Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас /10.01/ эхлэн "Нийслэл хотын албан татвар"-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэл хотын есөн дүүрэгт стандартын шаардлага хангасан, тусгай зөвшөөрөлтэй амралтын газар, зочид буудал, баар болон ресторанаар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдол бүрт иргэд нэг хувийн татвар төлдөг болж байгаа юм.
Нийслэлийн Татварын газраас хийсэн тооцооллоор эхний ээлжинд 5245 татвар суутгагч буюу худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдээр дамжуулан хотын татварыг авахаар болсон. Өөрөөр хэлвэл аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавьдаг байх зарчмаар хотын татварыг бүрдүүлнэ. Хууль хэрэгжээд зургаа хоносон ч татвар суутгагчид тусгай үйлчилгээ, бараа авсан иргэдээс хэрхэн яаж татвараа бүрдүүлэх вэ гэдэг ойлголтгүй байна. Тухайлбал согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхлэдэг аж ахуйн нэгж буюу дэлгүүрүүд хотын нэг хувийн татварыг тухайн барааныхаа нийт үнэд шингээх буюу одоо 3000 төгрөгөөр худалдаж буй тамхиа 3030 төгрөг болгон нэмж, худалдах хүсэл буй ч өрсөлдөөний зарчмаа баримтлах шаардлагатай байна гэж худалдагчид ярив. Учир нь тэд шууд барааныхаа үнийг нэмбэл бусдад боломж олгох болно. Товчхондоо худалдан авагчгүй болно. Тиймээс худалдаа, үйлчилгээний төвүүд хэрэв барааныхаа үнийг нэмэх бол нэгэн зэрэг өөрчлөх ёстой гэсэн саналыг Чингэлтэй дүүргийн 16-р хороонд байрлах "Туруун Од" хүнсний дэлгүүрийн эзэн Ц.Мөнхжаргал дэвшүүлэв.
Харин тус хорооны "Их Үр" дэлгүүрийн тухайд хот албан татвартай болсон талаарх мэдээлэл аваагүй. Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ч нэмээгүй. Цаашид хотын татвараа яаж, бүрдүүлэн өгөхөө ч мэдэхгүй байна гэсэн тайлбар хийлээ.
Чингэлтэй дүүргийн "Цэнхэр Цээл" хүнсний дэлгүүрийн тухайд "Нийслэл хотын албан татвар"-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр шинэ кассын машинтай болжээ. Товчхондоо хуулиар хүлээсэн татвар суутгагчийнхаа үүргийг биелүүлж, татвар авах бэлтгэлээ хангаж эхэлсэн гэв. Гэхдээ одоогоор иргэдээс татварын нэг хувийг аваагүй. Ямар зохицуулалт хийж, татвараа бүрдүүлэхээ сайн шийдээгүй байна гэж дэлгүүрийн эзэн Д.Цээпил ярив.
Гэр хорооллын төлөөлөл болсон дэлгүүрүүд хотын албан татвараа хэрхэн яаж, иргэд, үйлчлүүлэгчдээсээ авах вэ гэдгээ тодорхойлоогүй, зарим нь огт мэдээлэлгүй сууна. Нийслэлийн Татварын газраас "Нийслэл хотын албан татвар"-ын тухай хууль бүрэн хэрэгжих хүртэл багагүй хугацааг зарцуулна гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа. Гэвч хуулиндаа нэгэнт сар бүрийн 10-ны өдөр татвар суутгагч татвараа төлөх үүрэгтэй. Иймээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө хохирохгүйн тулд хотын албан татвараа иргэдэд зөв ойлголт өгч, зөв механизмаар авах нь зөв гэсэн байр суурийг хөндлөнгийн эх сурвалжууд онцолж байна.
Ямартай ч нийслэлийн Татварын газраас гаргасан ерөнхий тооцооллоор хотын албан татвараас нэг жилд 13-14 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлэх боломжтой юм. Тодруулбал архи, тамхины худалдаа борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олно гэсэн эерэг тооцоолол байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД