Улстөрч, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.
-Таны саяхны нэгэн ярилцлагыг харж байлаа. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлье. Надад хариуцуулчих гэсэн байсан. Ямар шаардлагаар тэгж хэлэх болов?
-Тийм ээ, яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь тэр хөтөлбөр зөв байсан гэдгийг хэлж байгаа юм. Ер нь тэгээд өнөөдөр наад асуудал чинь маш зөв, олон түмэнд хэрэгтэй байжээ гэдгийг хүмүүс мэдчихсэн байна.
-Намрын чуулган эхэллээ. Үүнтэй зэрэгцээд ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал яригдаж эхэлж байна. Бас дараагийн Ерөнхий сайдыг удахгүй тодруулна гэсэн яриа байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулна гэж байх юм. Танай намын дотоодод л нэлээд асуудал байна аа даа. Залуус та нарын хувьд харин ямар бодолтой байна?
-Энэ талаар би саяхан хэвлэлээс харсан. С.Баярцогт даргын асуудлыг О.Баасанхүү гишүүн оруулсан байх. Тэр хүн улстөрөө л хийж байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл сонгууль ойртож байна шүү дээ. Гэхдээ манай намынханд алдаа байна. Шуудхан хэлэхэд ах нар эв эеэ хичээхгүй бол болохоо байлаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Өөрсдөө ч мэдэж байгаа байх. Энэ байдлаас болж бусдын идэш болж байна шүү дээ.
-Ах нар гэдэг нь…?
-Манай намын өндөр албан тушаал хашиж байгаа ах нар. Хэн хэнийг хэлж байгааг хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Эд нар хоорондоо эвлэхгүй болохоор намын нэр хүнд, цаашилбал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж улс төрийн хямрал үүссэн. Хямрал ч биш, бүр дампуурал болоод байна. Ингэсний үр нөлөө эхнээсээ гарлаа. Улс төрийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэлээ.
-Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт үнэхээр сөргөөр нөлөөлж байна?
-Эдийн засаг хямарч байна. Хэдийгээр Монголоос хамааралгүй, дэлхий нийтийн хямралын шуурганд бид өртөж байгаа боловч манайхнаас болж байгаа юм бас байна. Хямралыг Монгол Улс томоохон хохиролгүй даван туулах боломжтой байсан. Хамгийн гол нь энэ хэдэн хүн хоорондоо зөрчилдөж, бусад нам эвслүүд үүн дээр нь тоглоод ирэхээр Монголын улс төр бүхэлдээ бужигнасан байдалтай харагдаж байна. Бас гадаад ертөнц манай энэ байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт татарч, эдийн засгийн хямралыг бидэнд улам илүү мэдрүүлж байгаагийн гол шалтгаан нь энэ. Хөрөнгө оруулагчдын буруу биш шүү дээ. Ийм тогтворгүй төр засагтай улс оронд хөрөнгөө оруулж ирнэ гэдэг ямар ч хөрөнгө оруулагчийн хийх ажил биш. Хэрэвзээ Монгол Улс тогтвортой төр засгийн бодлоготой байдаг бол хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий.
-Тэгэхээр эдийн засгийн хямралд та намынхнаа буруутгаж байна аа даа?
-Намаа биш энэ хэдэн хүнийг хэлж байгаа юм. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Бусад улс оронтой харьцуулахад бид цөөхүүлээ. Гэсэн атлаа эдийн засгийн нөөц бололцоо маш сайн. Гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах олон хүчин зүйлтэй. Гэтэл улс төрийн тогтворгүй байдлыг бий болгосноор хөрөнгө оруулалтыг үргээж, эдийн засгийн хямралыг зохиомлоор бий болгосон гэж болно. Яг үнэндээ хямраагүй байхад хямарчихлаа гэсэн бор шувууг нисгэсээр байгаад өнөөдөр эдийн засгийн бодит хямралтай нүүр тулчихлаа. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудна гэсэн үг байдаг даа. Түүн шиг л юм болсон гэсэн үг. 2012 оны сонгуулийн дараа байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрыг ийм байдлаар л унагасан. Өнөөдөр бас л дараагийн засгийн тухай ярьж байна гэлээ. Хэдийгээр ийм асуудал бодитойгоор яригдаагүй ч улс төрийн өнөөгийн нөхцөл байдал тун тааруухан байна. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа энэ хүмүүс 1996 оны сонгуулийн дараа бас л ажиллаж байсан байдаг. Гэвч тэр алдаанаасаа суралцаагүй байна. Алдаагаа давтаж байна. Өнөө маргаашийн тулга тойрсон юм ярьж, өөрсдийгөө л бодохоос улс орны ирээдүйг бодохгүй байна. Тэр үед мөн л хоорондоо зөрчилдөн тэмцэлдэж байж Засгийн газраа хэд хэд сольсон. Эцэстээ 2000 оны сонгуульд навс ялагдсан. Ийм л үр дүн үзэх гээд байж ядаад байгаа юм биш үү. Уулах хүүхдийн хошного урд өөдр нь умалзана гэж үг байдаг даа.
-Одоо хямрал руу эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай дээр дооргүй яриад эхэллээ?
-Тэгсэн. Орсон. Мэдээж, энэ хямралыг бид эв нэгдэлтэй байж хохирол багатай давна. Эвт шаазгай буга барина гэсэн үг бий. Нэгэнт тулчихсан хямралыг туулж л таарна. Гэхдээ энэ байдалд бодитой дүгнэлт хийх ёстой. Тэгэхийн тулд цаашид эрх барьж байгаа АН дотооддоо эв эеэ хичээх хэрэгтэй. Эвтэй байгаагаа бусдад харуулах хэрэгтэй. Ингэж байж л байдал дээрдэнэ. Эс бөгөөс дээр хэлсэнчлэн бусдын идэш болсоор л байх болно. Эцсийн дүнд дээрээ суудлаа олохгүй байгаа энэ хэдэн хүнээс болж АН-ын мянга мянган гишүүн, Монгол Улсын гурван сая иргэн хохироод үлдэх нь. Ер нь хоорондоо эв түнжингээ олж, нэг зүгт харж ажиллавал гадаад ертөнц, гаднын хөрөнгө оруулалт аяндаа наашилж таарна. Энэ нь эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг нааш татах бодитой хөшүүрэг болно.
-Яг үнэндээ АН-ын зөрчил төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэдхэн хүний дотор өрнөж байна гэж иргэд шүүмжлэх боллоо?
-Тэр үнэн. Зөрчил хурцадсан нь сая Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүхэд ял оноосноор илэрлээ гэж харж байгаа. Энэ бол ах нарын зөрчил ноцтой байдалд орсны шинж. Тэд нэгэн цагт нэг зорилгын төлөө тэмцэж явсан журмын нөхөд шүү дээ. Зорьсондоо хүрсэн. Монголд ардчилсан хувьсгал ялааад 25 жил боллоо. Энэ жил тэмдэглэж байна. Бас 2012 оны сонгуулиар ард түмэн итгэл хүлээлгэлээ. Энэ итгэлийг бид алдахгүй, гэмтээхгүй, хайрлаж, хадгалж явах учиртай. Энэ итгэлийг сэтгэлээрээ, ажлаараа хариулах ёстой. Одоо төрийн эрхийг барьж байна. Гэтэл энэ олон жил хамтдаа явж ирсэн журмын нөхдөө шорон гяндан руу ачиж байна. Энэ бол эмгэнэл. Одоо үүнийгээ бид болих ёстой.
-Таны үеийн залуус намынхаа лидерүүдийг шүүмжилж, намаа шинэчилье гэж гарч ирээд “амаа үдүүлсэн” тал бий шүү?
-Яагаад айна гэж. Би байгаа бодит байдлыг л хэлж байна. Би энэ намын ҮЗХ-ны гишүүн. Намынхаа төлөө үгээ хэлэх эрхтэй. Тэгээд ч АН зөвхөн цөөхөн хэдэн хүний өмчтэй хувийн компани биш. Мянга мянган гишүүнтэй. Би ч, энэ дарга нар ч тэдний л нэг. Бас бидний үеийн боловсролтой, ид хийж бүтээх үе нь ирчихсэн залуус олон бий. Ямар ч ажлын ачаа даах нас, цаг дээрээ ирчихсэн байна. Гэтэл намыг ийм болгож харагдуулаад, цөөхөн хэдэн хүнээр төлөөлж харах хэмжээнд хүргэнэ гэдэг байж болохгүй асуудал. Тийм учраас би энэ байдлыг шүүмжилж байгаа юм.
-Шүүмжлэлийг чинь танай намын дарга нар хүлээж авах болов уу даа?
-Ард түмнээ, улс орноо боддог л бол хүлээж авах ёстой. Тэднийг мянга мянган гишүүд нь харж байна. Цаашилбал Монгол Улс харж байна. Тийм болохоор намыг нам шиг, улсыг улс шиг хэмжээнд нь аваачих хэрэгтэй байна. Энэ чигээрээ эх захгүй хардсан сэрдсэн, урвасан шарвасан байдалтай цаашаа явах аргагүй болчихлоо шүү дээ. Эндээс гарахын тулд эв нэгдэлтэй байх ёстой. Мөн Монголын төрд монгол эр хүний жудагтай зан хэрэгтэй байна. Хэрэв тэгэхгүй бол өмнөх алдсан замаараа дахиад явчих гээд байна. Одоо төрийг удирдаж байгаа энэ хүмүүс 1996 онд залуу халуун, зүрх зоригтой, туршлага багатай байсан гэж бодъё. Нэг алдсаныг алджээ гэдэг. Харин алдаагаа давтвал тэнэглэл гэдэг. Тийм болохоор бид даруйхан эвлэлдэн нийлж, хамтдаа явах ёстой.
Г.ТУУЛ