Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Анхаар: Хүүхэд

Манай улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн хорвоог орхидог гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Үүний 10 орчим хувийг хүүхэд, багачууд эзэлдэг бөгөөд  үүнийг таслан зогсоох зорилгоор Улсын их хурал "Замын хөдөлгөөний аюулгүй байдал"-ын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хууль хэрэгжээд нэг сарын хугацаа өнгөрсөн ч хүүхэд зам тээврийн осолд өртсөн хэвээр байна. Хамгийн сүүлийн баримтыг дурдвал, аравдугаар сарын 1-ний өдөр хүүхэд зам тээврийн осолд өртсөн найман дуудлага Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар иржээ. Тодруулбал, сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн таван хүүхэд зам хөндлөн гарч яваад осолд өртсөн байна. Тухайлбал Яармагийн замд гарцаар алхаж явсан 12 настай хүүг  хонда "соната 5" маркийн авто машины жолооч Ц нь дайрч, аминд нь хүрчээ. Мөн Баянгол дүүрэгт 10 дугаар хорооллын  “МТ” шатахуун түгээх станцын урд замд "приус" маркийн авто машины жолооч Э нь хүүхдийн тэргэнд сууж явсан нэг нас гурван сартай бяцхан охиныг мөргөж, гэмтээсэн байна.

Яавал хүүхэд зам тээврийн осолд өртөхгүй, аврагдах вэ?. Хариулт нь эцэг эх, багш, жолооч нар зам хөндлөн гарч буй хүүхдийг хүндэтгэн, анхаарч гараас гарт дамжуулан хөтлөх дүрмийг мөрдөх ёстой аж.  

Замын хөдөлгөөний аюулгүй байдал"-ын тухай хуулийн 13-р зүйлийн 2.7 зааснаар эцэг эх, асран хамгаалагч болон бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтангууд 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг. Хэрэв энэ хуулийн заалтыг зөрчвөл дээр дурдагдсан хүмүүс хуулийн хариуцлага хүлээх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж