УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн эхний өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явууллаа. Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан ч хоригийн дагуу Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа намрын чуулганаар хэлэлцэхээр хойш хадгалчихсан байснаа ийнхүү өчигдөр гүйцээхээр хуралдсан хэрэг.
Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан Өршөөл үзүүлэх тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс гаргасан саналаар гишүүд санал хураалт явуулсан юм. Хуралдааны эхний хэсэг ч яах вэ, номоороо л явж. “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, “Танхайрах” зэрэг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нэмж, эдгээр зүйлээр ял эдэлж буй хүмүүсийн “аав”-ынд суух хоногоос тодорхой хэмжээгээр хасахаар эрхэм гишүүд хүлээн авав.
Харин Ерөнхийлөгчийн хоригийн гол амин сүнс болох албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн цагаан захтнуудыг өршөөлд хамруулахгүй байхтай холбоотой асуудлаар санал хураах үед эрхэм гишүүд будилсан, эс мэдсэн, ойлгоогүй дүр үзүүлэн “самрана” гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлэх нь тэр.
“Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн ноцтой хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэснийг “өршөөх” тал нь дийлж санал өгснөөс хоригийн мөн чанар 180 градус эргээд явчихав. Ингэснээрээ нэр бүхий эрхэм гишүүд мэдэн будилсан дүр эсгэн “бусгаж”, нэг ёсондоо улсын мөнгө идэж ууж шамшигдуулсан, албан тушаалаа буруугаар ашигласан нөхдийн толгойг илэн өршөөхийг дэмжсэнтэй агаар нэг үйлдэл үзүүлцгээлээ.
Хоригийг хорьж, улсын мөнгө идэгсдийг хаацайлсан “урваачид” хэн байв? “Шударга ёс” эвслийн гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар ч яах вэ, МАХН-ын даргынхаа өмнө хүлээсэн “ариун журамт үүрэг”-ээ биелүүлэн хоригийн эсрэг товчлуур дарсан нь”зүйн хэрэг”. Харин улсын хөрөнгө завшигчдын толгойг илэгсдийг АН-ын бүлгээс УИХ-ын хамгийн туршлагатай гишүүдийн нэг Р.Гончигдорж манлайлжээ. Араас нь Ц.Оюунгэрэл, Л.Болд нар буухиалж, Хууль зүйн байнгын хорооны эрхэм дарга Д.Ганбат өөрөө тэдний тоонд багтсан байна. Бүлгээрээ хоригийг дэмжихээ амласан МАН-ын талаас эрхэм гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар зөрж, хууль зөрчсөн төрийн албан тушаалтнуудыг “хаацайлж” тэдэнтэй эв саналаа нэгтгэнэ гэдгээ илэрхийлжээ.
Бас З.Энхболд тэргүүтэй “Шонхор”-ын голдуу эрхмүүд хуралд оролцолгүй “мэлзэх” замаар хоригийн эсрэг босцгоожээ. Хуралд суулгүйгээр аливаа асуудлын эсрэг байгаагаа илэрхийлдэг энэ тактикийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах үед АН-ынхан хэрэглэн, түүнээс хойш дургүй асуудлыг нь хэлэлцэх үед өрөөндөө бүгэх юм уу, аар саар шалтгаар чөлөө гуйн “нээнтэглэдэг” муу зантай болоод буй. Ийнхүү “урваачдын” балгаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал бүрхэг болоход хүрсэн юм.
Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч энэ талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгаа тул ажлын хэсэг гаргаж дахин Хууль зүйн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргаж, тус бүлгийн саналаар тав хоногийн завсарлага авлаа. Энэ нь ч зөв болсон байж мэднэ.
Ирэх тав хоногийн хугацаанд эрхэм гишүүд улсын мөнгө хөрөнгийг хувьдаа завших, эрхэлж буй албан тушаалаа өөрийн эрх ашигт тааруулан урвуулан ашиглах нь өршөөл үзүүлэхүйц “ариун явдал” мөн эсэхийг тунгаан үзэх биз ээ.
Д.ГЭРЭЛ