Нобелийн эзэд тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.06-нд нийтлэгдсэн

Нобелийн эзэд тодорч эхэллээ

Нобелийн шагналын долоо хоног Стокгольд эхэлсэн аравдугаар сарын 5-нд анхны нобелийн шагналтнууд тодорлоо.

Анагаах ухаан, бие судлалын 2015 оны Нобелийн шагналыг Америкийн шимэгч судлаач Уильям Кемпбелл (William C. Campbell) ба Японы микробиологч Сатоши Омура (Satoshi Ōmura) нарт гельминтийг (энгийн хэллэгт цагаан хорхой буюу глист, эртний грекийн ἕλμινς — шимэгт өт, глист. Хүн амьтан, ургамлын организмд амьдран гельминтозийг үүсгэгч. ДЭМБ-ын мэдээгээр, жилд дэлхийн хоёр хүний нэг нь гельминтийн үндсэн гурван төрлийн аль нэгийн халдвар авдаг нь энтеробиоза (1,2 тэрбум хүн), анкилостомоза (900 сая), трихоцефалеза (700 сая хүртэл) өвчний аль нэгэнд хүргэдэг байна) хөнөөдөг эм бүтээсний төлөө өгөхөөр болов.

 

Гельминт шимэгч

 

Мөн ардын эмчийн мэргэжилтэй Юю Ту (Youyou Tu)  гэдэгч хятад эмч халуун орны хумхаа өвчний эмийг эртний жороор бүтээснийхээ төлөө авч байна. Шагналын мөнгөний хоёрны нэгийг эхний хоёр  хүн авч байгаа бол ардын эмчид тал хувь нь очих юм.  Эдгээр нээлтүүд хэрхэн хийгдэв? Юугаараа чухал вэ? Эртний Хятадын шинжлэх ухааны шастир ба газрын хөрснөөс олдсон эмийг бүтээсэн гэж шагналыг өгөхдөө Нобелийн энэ салбарын хорооны гишүүд дэлхийд юу гэж хэлэхийг хүсэв?


Шинжлэх ухаан ба эм судлалын холбоо

 

Сатоши Омура

 

Нобелийн хорооны тодорхойлолтод шагналын тал хувийг “шимэгч туузан өтний өдөөдөг халдварт өвчнийг эмчлэх шинэ  эм” бүтээсэнд олгоно гэлээ.  Шимэгч өтийн 400 орчим  төрөл хүний биед амьдрдаг байна. Улиг болсон цагаан хорхойг бодвол тэдний зарим нь  шинж тэмдгээрээ өндөр аюултай өвчнийг үүсгэдэг. Цэвэр усан хангамжгүй африк хүмүүс гэхэд л онхоцеркоз  өвчинд ихээхэн нэрвэгддэг. Шимэгч филяри гэх өт хүний нүдний ухархайд нэвтрэн амьдарч эцэст нь сохор болгодог байна. “Зааны” гэх өвчин түүнээс дутуугүй хор хөнөөлтэй. Шимэгч өт үе мөчид нэвтрэн  халдварлуулж, яс ургах гипертрофикийн үйл ажиллагааг арьс, арьс дорх сэмэлдэгт хөгжүүлж эцсийн  дүнд нь өвчтний үе мөчний хэмжээ томордог байна.

 

Уильям Кемпбелл

 

Японы микробиологч Сатоши Омура нянгийн шинэ өсгөврийг (стрептомицетийг) Японы газар шорооноос хайн илүү ирээдүйтэй био идэвхит бүрдлүүдийг  цуглуулан авсан байна. Шимэгч судлаач Уильям Кемпбелл япон түншийнхээ ургуулсан нянгийн өсгөврийг  авч үзээд тэдний нэг нь (Streptomyces avermitilis) хүн, амьтны шимэгчийн эсрэг үр дүнтэйг тогтоосон байна. Энэхүү микро организмын үндсэн дээр  эрдэмтэд авермектин гэх эмийг бүтээжээ. Дараа нь 1987 онд илүү үр дүнтэй ивермектин бүтээв. Эдгээр эмийн буянаар онхоцеркоз ба зааны өвчинг мэдэгдэхүйц хэмжээгээр устгаж чаджээ.

 

Зааны гэх өвчинд нэрвэгдсэн хүний хөл. Фото: Hasan Jamali / AP

 

Одоо эмийн үйлдвэрүүд  бүтээгдэхүүнийхээ үнийг дээд зэргээр нэмсэн “гэмт хэргийн”  төлөө шүүмжлүүлж байгаа үед Кемпбеллийн ажиллаж байсан Merck компани нээлтийн дараа шууд л ивермектин эмийг африкийн өвчтнүүдэд үнэгүй тарааж ирсэн юм. Шагналтнуудыг нэрлэхдээ энэ гайхалтай эмүүдийн нээлтүүдийн чухлыг Нобелийн хороо онцлон тэмдэглэсэн юм. Эдгээр үе шатгүйгээр Кемпбеллийн тусламж байгаагүй бол мөн Merck компанийн хагас синтетик (ивимектин) бүтээх хөдөлмөргүйгээр Омурагийн газрын нянгууд африкчуудад очихгүй л байлаа.

 

Хорооны төлөөлөгч Сатоши Омуратай холбогдон баяр хүргэхэд тэрээр “Би шагналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Гэхдээ би энэ шагналыг авах ёстой байсан эсэхээ мэдэхгүй. Би микро организмуудаас их зүйлийг сурч тэдний хамааралд орсон хүн юм. Шагналаа тэдэнд өгмөөр байна” гэж хариулжээ. Сатоши Омура,  хөрсний өсгөврүүдийг ойгоос холгүй орших гольф клубын нутаг дэвсгэрээс олсон гэж ярьжээ.

 

Streptomyces avermitilis. Зургийг: Satoshi Õmura, Andy Crump / Nature Reviews Microbiology


“Нөхөр Маод баярлалаа”

Юю Ту (баруунаас), 1950 он. Фото: Xinhua / Zuma / Global Look

Хумхаа бол дэлхийд тархсан хамгийн хүнд өвчнүүдийн нэг юм. XXI зууны эхээр өвчлөлт жилдээ 350-500 сая тохиолдолтой, 1,5-3 сая хүртэл хүний амь насыг авч оддог байлаа.

 

Хумхааг  плазмодии (Plasmodium төрлийн шимэгч протистууд) нян үүсгэдэг. Хумхааг хүний цус сорогч Anopheles төрлийн шумуул тараадаг.

 

Европчууд  XVII зуунаас эхлээд хумхааг хинийн модны холтсоор хийсэн хининээр эмчилж  эхэлжээ. Энэ жорыг инкуудын үр удмын кечуа омгийн индианчуудаас европчууд мэдэж авсан ба харин иезуитууд холтсыг  Хөгшин тивдээ илгээжээ. Харин  ХХ зуунд  хлорохин гэх синтетик эм алдартай болсон байна. Түүнийг байнга хэрэглэж байснаас үүдэн хумхааг өдөөгч Plasmodium falciparum  шимэгч түүнд дасан өөрчлөгджээ.

 

Хятадын өмнөд мужуудад хумхаагаар хэдэн арван сая хүн өвчилдөг байна. Вьетнамын дайны үеэр  хумхаагаар өнгөрсөн вьетнамчуудын тоо дайнд үрэгдэгсдээс хамаагүй их байдаг ажээ. Фронтын зарим хэсэгт  армийн анги нэгтгэлийн гуравны хоёр нь энэ өвчнөөр өнгөрч байв. Хо Ши Миний хүсэлтийн дагуу Хятад ард улсын ерөнхий сайд Жоу Эньлай  хумхаа өвчний эсрэг эм шуурхайлан бүтээх эрдэмтдийн хэсгийг байгуулах нь чухал гэж Мао Зедуныг ятгаж чадсан байна.

 

“Соёлын хувьсгалын” үеэр эрдэмтэн мэргэдийг хэлмэгдүүлж байсан цагт 1967 оны тавдугаар сарын 23-нд гарааг нь эхлүүлсэн сар өдрөөр овоглосон  “523” төслийн ажилд 500 судлаачдыг  татан оролцуулжээ. Тэднийг хоёр хуваан нэг нь  синтетик эм бүтээх, нөгөө нь хятад уламжлалт эмнэлгийг дагнан ажиллах үүрэг өгчээ.

 

2015 оны Нобелийн шагналтнуудын нээлтийн буянаар ялсан өвчнүүд. Зургийг: @NobelPrize

 

Ардын эмнэлгээр багийнхан илүү үр дүнд хүрэв. Бээжингийн Их сургуулийн судалгааны нэгэн хэсгийн удирдагчаар 1969 онд Юю Ту болжээ. Энэ эмэгтэй 1930 онд Жэзян мужийн Нинбо  хотод төрсөн байна. Тэрээр 1951 онд Бээжингийн их сургуулийн анагаахын факультетад элсэн суралцаж, эм зүйн мэргэжлээр төгссөн ба 1955 оноос Хятадын Ардын эмнэлгийн хүрээлэнд ажиллажээ.

 

Юю Ту

 

“523 төслийн” хүрээнд Юю Ту бараг бүх Хятадаар явж  эм найруулагч, оточ нартай уулзан, тэднээс асууж тэмдэглэн, бараг 2000 орчим ардын эмнэлгийн жорыг цуглуулан өвс ургамлын 380 ханд бэлтгэн лабораторийн хулгана дээр туршсан байна.

 

Нэг наст морин шарилжийн Artemisia annua ханд сайн үр дүнг харуулжээ. Гэхдээ амьтан бүрд тус болсонгүй. Юю Ту  эртний шинжлэх  ухааны судалгааны шастирыг судлан шарилжийн тухай “52 жор” гэсэн судалгааны шастираас өндөр ач холбогдолтой мэдээлэл олжээ.

 

Тэр судрыг Хань улсын үед бүтээсэн ба мавандуйн булшнаас хожим олсон байна.  Ургамлыг буцалгах үед өндөр темпратур нь бодисны үйлчилгээг үгүй хийдэг тухай уг жоронд бичсэн байжээ. Кинхао гэж дурьдахдаа, түүний хумхаагийн эсрэг үйлчилгээг  заасан байна. Гэ Хуны (IV зуун) "Жоуху Бэйзи Фан» (Яаралтай тусламж үзүүлэх жорын ном) гэх сонгомол шастирт "Кинхао, нэг багцыг авч, хоёр шен (0,4 литр)  усанд дүрэн базаад бүх шүүсийг уух» гэж бичсэн байв. Юю Ту тэр жорыг үндэс болгон авахдаа  эрүүл мэндэд хортой бодисыг нь  ханднаас салган гаргаж, мөн хамгийн идэвхтэй хэсэг нь навчинд байгааг тогтоожээ. Энэ ханд туршилтын хулгана, бичний цусан дахь плазмодийг бүрэн устгажээ.

 

Гэ Хуны шинжилгээний шастир, Мин улсын үеийн хэвлэл (1574)

Зургийг: Youyou Ту

 

Юю Ту болон түүний багийнхан хандыг Хайнань мужийн  21 өвчтөн дээр 1972 онд туршихад Plasmodium falciparum, Plasmodium vivax шимэгчдийг бүрэн устгажээ. Химийн цэвэр бодис гаргаж, түүнийгээ кинхаосу гэж нэрлэсэн байна.  Түүний мөн чанар нь бусад хумхаагийн эсрэг эмнээс ялгаатай ер бусын бүтэцтэй. Тэр нь пероксидийн  групптэй сесквитерпеновын лактон ажээ.

 

Баруунд артемизинин гэж нэрлэсэн шинэ бодисны эмнэлгийн туршилт нь элдэв сөрөг үр дагаваргүй амжилттай болсныг 1979 онд  Европт мэдээлэв. (Юю Ту зохиогчгүй өгүүллийн нэг бичигч байжээ). Хонконгийн эмийн компанийн ажилтан Кит Арнольдын буянаар эмийн тухай нэгэн нэр хүндтэй барууны сэтгүүлд 1980 онд бичигдсэн байна. Одоо плазмодийд дасан зохицох боломж өгөхгүйн тулд артемизининийг хам эмчилгээнд хумхаагийн бараг бүх нутаг дэвсгэрт тэр өвчний эсрэг хэрэглэдэг. Энэ эм хумхаагийн нас баралтыг дэлхий даяар 20 хувиар, Африкт 30 хувиар буулгаж чадсан гэдэг.

 

Артемисинины молкулын бүтэц ба  гурван хэмжилт модель. Зургийг: Youyou Ту

 

Юю Ту 2011 онд Ласкерийн шагнал авах хүртэл түүний нэрийг бараг мартах шахсан байв. 2000-аад онуудад Бээжин дэх түүний хуучин байранд  ургамлын дээж хадгалдаг хөргөгч, утас хоёр л байжээ. Юю Ту нь гурван “байхгүйтэй” профессор гэгддэг. Түүнд эрдмийн зэрэг цол байхгүй, гадаадад суралцаж ажилласан туршлага байхгүй, Хятадын үндэсний академиудын гишүүнчлэл байхгүй.

 

Нобелийн хорооны энэ жилийн сонголтод хэд хэдэн сонирхолтой агшнууд байна. Онолыг шагнахыг эрхэмлэсэнгүй . Хүнийг аварсан нээлтүүдэд шагнал очиж байна. Түүгээр ч барахгүй  антибиотикуудын үр дүн суларч байгаа нөхцөлд шинэ  бодис, үнэн чанарыг огт өөр газраас  хайх Омурагийн чиглэл орчин үеийн эм зүйн ч гол замуудын нэг болж байгаа юм.

 

Жишээлбэл 2015 оны нэгдүгээр сард хэсэг  эрдэмтэд  лабораторийн нөхцөлд амархан ургуулж болох газар доорх микрофлороос антибиотикийн шинэ эх сурвалжийг оллоо. Тэр технологи нь  газрын хөрсний нянгийн 10 мянга орчим өсгөврийг сканердах боломжийг өгчээ. Тэднээс одоо пеницелиний үйлчилгээг тоохоо больсон алтлаг стафилококк гэх микробын эсрэг  амжилттай хэрэглэжээ.

 

Юю Ту нь Хятадаас Нобелийн шагнал авсан  анхны эмэгтэй мөн  Хятадын анхны бага ястан эмэгтэй. Шагналыг эртний хятадын жорын үндсээр бүтээсэн нээлтэд олгож байна. Уламжлалт хятад эмнэлгийг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж шүүмжлээд байдагт бас нэг ёсны цохилт боллоо. Шинэ эмийн аварсан хүний тоо мянгаар биш саяар яригдаж байгаа юм. Ямар ч байсан олон хүнийг аварсан буянтай хүмүүс шагналаа авцгааж байна.

 

Аравдугаар сарын 6-нд буюу өнөөдөр Физикийн Нобелийн шагналын эзэн тодорно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж