&#34Авто зогсоолын цогцолбор&#34-ыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

&#34Авто зогсоолын цогцолбор&#34-ыг өнөөдөр нээнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа юм.

Энэхүү ачааллыг бууруулах зорилгоор хотын удирдлагууд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасны дотор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрийг гаргасан юм. Бяцхан түүх дурдахад, анх тус цогцолборыг байгуулагдах сургаар олон иргэд эзгүй цөл газар яаж худалдаа үйлчилгээ эрхлэх юм бэ гэж ихэд цаараглаж байсан. Тэгвэл иргэдийн энэхүү бодол санаа өөрчлөгдөж цогц үйлчилгээ нэг дор төвлөрсөн сайхан цогцолбортой болох нь гэсэн бодлыг тээж олон ч хүн эхний ээлжинд ашиглалтад орж буй авто зогсоолын захиалгаа өгч үл хөдлөх хөрөнгөтэй болох нь хэмээн ихэд баярлаж байгаа аж. Иргэд эл цогцолбор газарт үл хөдлөх хөрөнгө худалдаж авснаар тэдний орлого нэмэгдэж өөрсдийн гэсэн газар, үл хөдлөх хөрөнгөтэй болоод зогсохгүй банкууд хүртэл иргэдэд итгэх итгэл нь улам нэмэгдэж байгаа нь иргэдийн хамгийн давуу тал болж байгаагаараа ихээхэн онцлогтой. Дээрх цогцолбор гүйцэд ашиглалтад орсон тохиолдолд нийслэлийн авто замын ачаалал буураад зогсохгүй бүх худалдан авалтыг нэг дороос авч болох цогц үйлчилгээг бүрдүүлж байгаагаараа бусад худалдааны төвүүдээс ялгарах нэг онцлог нь гэж хэлж болно.

Яг үнэндээ иргэн би ч гэсэн ийм богино хугацаанд асар том бүтээн байгуулалтыг ажлыг яаж хийх юм бол гэсэн бодлыг тээж байсан. Гэтэл тус газрын удирдлагууд болон ажилчдынх нь нөр их хөдөлмөрийн хүчээр энэ ажил 40 хувьдаа хүрч ийнхүү нээлтээ хийхээр болсон нь сайшаалтай. Ямартай ч одоогийн байдлаар авто худалдааны цогцолбор нь 30.4 га газарт эхний авто зогсоолоо ашиглалтад оруулж үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болжээ. Яг үнэндээ том, жижиг нийлсэн 15 мянган автомашины зогсоол байгуулна гэдэг тийм ч амар хэрэг биш. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэд хөрс хуулалт хийж, цементэн талбай байгуулчихсан ихэнх ажлаа нугалсныг шагшин магтах хүн маш олон болсон нь асар том бүтээн байгуулалтын ажлаас тодхон харагдаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, “Авто худал­­дааны цогцол­­бор” нь сэлбэг, хэрэгс­­лийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 40-өөд га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байна. Мөн хөдөө орон нутгаас орж ирж байгаа автозамын сүлжээ шинээр төлөвлөж байгаа Авто худалдааны цогцолборт шууд хүрэх учраас хотын төвийн замын ачаалал буурна гэж тооцжээ. Авто худалдааны төв орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоолыг ч байршуулахаар болсон байна. Түүнчлэн цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөжээ.

Уг шийдвэрийн дагуу цэлийсэн талд цемент, шороо пургиж байсан эзэнгүй газрын их бүтээн байгуулалтын ажил 40 хувьдаа оржээ. Тус газрынхан ирэх амралтын өдөр буюу ням гарагт Авто худалдааныхаа нээлтийн ажлыг хийх гэж байна.

Авто худалдааны цогцолборын удирдлагууд таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жил 14 мянган автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Ирэх ням гарагт нээлтээ хийх эдгээр зогсоолыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлэх бөгөөд зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх аж. Үүнээс олсон орлогоо Авто худалдааны цогцолборын бусад бүтээн байгуулалтын ажилд зарцуулна гэдгээ зохион байгуулагчид онцолж байлаа. Түүнчлэн авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тус цогцолборт давуу эрхээр зогсоол эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.


“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Нээлтээ хийх гэж Авто худал­­дааны цогцол­­бор нийт хэдэн автома­­шины зогсоолтой вэ?

-Авто худалдааны цогцол­­бор 6375 автомашины зогсоолтой. Энэ нь одоогийн байдлаар нийслэлд худал­­даалж байгаа бүх автомашиныг төвлөрүүлэх хэмжээний хүчин чадалтай гэсэн үг. Бид аравдугаар сарын 4-нд буюу энэ ням гаригт нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж байна. Үүнтэй холбогдуулан Нийс­­лэлийн мэргэж­­лийн хяналтын газрын улсын байцаагчид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг техникийн захуудаар явж энэ сарын 1-нээс өмнө нүүх тухай мэдэгдэл тараасан байгаа.

-Үнэ ханшийн хувьд ямаршуу байгаа вэ?

-18м2 зогсоол 4 сая, 72м2 хэмжээтэй хүнд даацын тэрэгний худалдааны зогсоол нэг нь 9 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Одоогийн байдлаар зогсоолыг түрээслэнэ гэсэн тогтоол гараагүй байгаа. Тиймээс бид зогсоолыг зөвхөн худалдаж байгаа. Худалдаж авсан зогсоол маань тухайн худалдаж авсан иргэнийхээ өмч нь болно гэсэн үг.

-Санхүүжилтээ хаанаас босгосон бэ?

-Цогцолборыг бүтээн байгуулахад нийслэл болон улсын төсвөөс мөнгө гараагүй. Концессын зарчмаар хийгдсэн ажил. Хамгийн анхны хөрөнгө оруулагч авто зогсоолоо худалдан авч байгаа иргэд юм. 18 м2-ын хэмжээтэй нэг машины зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр худалдаж байгаа. Хамгийн гол нь энэ зогсоол зөвхөн ажлын байр биш, тухайн хүний өмч болно. Худалдаж авсан иргэн машиныхаа зогсоолыг үр хүүхдэдээ өвлүүлж, банкинд барьцаалж, зарж, түрээсэлж болно. Анх зогсоол худалдаж авсан хүмүүсээс гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт цугласан. Үүнээсээ бид барилгын компаниуд өгч бүтээн байгуулалтынхаа ажлыг хийлгэж байгаа.

-Одоогоор хэдэн иргэн машин борлуулах зогсоол аваад байна вэ?

-Одоогоор 6357 зогсоолын 30 орчим хувийг 800 гаруй хүн худалдан аваад байна. Сүүлийн хэдэн өдөр борлуулалт эрс нэмэгдсэн.

-Өнөөдөр бид хямралын байдалтай байгаа. Иргэд бэлэн мөнгө төлөөд зогсоол худалдаж авах боломж хэр байгаа бол?

-Шууд бэлэн мөнгө гаргаад зогсоол ав гэж байгаа юм биш. Гурван зогсоол авах гэж байгаа бол нэг зогсоолоо бэлэн мөнгөөрөө аваад хоёр зогсоолынхоо мөнгийг банкны лизингт хамруулах боломжтой. 10 жилийн өмнө "Өгөөмөр" зах байгуулагдахад сэлбэгийн контейнер гурван сая төгрөг байсан. Харин одоо 30 сая болчихсон байгаа. Тэр бол үл хөдлөх хөрөнгө биш. Тэгсэн хирнээ үнэ цэнэ нь маш хурдан өссөн. Харин манайх бол үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа тэр хүний насан туршийн ажлын байр, амьдралын баталгаа, үр хүүхдэдээ өвлүүлэх өв хөрөнгө. Энэ ч утгаараа жилээс жилд үнэ цэнэ нь өснө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг зүйл нэмж хэлэхэд, автоамашин бол эргэлтийн бизнес, харин бид иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгож байгаа нь давуу тал юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж