Sony-г хакердсан бүлэглэлийнхэн баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Sony-г хакердсан бүлэглэлийнхэн баривчлагджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Sony компани хакеруудын ээлж дараалсан дайралт өртсөөр байгаа билээ. Тэгвэл өөрсдийгөө “Anonymous” хэмээн нэрийдээд байсан хакеруудын томоохон бүлэглэлийн гишүүдийг илрүүлэн баривчилсан тухай Испанийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдээлжээ.

Sony-гоос үйлдвэрлэн гаргадаг видео тоглоомуудыг онлайнаар холбогдож тоглодог Playstation Network-ийн сервер лүү өнгөрсөн дөрөвдүгээр сард хакерууд халдаж 77 сая гаруй хэрэглэгчдийнх нь хувийн мэдээллийг хулгайлсан юм. Энэ талаар Sony-гийн удирдлагууд албан ёсоор мэдээлж хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж байсан билээ. Үүнтэй холбоотой асар их шуугиан кибер ертөнцөд үүсэж “make.believe” уриатай алдарт Sony корпораци хүндхэн байдалд орж байсан юм. Түүнээс хойш тавдугаар сард Sony online entertainment хэмээх салбар компанийнхаа системийг мөн хакеруудын халдлагад өртүүлэн ноцтой хохирол амссан. Үүний улмаас 24.6 сая гаруй үйлчлүүлэгчдийнхээ нэр хаяг, электрон болон шуудангийн хаяг, утасны дугаар, цахим дансны мэдээллүүдийг хакеруудад алдсан. АНУ-ын Конгресс хүртэл үүнд цочирдож эрчим хүч, худалдааны асуудал хариуцсан хороо Sony-гоос албан ёсны тодруулга хүртэл авч байсан. Энэ үед хэдийгээр асар их мэдээлэл алдсан хэдий ч үйлчлүүлэгчдийнхээ онлайн дансыг хамгаалж чадсан тухайгаа Sony мэдээлж байлаа.  Гэтэл дөнгөж саяхан энэ сарын 03-нд Lulz security хэмээх хакерын бүлэглэл Sony руу халдсан. Одоогоор Sony хакеруудын дайралтаас болоод 171 сая долларын алдагдал хүлээгээд байгаа юм. Энэ үед Испанийн цагдаа нар Sony-д ихээхэн буянтай зүйл хийж тэрхүү хакеруудын бүлэглэлийн гишүүдийг баривчилсан тухай өчигдөр мэдээллээ. Тэдгээр хакеруудын дотор “Anonymous”-ын тэргүүн нь ч байж болох талаар цагдаа нар мэдээлсэн байна. Sony 80 сая PSN-ийн тоглоомчдынхоо серверийг аюулгүйн шинэчлэлт хийж энэ сарын 1-нээс үйл ажиллагааг нь дахин үргэлжлүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч Sony-д итгэх итгэл үйлчлүүлэгчдийнх нь дунд ихээхэн унаад байгаагаас цаашид ч тус корпораци алдагдал хүлээсээр байх магадлалтай  хэмээн Reuters, Kotaku, CNet-ээс мэдээлжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж