Гэрлээр хэрхэн бичих вэ буюу дутуу юмгүй ном

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Гэрлээр хэрхэн бичих вэ буюу дутуу юмгүй ном

Манай В.Баттулга шинэхэн бүтээлээ хэвлэлтээс авлаа. Манай гэж өөриймсөх нь бас учиртай. Гэрэл зураг хэмээх энэ айлын энэ цагийн өнгийг тодорхойлж, магадгүй олон олон учгийг зангидаж яваа нэгнээ бид “манай” хэмээхээс өөр арга үгүй юм. Тэгээд ч В.Баттулга хэмээх түүний автор чадалтай сайн зураг, зохиомж, өгүүлэмжийг нийцэл, фото сэтгүүлчдийн нэгэн томоохон төлөөлөл хэмээн олон хүнд ойлгогддог, нэрийн хуудас нь нэгэнт болж чадсан билээ.

“Ертөнцийг гэрлээр бичих урлаг” хэмээх энэхүү номд гэрэл зурагтай холбоотой анхан шатны мэдэгдэхүүнгүй нэгнээс эхлээд өөрийгөө “гадарладаг” гэж ойлгодог хэн бүхэнд хэрэг болох, урьд өмнө хэвлэгдэж байсан фото зүйн номуудыг бодвол харьцангуй цогц бүтээл болж чадлаа. Фото сэтгүүл зүйг сонин хэвлэлийн хавсарга төдийгөөр ойлгож байсан бол өнөөдөр нийтлэлийн бие даасан нэгэн төрөл гэдгийг бататгахад энэ ном тодорхой үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм.

Түүний энэхүү шинэ номын өмнөтгөлд “В.Баттулга дэлхийн болоод Монголын гэрэл зургийн түүхийг баримтаар өгүүлж, фото сэтгүүлзүйн тухай өргөн хүрээтэй мэдээлэл өгч, гэрэл зургийн мэргэжлийн ойлголт, нэр томъёог тайлбарласан ном бүтээсэн нь нүдээ олсон шийдэл болжээ. В.Баттулга энэ номыг бүтээхийн тулд гэрэл зургийн үүсэл хөгжил, монголчуудтай холбоотой ховор хуучин гэрэл зургууд, архивын бичиг баримт, дэлхийд алдартай гэрэл зургуудын түүх, Монголын гэрэл зурагчдын тухай мэдээлэл цуглуулж, нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийсэн байна. Монголын фото сэтгүүлзүйн түүхтэй холбоотой баримтуудыг ийнхүү нэгтгэн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлж өгсөнд “Ерөтнцийг гэрлээр бичих урлаг” номын үнэ цэнэ оршино” хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч, СГЗ Б.Галаарид бичжээ.

Пулитцерын шагнал хэрхэн нэрээ дэшүүлж болох хийгээд өмнө нь ямар бүтээлд энэ шагналыг олгож байснаас өгсүүлээд дэлхийд алдаршсан бүтээлүүдээ барьж зогссон зохиогчид, алдарт “МАГНУМ” агентлагийн үүх түүх, үүсэл хөгжил, Монголдоо хэн хэн гэрэл зургийн анхдагчаар нэрлэгддэг, аппарат хэрэгслийн тохируулга, нэр томъёоны тайлбар гээд энэ номонд үнэхээр дутуу юм үгүй ажээ.

П.БАТТУЛГА

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгш ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг танилцуулъя.


 

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойн хөтөлбөр:

Аравдугаар сарын 05.

12:00 цагаас Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Хэвлэлийн бага хурал – Монгол Ньюс

Аравдугаар сарын 05-06.

11:00 цагаас Даваасамбуугийн “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн. "Q art gallery".

Аравдугаар сарын 07-08.

11:00 цагаас Б.Болор-Эрдэнийн “Нүд-2” үзэсгэлэн. "Q art gallery".

Аравдугаар сарын 09-10.

12:00 цагаас Нийт гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн. "Q art gallery".

Аравдугаар сарын 10..

12:00 цагаас “Монголын гэрэл зурагчид 80 жил” номын нээлт. "Q art gallery".

Аравдугаар сарын 11.

13:00 цагаас Баярын хурал. Улсын Филармоны концертын танхимд.

Аравдугаар сарын 11.

16:00 цагаас Дурсгалын зураг авалт. Чингисийн талбайд

Аравдугаар сарын 11.

17:00 цагаас Хүлээн авалт. "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд

Аравдугаар сарын 13-15.

13:00 цагаас Гэрэл зургийн техник хэрэгсэл, сурталчилгаа, үзэсгэлэн

Аравдугаар сарын 14.

12:00 цагаас Г.Ган-Өлзийн “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн. "Blue moon" арт галерей.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж