УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал хураах үед нэлээд будилаан үүсчээ. Тухайлбал, Ц.Оюунбаатар гишүүн намын бүлгийнхээ эсрэг, бүр өөрөө ажлын хэсэг ахалж байж, ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллын эсрэг кноп дарсан гэнэ. Тэрхүү санал нь МАХН-ын даргыг өршөөх агуулгатай санал байсан аж. Ц.Оюунбаатар гишүүн будилж санал өгснөөс асуудал нь ч дэмжлэг хүлээгээгүй тул МАХН-ынхан шилэв татаж, “Будилаад кнопоо дарчихсан уу, будилуулахын тулд эсрэг санал өгчихөв үү” гэцгээн ажлын хэсгээ ахлагчаа ад үзжээ.
Ер нь тэгээд дээрх хуулийг хэлэлцэх шатанд будилж санал өгсөн гишүүн гагцхүү Ц.Оюунбаатар биш аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүртэл будилж санал өгч, байнгын хорооны даргыг ойлгомжтойгоор саналын томъёоллоо тайлбарлаач дээ гэцгээн нэлээд юм болоод авчээ.
Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Та нар наад тархи толгойгоо сийрэг байлгацгаа. Өөрсдөө будилж саналаа өгчихөөд дараа нь хүнийг буруутгаад байдаг. Наад өгсөн саналдаа эзэн болцгоогоорой, чуулган руу асуудал орохоор эргэж буцахгүй шүү. Өвөл болж, хүйтэн болох нь. Өршөөлийн хууль батлагдахыг хүлээгээд өчнөөн амьтан цаг алдаж байна” гэж нэлээд ширүүхэн буулгаад авсан гэх.
Харин өнөөдөр чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар төслийг ирэх долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлоод байна. Тав хоногийн завсарлага авахаар ч яадаг юм. Өршөөлд хамрагдах иргэд хүлээгээд л байдаг. Лав л УИХ-аас хууль баталснаас хойш 2 сар болох нь. Хууль батлах шатанд цаг алдсанаас 1700 иргэн шоронгоос суллагдаж чадахгүй ар гэрийнхэн нь өдөр бүр шахам хэвлэлийнхэн рүү утас цохиж, хууль хэзээ батлагдахыг сурагласаар.
Уг нь УИХ-аар өнгөрсөн есдүгээр сард хориг хэлэлцэх үед Ц.Нямдорж нарын гишүүд “Хуулиа хурдан баталъя. Өвөл болчихвол хоригдож байгаа иргэнээ дулаан хувцастай явуулах шаардлага гарна. Тэр хэрээр зардал чирэгдэл өснө. Дэндүү цаг алдаж байна” гэж их ярьсан. Одоо Ардын намын бүлэг Хууль зүйн байнгын хороотойгоо тулж ажиллаад авсан завсарлагын хугацаагаа татаж, цаг алдахгүй байх талд анхаарахгүй бол өвөл болж, хоригдлуудыг гэрт нь хүргэх зардал улам л өсөх болж байна шүү.
Г.ХОРОЛ