“Хуульч news” сэтгүүл шинээр хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

“Хуульч news” сэтгүүл шинээр хэвлэгдлээ

“Хуульч news” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар хэвлэгдлээ. Тус сэтгүүл нүүрээ хуульч З.Сүхбаатарын зургаар чимсэн байна. Уламжлалт “Хуульч гэж хэн бэ” булангийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц уригджээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг тогтоолцож явсан тэрбээр хуульчдын тухай энгүүн сайхан хөөрсөн байна. Он цагийн уртад монголчууд хэрэг маргааныг хэрхэн шийдэж, шийдвэрлэж ирсэн түүхийн архивуудыг маш төгөлдөр болгууштайг хамба онцолж, түүнээсээ шинэ цагийн хуульчид, шийдвэр гаргачид санаа оноо авч байхыг чухалчилжээ.

Мөн түрээсийн харилцаа шүүхийн практикт хэрхэн нэвтэрсэн талаар сэтгүүлийн энэ дугаарт нийтдэгдсэн бол Нотариат болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны харилцан хамаарлын тухай хуульч, багш Р.Очирбалын бичсэн даацтай өгүүлэл уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй.

Үе үеийн хуульч, өмгөөлөгчдийн дунд “Нянаабаатар өмгөөлөгч” хэмээн алдаршсан нэгэн эрхмийн тухай гавьяат хуульч Ж.Яринпил дурсамжийн алтан утас хөвөрдсөнийг “Хуульч news” сэтгүүлийн энэ дугаараас та унших боломжтой. “Авьяас” булангаас хуульч, шүүгч, яруу найрагч Ц.Ичинхорлоогийн туурвил бүтээлийн дээжээс сонирхохын сацуу хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин дуучин Баартуугийн Зангад тэртээ жараад онд Хуулийн сургуульд сурлцан төгссөн хуульч гэдгийг мэдэж, түүний бага насны нандин түүхийг уншаарай.

Түүхэнд “Цэцэг нуурын дугуйлан” хэмээн бичигдэж хошуу ноёнтойгоо заргалдан заргаа авч асан Ард Аюуш тэргүүт ардуудын 44 зүйл бүхий заргын бичигт чухам юу юун тухай дурдагдсаныг болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийг цаасан бараар хэрхэн урласныг “Урлан” булангаас уншигч та сонирхох болно.

“Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр борлуулж байгаа юм байна.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж