Өршөөж болохгүй юм гэж бас байна | News.MN

Өршөөж болохгүй юм гэж бас байна

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өршөөж болохгүй юм гэж бас байна

Өршөөж болохгүй юм гэж бас байна

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль төрсөн цагаасаа хэл ам дагуулсаар бараг хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Санаатай болон санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял сонссон иргэнээ өршөөн хэлтрүүлэх нь аль ч улс оронд байдаг жишиг. Энэ дагуу Монгол улс ч иргэддээ өршөөл үзүүлж байсан. Тухай бүр хууль гарсан даруйдаа хэрэгжиж байсан. Харин энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувь заяа яагаад ийм ээдрээтэй болов? Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль өмнө нь хамрагдаж байгаагүй хоёр төрлийн гэмт хэргийг багтаасан нь авлига хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдон ял авсан хүмүүст энэ хууль үйлчлэхээр УИХ баталсан. Харин энэ хоёр гэмт хэргийг өршөөлд хамруулах нь Монгол улсын өнөөг хүртэл авлигатай хийж ирсэн тэмцлийн утга учрыг алдагдуулж байгаа гэж үзэн Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авахаар шийдсэн ч хориг бүрэн утгаараа авагдах нь эргэлзээтэй болчоод байгаа юм.

Энэ хууль анхнаасаа УИХ дахь МАХН-ын гишүүдийн санаачилга, идэвхтэй дэмжлэгтэйгээр парламентын босго даван орж ирсэн бөгөөд тус намын дарга Н.Энхбаярын улс төрийн замыг засах нь энэ хуулийн зорилгын нэг. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь авлигын хэргээр шүүхээс дөрвөн жилийн ял сонссоныг Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Харин хориг тавигдаад байгаа хуулиар Н.Энхбаярын авсан ял өршөөлд хамрагдах юм.

Өршөөл гэдэг бол хүний сэтгэлийн өгөөмөр байдал, нигүүлсэлийн илрэл. Гэвч өршөөж болохгүй юм гэж бас байна. Үнэнч шударга ажиллахаа илэрхийлж төрийн албанд орсон түшмэдүүд, сонгогчийнхоо эрх ашгийг төрд төлөөлнө хэмээн сонгогдсон улстөрчид ард иргэдийн олгосон итгэлийг хөсөрдүүлж, тэдний халааснаас төлсөн татварын мөнгийг амин хувийнхаа баяжихад ашигласан сувдаг сэтгэлтэн бол тийм хүмүүст өршөөл гэдэг үг ахадна. Ийм хүмүүсийг өршөөх нь битгий хэл болдог бол гурван үеэр төрөөс хол байлгах ёстой хүмүүс байтал ийнхүү төрийн хайр энэрэлд багтаах гэж буй нь буруу гэж үзэн хориг тавигдсан.

Нөгөө талаар энэ хууль батлагдаад эдүгээ бараг хоёр сарын турш хэрэгжиж чадахгүй байгаа нь араасаа олон хор хохирол дагуулна. Эндэж гишгэснийхээ төлөө төрийн ял шийтгэл хүлээн шоронд ялаа эдэлж буй иргэд энэ хуулийн дагуу суллагдах өдрөө хоног тоолон хүлээн суугаа. Өршөөлд хамрагдах эрх нь нээгдсэн хоригдлуудын сэтгэл санааны хохирлыг юугаар ч үнэлж чадахгүй. Мөн Өршөөлийн хуульд хамрагдан шоронгоос суллагдах иргэдийг төр бүх зардлыг нь даан оршин суугаа газарт нь бүрэн бүтэн хүргэн өгөх үүрэгтэй. Тиймээс ч өмнө гарч байсан бүх Өршөөлийн хууль зуны хайлган цагаар, гол төлөв Улсын их баяр наадмын өмнө гарч байсан нь унаа тээвэр, хувцас хэрэглэлийн зардлыг тооцсон хэрэг юм. Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал Өршөөлийн хууль магадгүй анхны цас хаялж, хүйтэрсэн үед хэрэгжих магадлал өндөр байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж