Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн өчигдөр Дорноговь аймгийн төв Сайншанд хотод эхэллээ. Тус тэмцээнийг анх 1964 оноос зохион байгуулах болжээ.
Ирээдүйн аварга, арслан, гарьд , заануудын залгамж халаа болсон өсвөрийн хүчтэнүүд гурван насны ангилалд уран мэхийг уралдуулж байна. Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болж байгаа өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд барилдаж байна.
Нас бүрийн барилдаан тойргийн журмаар явагдаж, хамгийн олон даваатай бөхчүүд шилдгээр шалгарна.
Энэ жилийн улсын аваргад оролцож байгаа шилдгүүдийн заримаас онцолвол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Чингэлтэй дүүргийн бөх өнгөрсөн жилийн улсын аварга, аймгийн арслан Б.Лхагвадорж, өмнөх хоёр жил өсвөрийн улсын аварга болоод байгаа Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй залуу хүчтэнүүд байна.
Өсвөрийн улсын аваргын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн биеийн тамир спортын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажиллаж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн үндэсний бөхийн өсвөрийн УАШТ Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж, 2014 оны өсвөрийн улсын аваргад улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг, дэд байрт аймгийн начин Н.Нэргүйбаатар дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг, гуравдугаар байрт Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Булган аймгийн багууд тус тус шалгарч байжээ.