 2007, 2009 оны хямралын тухай яръя. Эдийн засгийн тогтолцоо гэсэн загвар байсан. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ, гэхдээ эрчимтэй хөгжлийн замыг сонгож аваад экстенсив, интенсив зам дээр буюу технологид тулгуурлаад цааш явна гэсэн үг. Гэтэл тэр технологи нь үеэ өнгөрөөчихлөө. Аж үйлдвэрийн хувьсгалаар буюу 200-гаад жилийн өмнө эхэлсэн. Одоо 200 гаруй жил өнгөрөөд үндсэндээ өөрийгөө шавхаад дуусч байна. Цоо шинэ технологи, цоо шинэ эдийн засгийн загварууд гарч ирсэн. Хятадын эдийн засаг яагаад хорин хэдэн жил их хүчтэй байсан бэ гэхээр хүний тоогоор “зодоод”, өргөжилтийн хэмнэлт гээд, нэгж бүтээгдэхүүний зардал нь хямдарснаас өрсөлдөх чадварыг бий болгосон. Гэтэл өнөөдөр тэр шаардлагагүй болж эхэллээ. Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэсэн нь Хятадад үйлдвэрлэснээс бараг хямд болчих гээд байна. Нөгөө Хятадад байсан томоохон үйлдвэрүүд, компаниудыг эргээд АНУ руу зөөж байна.
Үүнийг би яах гэж яриад байна вэ гэвэл бид өнөөдөр аливаа асуудалд богино хугацааны шийдэл олчихоод түүнийгээ болчихлоо гэж бодоод байна. Гэтэл бид ерөнхий циклээ харахгүй бол болохгүй. Нэг том эдийн засгийн циклээ дуусаад дараагийнх руу ороод ирлээ. Технологийн цоо шинэ орчин үүсчихээд байна. Энэ циклд тулгуурласан, тохирсон эдийн засгийн загвар байх ёстой юм. Ийм загварыг удирдаж чадах боловсон хүчин, бодлого, үйл ажиллагаа байх ёстой. Гэхдээ энэ зөвхөн манайд бус дэлхий даяар тулгараад байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл, энэ улс орныг, ялангуяа макро эдийн засгийг удирдаж байсан тэр хуучин загваруудын арга барил чинь явахаа больчихлоо. Гэтэл “За яах вэ Үндсэн хуульд тийм өөрчлөлт оруулаад тэгээд явъя” гэсэн шийдлийн хүрээнд ярих гээд байна.
-Улстөржсөн эдийн засгийн бодлого явуулснаас урт хугацааны хөгжлийн бодлогоо чөдөрлөөд байгаа юм биш үү. Хэчнээн хамтарч нийллээ ч дөрөв дөрвөн жилийн циклтэй бодлого явж байна. Та дээр хоёр хөрштэйгөө түншлэх хэрэгтэй, эдийн засаг, улс төрийнх нь бодлогыг харах ёстой гэлээ. Тухайлбал, Хятад гэхэд өөр бодлого барьж эхэллээ л дээ?
-Тийм. Гэхдээ миний хэлээд байгаа санаа бол эдийн засгийн загвар, хөгжлийн салбарууд , технологийн суурь чинь өөрчлөгдчихлөө. Ийм нөхцөлд энэ улс орны эдийн засгийг удирддаг ямар механизм, арга зам байх ёстой вэ. Өмнө нь дөрвөн жилээр явж болдог л байсан байх. Гэтэл өнөөдөр энэ дөрвөн жилийн цикл болж байгаа юм уу, үгүй юу. Магадгүй нэг, хоёр жил эсвэл нэг сар байх ёстой юу. Эсвэл 10 жилээр ажиллах бололцоог нь хангаж өгөх ёстой юм уу. Хамгийн энгийн жишээ гэхэд, өнөөдөр хамгийн их хөрөнгө оруулалт орж ирж буй салбар бол хүний эд эрхтэн байна. Эхээс төрөхөд нь эд эснээс нь авч хэрэгцээтэй бүхнийг нь ургуулж хадгалж байна. Энэ шинжлэх ухааны, үйлдвэрлэлийн, эдийн засгийн маш том чиглэл. Тэгэхээр хүн бараг “үхэхээ” больчихно байна шүү дээ. Хэрэв хүн “үхэхээ” больчихвол эрүүл мэндийн, нийгмийн даатгалын тогтолцоо чинь яах юм. Сургалтын процесс, хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг болох, улсын төсөвт нийгмийн даатгалын зардал яаж тусах юм. Бүх зүйл өөрчлөгдөж, техник технологийн шийдлүүд тэс өөр болж байна. Түүнд тохирсон эдийн засгийн тогтолцоогоо бүрдүүлж чадахгүй сууж шүү дээ.
-Тэгэхээр манай улс төрчид, шийдвэр гаргагчид энэ бүх өөрчлөлтийг мэдэж байгаа хэр нь хэрэгжүүлэх бодлогогүй байна гэсэн үг үү?
-Бид хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. 25 жилийн өмнөх тэр хэмжээндээ л сэтгээд байна. Тухайн үед сэлэм эргүүлээд орсон, одоо болтол сэлмээ эргүүлээд л явж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, манай хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн ердөө13-хан хувийг эзэлж байна. 25 жилийн өмнө улсын эдийн засгийн 1/3 байсан юм. Гэтэл уул уурхай, аж ахуй, үйлчилгээ, барилгын салбарыг хар. Энэ салбаруудын бүтэц дэлхий нийтийн технологийн хөгжлийг тодорхойлж байгаа технологийг ямар түвшинд илэрхийлж байна вэ. Улсын төсвийн мөнгө хуваарилалт 20, 30 жилийн өмнөх шигээ л байна. Сэтгэлгээний хувьд огт өөрчлөгдөөгүй, механикаар явсаар ирсэн.
Улстөрчид айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гэж “амлаж” ярьсаар л байна
-Сонгууль бүрийг хараад байхад төрийн эрхэм чанар алдагдаж байна. Хоёр хөрш шиг засаглалтай болно, эсвэл Казахстан руу хэлбийх, Хятадын шинэчлэлийг хуулбарлан дууриах хандлага бий болчихсон юм шиг ээ. Мэдээж хөрш зэргэлдээ байгаа улс орноо харалгүй яах вэ. Гэхдээ үүнд учир начир байх ёстой юм биш үү?
-Би үүнийг нэг их буруу гэж харахгүй байна. Ер нь хаана юу болж байна вэ гэдгийг харах ёстой. Биднээс илүү шийдэл олоод түүнийгээ хэрэгжүүлж байвал манайхан анзаарч байх ёстой. Өнөөдрийн хамгийн том асуудал бол удирдагч байхгүй явдал. Үндсэндээ удирдагч байхгүй улс болчихсон. Хэнийг удирдагч гэж хэлээд байгаа юм бол. Би үнэхээр нэрлэж чадахгүй байна. Удирдагч гэдэг бол өнөөдөр ямар асуудлууд байна, түүнээс яаж гарах юм, ирээдүйд ямар байх ёстойг хэлж чаддаг л байх ёстой. Үүнийгээ итгэл үнэмшилтэй хэлж чаддаг, хоёрдугаарт өөрөө итгэл даах хүн байх ёстой. Гэтэл тийм хүн манайд алга байна. Ямар гарц байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ гэдгийг хэлж чаддаг хүн алга байна шүү дээ. Би яагаад ингэж дүгнэв гэхээр бүгд дандаа хүнд таалагдах гээд байна. Өөрөөр хэлбэл, чиний сонсох гээд байгаа зүйлийг л хэлдэг. Чиний юу хүсээд байгааг ерөнхийдөө мэдрээд түүнд нь тааруулж хэлж байна. Ямар сайндаа айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гээд амладаг зүйлээ л амлаж байна шүү дээ. Дарга, цэрэг нарын хэлж байгаа үг бүгд популизм. Хэлбэр нь жаахан ондоо болчихсон, савлаа, боодол, баглаа нь бага зэрэг өөрчлөгдсөн болохоос биш бусад нь нөгөө л амладаг зүйлс. Түс тас “Үгүй ээ, наадах чинь буруу найзуудаа, болохгүй байна. Энэ чинь зүгээр л мухардал руу яваад байна, чи өөрийгөө хуураад байна, боль наадахаа” гэж хэлээд аваад явах хэрэгтэй байна. Харамсалтай нь, тийм зүйл ярих гэхээр тэр дороо “буудуулчихаад” байгаа юм.
-Хариуцлага гэж бүгд ярьдаг. Та нэг удаа хариуцлага үүрье гэдгээ хэлсэн. Үүнийг гомдлоос үүдээд хэлсэн үү, эсвэл..?
-Ерөнхийдөө болохгүй байна гэдгийг би нэлээн дээр үеэс хэлж байсан. Хариуцлагын тогтолцоо гэдэг чинь ерөнхийдөө нэг л асуудал. Монголын нийгмийг аваад үзэхэд том том фундаменталын асуудлууд байна. Нэг том асуудал нь төр өнөөдөр шударга ёсыг яаж хэрэгжүүлж байна. Эдийн засгийн тэгш бус байдал их хүчтэй болчихлоо. Үндсэндээ бид 1990 онд хувьсгалыг эхлүүлэхдээ дундаж давхаргыг бий болгоно гэж горьдож байсан. Маш хүчтэй, чинээлэг, баян тарган, дундаж давхаргатай болгоно. Тэр нь дээд доодсыг хооронд нь холбож өгдөг. “Нуур амгалан бол нугас амар” гэгчээр нийгмийн тогтвортой байдлыг хангаж өгнө гэсэн тооцоон дээр тулгуурлаж явсан. 25 жил бужигнаж явсаар өнөөх дундаж давхаргыг бид бүрдүүлж чадсангүй. Баячууд бий юу гэвэл бий, нэлээн хол тасраад алга болсон баячууд ч байгаа. Доор нь маш хүндрэлтэй, хэцүүхэн байгаа хүмүүс маш олон болчихлоо. Энэ бол манай стратегийн том алдаа.
Үүнээс гадна улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд гарч ирсэн. Энэ нь хоорондоо эвлэршгүй тэмцэл байдаг юм байна гэдгийг хүмүүс мэдлээ.
-Хийх ёстой ажлыг нь хуваарилаад өгчих хэрэгтэй. Чи ложистикийг, чи цаашаа зарахыг нь ав гэвэл хоорондоо хэрэлдэхгүй. Эцэстээ энэ бол Монголын эрх ашиг гээд заагаад өгчихвөл бүлэглэлүүд “даврахгүй” юм шиг ээ?
-Тэгэхээр ямар асуудал үүсэх ёстой вэ гэхээр, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн хооронд "энхийн гэрээ" байгуулж чадах уу гэдэг асуудал байна шүү дээ. Хэрэв энхийн гэрээ байгуулж чадахгүй бол хоорондоо үзэлцээд цааш явахгүй юм байна. Өөрсдөө ч өөрийгөө чөдөрлөж, нийгмээр ч тоглоод хаяна. Тэгэхээр ямар нэг байдлаар хоорондоо “Найзууд минь учраа ололцоно шүү. Ололцохгүй бол дэмий шүү” гэж хэлэх ёстой. Ингэхийн тулд засаглалын маш хүчтэй босоо тогтолцоотой байх ёстой. Гүйцэтгэлийн хэмжээнд ярьж байна гэсэн үг.
-Өрөөндөө авчирч загнана гэсэн үг үү?
-Тийм.
-Тэгэхээр популист гээд шуугиад “унах” байх даа?
-Өөр арга байхгүй. Зогсоож байгаад “Олон юм ярихгүй шүү. Чи үүнийг л хариуцна, чадвал хий, чадахгүй бол битгий олон юм ярь” гэж хэлээд маш хатуу чанд сахилга, дүрэм журамд оруулаад авч явах ёстой. Тэгэхгүйгээр эд нарт найдаад хоорондоо хэл амаа олоод эв зүйтэй явна гэдэг бүтэхгүй. Эд нар өөрсдөө сүйрчихээд, нийгмийг дараа нь эдийн засгаа сүйрүүлээд ойлгож магадгүй. Зарим нь ойлгох ч үгүй байх.
Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд хувь хүний зан араншин, хүсэл шунал нөлөөлөөд байна
-25 жилийн лидерүүд дунд дандаа өрмийг нь иддэг хүмүүс яваад байгаа болж таарлаа.Та үүнтэй санал нийлэх үү?
-Хар бор ажил хийдэг хүмүүс байх л ёстой. Би бол үүн дээр өөрийгөө шүүмжлээд байдаг юм. Гэхдээ миний байр суурь бол би хэзээ ч гал гарсан хойно нь очиж унтраая гэж гүйдэггүй. Манайхны нэг гайхамшигтай шинж чанар нь эхлээд өөрсдөө түймэр тавьчхаад дараа нь баатарлагаар очиж унтраадаг. Тэгээд хэвлэл мэдээллийнхээ, ард түмнийхээ баатар болж цээжээ дэлдэнэ. Уг нь түймэр гаргуулахгүй байх ёстой. Миний үүрэг бол би түймэр гаргуулахгүй байх ёстой. Түймэр гаргуулахгүй зохицуулаад явчихаар хэн ч анзаарахгүй, мэдэхгүй, тоохгүй шүү дээ. Яагаад гэхээр юу ч болоогүй юм чинь. Тиймээс хүн алга ташихгүй, чамайг хэвлэлийн баатар болгохгүй. Чиний популист гэж яриад байгаа лидер, хар бор ажил хийдэг лидерүүдийн тухай асуудал үүн дээр гарч ирж байгаа. Гэхдээ би босоо тогтолцоогоор дамжуулаад эд нарыг бага ч атугай сахилгажуулах дэг журамд орох ёстой гэж бодож байна.
-Тэгэхээр Үндсэн хуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг шугам руу чирэх гээд байна шүү дээ Та?
-Үгүй яах вэ, тэгж хэлж болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм байна, гэхдээ өнөөдөр байгаа Үндсэн хуулийн хүрээнд ч гэсэн энэ зүйлүүдийг бүрэн болгох бололцоо байгаа. Энд хувь хүний зан араншин, хүсэл шунал нөлөөлөөд байна. Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хүн ямар нэг байдлаар хулгай хийж болдог. Төрд орж ирчихээд “иддэг”, түүнийгээ нууж хааж болдог юм байна. Нөгөө талаас түүнийг нь зогсоож тэмцэх ёстой юм байна гэж үздэг нэг хэсэг байдаг гэдгийг харууллаа. Өршөөлийн хуулиар эд зүйлээ гаргаж ирж бүртгүүлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол авсан, идсэн уусан зүйлээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй болох гээд байна. Эргэлтэд орохын тулд тэд юу шаардаж байна гэхээр ямар ч гэсэн үүнийг бүртгээд өгөөч гэж байгаа юм. Хоёрдугаарт, өөрөө хүний юмыг дээрэмдэж авсан учраас эргүүлээд хэн нэгэнд дээрэмдүүлчихнэ гэх айдас байна. Тиймээс өмчийн эрхийг баталгаажуулж өгөөч гэж гуйж байна л даа. Өмчийг нь баталгаажуулж өгдөг, түүнийг барьж байдаг зүйл нь шүүх. Тэр шүүх нь мөнгөөр явдаг биш, болж өгвөл шударга шүүдэг шүүх байгаасаа гэж хүсч эхэлж байгаа. Өмч, бүртгэл тооцоо, шударга шүүх, прокурор, цагдаатай холбоотой асуудал гарч ирж байна. Энэ процессуудыг бид олж харж, шийдлүүдээ харах ёстой гэж л хэлэх гээд байгаа юм.
-Тэгвэл манай “үйлдвэрлэсэн” хуулиуд энэ тогтолцоог бүрдүүлэх механизмыг хийж чадсан уу?
-Бас ч гэж бүгдийг нь үгүйсгэж болохгүй. Бид асуудалд бодитой хандах ёстой. 25 жил шүү дээ. Нэг бодлын их урт хугацаа. Бидний хувьд их урт хугацаа ч түүхэн талаас нь авч үзвэл нүд ирмэхийн л зайтай байна. Энэ хугацаагаа томоор нь авч үзвэл Монголын төрийн шинэ тогтолцоо дөнгөж хөлд орж байгаа хүүхэд. Хөлд орж байгаа хүүхдийг Кремлийн хүндэт харуул шиг сайхан алх гэж шаардаж болохгүй л дээ. Яг өнөөдөр байгаа юмыг л шаардах ёстой.
-Гэхдээ гурван настай биш шүү дээ.
-За яг ч 3 настай бас биш л байх.
-Гайгүй амьдарч байгаа хэсгээ эсвэл баялаг бүтээгээд хуулийн дагуу ажиллаж байгааг нь харааж зүхдэг хандлага байна. Үүнийг залгуулаад үзэл суртлаар хувьсгал руу уриалдаг хандлага ч гарав. Буу шийдэм дээрээ хүртэл тулж байлаа.
-Ийм зүйл рүү явахгүй байх гэдэг бол дахиад л эзэн байх асуудал. Энэ оронд чинь хууль гэж байх ёстой. Тэр хууль нь мөрдөгддөг байх ёстой. Уг хуулийг мөрдүүлж байгаа хүн нь үлгэрлэж чадахгүй болохоор яаж цааш явах юм. Шударга ёсыг шаардаад нэмэргүй шүү дээ. Мянга яриад хэрэг байхгүй, чи өөрөө үлгэрлэж чаддаг байх ёстой. Гэтэл манайд ийм сэтгэлгээтэй хүмүүс алга. Өөрийгөө сахилгажуулж чадахгүй байгаа учраас бусдад үг хэлж, шаардлага тавьж чадахгүй.
Гүйцэтгэх засаглалын удирдлагын тогтолцоог маш хүчтэй болгох хэрэгтэй
-Давхардсан тоогоор 150 орчим улстөрч сайд хийж үзсэн байдаг юм билээ. Албан тушаал хангалттай байна. Албан тушаалтай байх хариуцлагаа ойлгодоггүй юм шиг.
-Миний хэлээд байгаа зүйлийг чи анзаарч байгаа байх. Хариуцлага юун дээр тулгуурладаг юм. Чамаас эхэлж байгаа. Тэр хүмүүсээс бид шилж сонгож чадаж байна уу гэдэг нь өнөөдөр асуудал болчихоод байна. Яагаад гэвэл бүх юм найзан дундаа. Тэр утгаараа би ойрын үед дундаж ангийг бий болгоход онцгой анхаарах ёстой. Хоёрдугаарт, энэ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг хооронд нь "энхийн гэрээ" буюу эрх ашгаа хуваарилсан гэрээг нь хийж, яс мөрдүүлэх учиртай. Гуравдугаарт, гүйцэтгэх засаглалын удирдлагын тогтолцоог маш хүчтэй болгох хэрэгтэй. Үүнийгээ мэргэжлийн боловсон хүчнээр нэлээн сайн хангаж өгөх ёстой. Тэгээд тэр хэмжээн дотор хүн удирдаад, залаад явбал гайгүй явах байх гэж бодож байна.
-Үүнийг ярилаа гээд өөрчлөгдөх юм уу. Надад итгэл төрөхгүй байна?
-Хэн нэгэн хүн яриад муу хэлүүлээд, хараалгуулаад л, цөхүүлээд л явах учиртай л даа. Түүнийг үүрэх ёстой.
-Тэгвэл танай үеийнхэн үүрч чадсан юм уу?
-Чадлынхаа хэрээр зүтгэж байна. Монгол Улсын төрийн түүхийг авч үзвэл төр хэдий чинээ харагдахгүй байна төдий чинээ маш ухаантай төрийн удирдагч байна гэсэн үг. Хэрвээ өдөр бүр олны өмнө гарч ирээд орилж чарлаад элдэв янзын юм яриад байгаа бол тэр хүн улс төрч биш. Миний мэддэг Монгол төр, уламжлалт ариун нандин шалгуураар авч үзэх юм бол. Ерөнхийдөө зөв залаад явж байгаа бол чи олны өмнө нэг их гарч олон зүйл яриад байх шаардлага гарахгүй. Бид өөрсдөө буруу зүйл хийгээд байвал өдөр тутмын шуугиан дуулиан тасрахгүй. Ард түмэнд өөрийнх нь шийдэх түмэн асуудал байж байхад дээрээс нь сэтгэл зүйн дарамтад оруулаад байна. Энэ бүгд нийлэхээрээ тодорхой хэмжээний орон зай үүсгээд нийгмийн ухамсрыг тодорхойлоод байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.
С.БАТЗАЯА
Эх сурвалж: eagle.mn
Холбоотой мэдээ