Авлигын хэргийг өршөөлд хамруулах уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Авлигын хэргийг өршөөлд хамруулах уу?

Өршөөлийн хууль авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ялаас хэлтрүүлэхээр өнгө зүсээ хувиргасан бололтой. Тиймээс энэ талаар албаны эх сурвалжуудаас тодрууллаа.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Авлигачид өршөөлд хамрагдах ёсгүй

-Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Гэвч хориг тавьсан гол үзэл санаанаасаа гажсан гэж хэлж болохоор болчихлоо. Авлига албан тушаалын хэргийг өршөөх гээд байгаа юм шиг харагдаж эхэллээ?

-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан ч эцсийн шийдвэр яаж гарах нь тодорхойгүй байна. Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж өмнө нь гарсан. Үүн дээр харин албан тушаалтнууд, цагаан захтнууд хууль бус орлогоо нуун дарагдуулах ийм боломж нэгдсэн. Өөрийнхөө компани, гэр бүлийнхээ компани дээр бичихэд л эргэж тэрийг шалгаж байцаах эрхгүй болчихсон. Тэгэхээр Ерөнхийлөгч маань Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд мөн хориг тавьж, анхаарал хандуулах ёстой байсан юм.

-Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахдаа заалтуудын нүүрийг хувиргаад эргээд оруулж ирсэн гэж яригдаад байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Бие даагчдын зөвлөл бол албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засвал зассан шиг засах хэрэгтэй. Косметик засвар хийсэн байдалтай оруулж ирж болохгүй.


Ч.Өнөрбаяр: Хориг бүрэн бүтэн болж чадсангүй

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

-Өршөөлийн хуульд тавьсан хоргийг намрын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороогоорхолбогдох өөрчлөлтүүдийг хийж байгаа ч хориг тавьсан заалтуудыг зүсийг нь хувиргаад оруулах гэж байна гэх юм?

-Хоригийн ажлын хэсэгт намайг оруулаагүй. Дандаа УИХ-ын гишүүд орж ажилласан. Өчигдөр холбогдох байнгын хороогоор Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Хоригийг үндсэндээ бүрэн бүтэн болгож чадсангүй. Хоригт тавигдсан хоёр жилийг хасахтай холбоотой 4 зүйл заалтыг хүлээж аваад авлига албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөлд хамруулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуульд хамруулахгүй гэсэн долоон зүйл заалтаас хээл хахуультай холбоотой ганц заалтыг хүлээж аваад бусдыг нь үндсэндээ өршөөлд хамруулахаар боллоо. Албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх мэт хэргүүдийг, мөн иргэдэд их хэмжээний хохиролучруулж залилан хийсэн хэргүүдийг өршөөхөөр болчихлоо.

-Залилангийн хэргийг өршөөхөр болж байгаа ньзөв үү? Хичнээн хэмжээний хохирол учруулсан байдаг вэ?

-Залилангийн хэрэг дээр 110 гаруй хэрэг, 5000 гаруй хохирогчтой. Өнөөдрийн байдлаар тогтоогдсон хохирлын хэмжээ 90 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ хэргүүд яах вэ гэсэн асуудал үүсч байна.

-Хоригийг нэгэнтээ бүтэн болгож чадаагүй бол цаашид Ерөнхийлөгчийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Өршөөлийн хууль дээр дахин хориг тавих боломж байгаа юу?

-Уг нь УИХ нэгэнт хүлээж авсан бол хоригийг бүтэн болгох ёстой. Цаашид яах талаар бид хуулийн гарцаа хайж байна. Дахин хориг тавих боломж байгаа. Өмнө нь ийм хориг тавьж байсан жишээ бий. 1999 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хоёр удаа хориг тавьж байсан удаа бий. Хоёр дахийг нь хүлээж авсан байдаг юм билээ.

-Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгтнүүд суллагчдчихаар тэдний учруулсан хохирлыг хэрхэх вэ? Жишээлбэл, залилангийн 90 тэрбум төгрөгийг хохирогчид хэрхэн эргүүлж олж авах вэ?

-Хуулиараа яваад хохирлоо барагдуулсан хүмүүс ял нь хөнгөлөгддөг энэ системээрээ явах ёстой юм. Бүхэлд нь өршөөчихөөр хадгаламж зээлийн хоршооны хэрэг дээр төр 30 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчбайсан. Харин одоо үүнээс гурав дахин их мөнгийг төр өгөх хэрэгтэй болж байна. Дээрээс нь хүн залилаад хэрэг хийсэн хүн зүгээр өршөөгдөөд, хохирсон, залилуулсан хүн хохироод үлдэх үү эсвэл төр залилагчдийн өмнөөс мөнгө төлөх үү гэдэг асуулт гарч ирлээ. Төрийн мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би цөөнх болсон

-Өчигдөр байнгын хорооны хурал дээр цөөнх болсон юм. Ямар ямар асуудлаар хэн цөөнх болсныг танилцуулга дээр биччихсэн байгаа. Цөөнх болсон гишүүд байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг УИХ дээр санал хураалгах эрхтэй. Хориг хүлээж авсантай холбоотойгоор өөрчлөлт оруулж байгаа учраас ерөнхий арааман дотроо гишүүдийн гаргасан саналаар чуулган дээр санал хураалгах эрхтэй. Тэгсэн эд нар хураалгахгүй гээд хаагаад байгаа байхгүй юу. Ингэж болохгүй. Ерөнхий дэглэм журмаараа арааман дотроо байгаа бол байнгын хороон дээр гишүүдийн олонхын санал аваагүй саналыг чуулган дээр ердийн журмаараа хэлэлцээд цашаа явах бололцоо байгаа" гэлээ. Ийнхүү байнгын хороон дээр санал хурах томьёолол дэр будлиан үүссэн хэмээн үзсэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж