Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

Монгол орны нуурууд

"Сонирхолтой газарзүй" булангийнхаа энэ дугаарт Монгол орны нууруудын мэдээллээс хүргэе.


Хяргас нуур


Хяргас нуур Хар ус нуурын системийн хамгийн нам дор орших нуур бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаас эх авах бараг бүх гол мөрдийн эцсийн цутгал болдог. Талбай нь 1406км.кв. Хамгийн урт нь 75км, хамгийн өргөн нь 31км, дундаж өргөн 19км ба усны мандал нь 1028м үнэмлэхүй өндөрт оршино. Хяргас нуурын хотгор болон Хан хөхийн бэл хормойд нуурын татралтын далан дэнжүүд тод үзэгдэнэ. Дэнжүүдийн зарим нь 80-100м-н өндөрт байсан ул мөр байдаг. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам нь харьцангуй их хэрчигджээ. Нуурын уснаа Нуурын шугам, Цацарганы шугам, Могойн шугам гэх мэт хэд хэдэн хошуу түрж орсон байдаг. Их нууруудын хотгорт орших нууруудаас харьцангуй гүн, хамгийн гүн нь 80м. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажуугаас эх аван урсах бүх гол мөрд Их нууруудын хотгорыг дамжин эцэст нь Айраг нуурт цутгаж, Айраг нуур нь илүүдэл усаа Хяргас нуурт цутгана. Нуурын ус арванхоёрдугаар сарын шувтрагар хөлдөж дөрөвдүгээр сард гэсдэг.

Говийн нууруудад Их нууруудын хөндийн бүлэг нууруудаас гадна нууруудийн хөндийн олон нуур багтана. Эзлэх талбайн хувьд томоохон нь Бөөн цагаан, Орог, Улаан нуурууд юм.

Бөөн цагаан

Уг нуур нь нууруудын хөндийн хамгийн том нь. Талбай нь 252км.кв. урт-24км, өргөн нь 16км, Усны мандал ДТД1316м-т оршино. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй. Уг нуурын өмнө эрэгт Говь Алтайн Хар Аргалантын нурууны бэл ойрхон тулж оршдог. Уг нуураас зүүн тийш Адгийн цагаан нуур хүртэл цэнгэг, давстай олон нуурууд бий.

Орог

Хөндийн 2 дахь том нуур, Талбай нь 130км.кв , урт нь 30км, өргөн нь 8-9км. Эргийн байдөл тэгш талархаг боловч ургамалаар бэхлэгдсэн элсэн далан довцог олон. Одоогийн түвшинээс 9.5м-н өндөрт эртний дэнж хэд хэд байдаг. Нуурын ус 11-р сард хөлдөж 4-р сарын эцсээр гэсдэг. Орогын гадагш урсгалгүй. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Түйн гол цутгадаг.

Улаан

Хамгийн зүүн талын хамгийн том нуур бөгөөд 1080м-н өндөрт орших Улаан нуурын хотгор, нууруудын хөндийн хамгийн нам газар учираас их хэмжээний зузаан хурдас хуримтлагджээ. Ялангуяа өндөрийн хотгорыг нилд нь дүүргэх говийн хурдас хуримтлагджээ. Нуур ямагт улаан туяатай байдаг тул уг нуурыг Улаан нуур гэжээ. Гадагш урсгалгүй. Хангайн өвөр хажуугаас урсах Онгийн гол цутгах боловч усаа тэр бүр өгч үл чадна. Энэ нуурын гол тэжээл нь бараг байхгүй тул зарим жил тасарч тойром бүхий усан сан болдог.

Тэлмэн

Хангайн уулсад Хөвсгөлийн дараа орших том нуур бөгөөд талбай 194 км, урт 27.5км, өргөн нь 12.1км. 1789м-ийн өндөрт оршино. Хангайн салбар уулсаас энэ нуурт хэд хэдэн горхи энэ нуурын хотгор уруу урсдаг боловч зөвхөн хоолойн гол хэмээх бяцхан гол цутгадаг. Хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш урсгалгүй ай сав, Хойд мөсөн далайн ай савын зааг болох Булнайн нуруу юм. Нуурт 2-3 жижиг арал бий.

Сангийн далай

1988м-ийн өндөрт оршино. Мандал нь хэдий өндөр боловч харьцах өндөр багатай. Эргийн хэрчигдэл ихтэй. Талбай нь 160км.кв. урт нь 32.5к, өргөн 13км. Сангийн далай нуурт цутгах гол мөрөн байхгүй. Усны түвшин нь үндсэн тэжээл болох хур бороо, гүнийн уснаас хамаарна. 1905 оны газар хөдлөлт нуурын усны горимд ихээхэн өөрчлөлтийг оруулжээ. Газар хөдлөлтийн үеэр усны нөөц үлэмж нэмэгдээд сүүлдээ татарсан байна. Энэ хугацаанд нуурын баруун талд нуурын захаас 1км зайд орших далайн овоо гэдэг толгой усанд автаж арал болжээ. Нуурын зүүн захад байсан Хар нүдэн булаг гэдэг арал живсэн байна.

Алтайн уулархаг нутаг нуур олонтаа боловч Хангай, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн, асар том нуурууд бахгүй. Хамгийн том нуур нь Ачит нуур.

Ачит

211 км.кв. урт 30км, өргөн 16км, өндөр үнэмлэхүй 1464м. Ачит нуур нь Монгол Алтайн нурууны томоохон салбар болох Сийлхэм, Түргэний голын нурууны хур цаснаас эх авах Цагаан нуурын гол, Бөх мөрөн, Улиастай, Хатуугийн гол зэрэг хэд хэдэн голоор тэжээгдэнэ. Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд цутгана. Ачит нуур нь тектоникийн гаралтай. Иймээс эргэн тойрон өндөр уулсын дунд оршино. Нуурын эргээр усны татралтын хэд хэдэн дэнж ажиглагдана. 10 сарын сүүлчээс хөлдөж 5 сараас гэснэ.

Үүрэг

Алтайн салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хооронд тогтсон урсгал биш нуур.Талбай 2233км.кв, 1426м-ийн өндөрт оршино. Урт 19км өргөн 18км. Эргээр 15-42м-ийн өндөрт татралтын 4-6 далан үзэгдэнэ. Үүрэг нуурт Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол цутгах боловч ихэнхи нь түр зуурын урсгалтай, давстай. Сүүлчийн 30-аад жил нуурын усны давсжилтын горим өөрчлөгдөөгүй.

Толбо
Монгол Алтайн томоохон нуур бөгөөд 2080м-ийн үнэмлэхүй өндөрт оршино. Урт 21км, өргөн 6км, ил талбай 185км.кв. Эргэн тойрон өндөр уулстай, давчуу хонхорт тогтсон учир булан тохой түрж орсон хошуу хойг их. Хэд хэдэн арал байдгаас том нь 4м-ийн өндөртэй Бичгэний толгой. Өндөр уулсын дунд орших учраас намар эрт хөлдөж хавар орой цэлмэдэг.

Буйр

Монгол орны Дорнодод олон жижиг нуур байвч хамгийн том нь Буйр нуур Тектоникийн гаралтай, эргийн элэгдэл ихтэй. Усны талбай 615км.кв. урт 40км, өргөн 20км, гүн 10м, дундаж гүн 6м. Нуурын өмнөд хэсэгт усны түрэлт давалгаагаар тогтсон. Томоохон элсэн далангууд байх ба тэдгээрийн завсар хооронд зарим үед жижиг нуурууд үүсдэг. Нуурын зүүн хойд эргээс Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гарна. Буйр нуур нь Оршуун голоор дамжиж Далай нууртай холбогдоно. Маш цэнгэг устай.    


Монгол орны томоохон нуурууд:

– Увс – д.т.д 759 м, нийт талбай 3350 км2
– Хөвсгөл – д.т.д 1645 м, нийт талбай 2620 км2
– Хар Ус – д.т.д 1157 м, нийт талбай 1852 км2
– Хяргас – д.т.д 1028 м, нийт талбай 1407 км2
– Хар нуур – д.т.д 1132 м, нийт талбай 575 км2

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж