-Нийслэл хотын албан татварын хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан NEWS агентлаг "ХОТЫН ТАТВАР"-ын асуудлыг онцлон, цуврал сурвалжлага хүргэж байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж, "Нийслэл хотын албан татвар"-ын хувь хэмжээг, нэг хувь байх журмыг баталсан. Мөн нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэж, баталсан. Ийнхүү "Нийслэл хотын албан татвар"-ын тухай хуулийн орчин бүрдэж албан ёсоор энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ. Татварын ерөнхий газар, Сангийн яам хамтран дээрх хуулийг, "Нэмэгдсэн өртөгийн албан татвар"-ын хууль буюу НӨАТ-ын урамшууллын системтэй уялдуулан хэрэгжүүлэхээр татварыг бүрдүүлэх програм хангамжийг боловсруулсан байна. Товчхондоо аж ахуйн нэгж, худалдааны төвүүд борлуулсан бараа бүртээ иргэдэд төлбөрийн баримтыг өгч, баталгаажуулах юм. Эргээд иргэд тухайн тооцооны талонаа хадгална. Энэ нь Татварын ерөнхий газарт худалдан авалт бүр бүртгэгдэж, иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг буцаан авч, урамшуулалт сугалаанд хамрагдах боломжтой болно. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих боломж бүрдэх юм. Гэхдээ энэ симтем үе шаттай хийгдэнэ. Учир нь "Нэмэгдсэн өртөгийн албан татвар"-ын хууль, НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох, урамшууллын систем ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Харин "Нийслэл хотын албан татвар"-ын хуулийн тухайд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн татвар авна. Тодруулбал, иргэн та 50000 төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авбал 500 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан юм. Улмаар ньюс агентлаг өнөөдөр дөнгөж хоёр хоногийн насжилттай яваа "Нийслэл хотын албан татвар"-ын хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд юу гэж ярьсаныг онцлон сийрүүлэв.
-"Нийслэл хотын албан татвар"-ын тухай хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт хоорондоо яаж уялдаж байна вэ?
-НӨАТ-ын урамшуулалын талон буюу иргэдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримтад хотын албан татварын нэг хувийн суутгал албан ёсоор бичигдэх юм. Өөрөөр хэлвэл талон дотор нь хоёр бараа, дөрвөн үйлчилгээнд програмын аргаар тусгай кодоор нь сонгоод хотын албан татварын тооцон гаргах юм.
-Хуулиндаа хотын албан татварыг яаж авна гэж заасан юм бэ?
-Тухайн нэр заасан бараа, үйлчилгээнд хотын албан татварыг ноогдуулаад, төлбөрийн баримтыг худалдан авагч буюу татвар төлөгчид олгоно гэж заасан. Энэ нь татварыг баримтжуулах, талон олгох программд сууж өгч, НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй уялдаж байгаа.
-Ажлын хэсгийнхэн "Нийслэл хотын албан татвар"-ын хуулийг олон нийт буюу татвар суутгагчдад сурталчилахад 37.5 сая төгрөгийн зарцуулсан гэсэн баримт байна. Татвар суутгагчдад албан ёсоор хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн үү?
-Нийслэлийн хэмжээнд хоёр бараа, дөрвөн үйлчилгээг явуулдаг аж ахуй нэгжүүдээс хэн суутган төлөгч нь байх вэ гэсэн бүртгэлийг явуулсан. Нийт 150 хороонд тооллого явагдаад, давхар хянагдаад 5245 суутгагч байна гэж тодорхойлсон. Энэ суутгагчийн баазаа татварыг тооцох програмдаа суулгаж байна. Үүний хажуугаар дээрх татвар суутгагчид буюу илүү хэрэгцээний бараа, үйлчилгээ явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүдэд хууль хэрхэн хэрэгжих вэ? ямар журмаар татвараа суутгах вэ гэдэг мэдээллийг хүргэсэн. Цаашид ч дээрх хүмүүсд зориулсан сургалтыг үе шаттай явуулах юм.
-Хамгийн гол нь худалдан авалтын баримтыг хэвлэх 1.5-1.6 сая төгрөгийн кассын машинтай бол гэсэн шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавиад эхэлсэн юм уу?
-Үгүй ээ. Одоо ихэнх худалдааны төв, үйлчилгээний газрууд өөрсдөө кассын машинтай болсон байна. Томоохон захуудын тухайд лангуу бүрт кассын машин байна гэхээсээ илүү эхний ээлжинд дундаа кассын машинтай болоо гэсэн шаардлагыг тавьсан. Програмын хувьд угаасаа НӨАТ-ын урамшуулалд оролцох талонтай хамтатган шийдэж буй учир нэмэлт төлбөр шаардлагагүй.
-Тэгвэл бүртгэгдсэн 5245 татвар суутгагчаас яг хэдэн нь өнөөдөр кассын машинтай байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт татвар суутгагчийн тооллого дуусч, хянагдсан. Одоохондоо яг энэ нарийвчилсан тоо гараагүй байна. Удахгүй татвар суутгагчдаас хэдэн нь кассын машинтай байна вэ гэдэг нь тодорхой болно. Үүний дараа худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд яг ямар програмтай кассын машиныг олноор ашиглаж байна гэдэг нь тодорхойлогдоно. Мөн НӨАТ-ын урамшууллыг тооцох, хотын албан татварыг суутгах програм нь хэр өргөн хүрээнд асуудалгүй сууж, уншигдах вэ гэдэг нь мэдэгдэнэ.
-Илүүт хэрэгцээний бараа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж иргэд нь татвар суутгагч буюу нийслэлийн Татварын газарт тухайн татварын мөнгийг хуримтлуулж, сар бүрийн 10-нд тушаадаг этгээд л байна гээд байгаа. Тэгвэл яг татвар төлөгч нь хэн байх юм бэ?
-Жишээгээр тайлбарлъя. Дэлгүүрт худалдан авалт хийхээр орсон Б өдрийн хэрэгцээнийхээ талх, сүү, өндөгөө тухайн газраас худалдан аваад гарвал тэр хүн татвар төлөгч биш. Харин өдөр тутмын бараан дээрээ нэмээд согтууруулах ундаа, тамхи худалдан авбал иргэн Б татвар төлөгч болно. Үндсэндээ "Нийслэлийн албан татвар"-ын тухай хуулинд заасан илүү хэрэгцээний архи, тамхиныхаа мөнгөн дүнгээс нэг хувийг нь хотын татварт тушаах юм. Нөгөө талдаа нийгэмд Иргэн Б шиг архи, тамхины худалдан авалт байнга хийдэг хүн Улаанбаатар хотод ховор. Иймээс хотын иргэн бүр татвар төлөгч болохгүй юм. Товчхондоо хотын татвар төлөгч байх эсэх нь иргэдийн сонголт.
-Тэгвэл татвар суутгагчаа яаж тодорхойлсон юм бэ? Согтууруулах ундаа, тамхи бүрийг худалдаалдаг түц дэлгүүр болгон татвар суутгагч байх уу? Хүн хоноглуулдаг, хоол үйлдвэрлэл явуулдаг газар бүр татвар суутгагч болох уу?
-Үгүй. Согтууруулах ундаа, тамхийг бусдад худалдах тодорхой стандартыг хангасан тусгай зөвшөөрөлтэй газрууд татвар суутгагчаар бүртгэгдсэн. Жишээлбэл хамрын тамхи, айраг хоёр бол дээрх барааны төрөлд орохгүй. Үүний адил хоол зардаг цайны газар, хүн ил далдаар хонуулдаг дэн буудал, амралтын газар, цэнгээний газар бүр татвар суутгагчид хамрагдахгүй. Монгол улсад дээрх дөрвөн төрлөөр үйлчилгээ явуулах стандартыг хангасан, нийслэлээс үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг л татвар суутгагчаар тодорхойлсон. Манай ажлын хэсгийн судалгаанд бүртгэгдсэн 5245 татвар суутгагчийг дотор нь задалвал тамхи борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй 1575, архи, согтууруулах ундаа худалдаалах эрхтэй 2930, албан зөвшөөрөлтэй 935 цэнгээний газар, 897 ресторан, 265 зочид буудал, 95 амралтын газар тус тус нийслэлд байна.
-Татвар суутгагчид ямар үүрэгтэй байх уу?
-Иргэдэд үйлчилгээ үзүүлээд, төлбөрийн баримтаа кассын машинаараа дамжуулан өгнө. Мөн тухайн бараа, үйлчилгээний үндсэн төлбөртөө хотын татварын нэг хувиа суутгаж, тооцон гаргасан дүнгээ төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Дахин хэлье. Татвар суутгагчдад шинээр татварын дарамт ирэхгүй. Илүү хэрэглээний бараа, үйлчилгээг сонгон авч буй гадна, дотны иргэд татвар төлөгч болно.
-Монголчууд гадны оронд зорчихдоо тухайн улс, хот бүрт хэд хэдэн татварыг төлдөг гэж эх сурвалжууд ярьж байна. Үүн шиг Монголыг зоригчид хотын албан татвар төлнө гэж энэ хуулинд заасан тийм үү?
-Жилд яг төдий тооны жуулчин хотын татвар төлнө гэсэн нарийвчилсан судалгаа гараагүй байна. Цаашид бол нарийвчлан жуулчдын тоог тодорхойлно. Товчхондоо нэг жилд 400-500 мянган жуулчин Монгол Улсыг зорьдог. Ингэхдээ Улаанбаатар хотоор бүгд дамжин өнгөрч, худалдан авалт хийдэг. Энэ жишгээр жуулчдын тоо нэмэгдэх тусам хотын татварт төвлөрөх хөрөнгө нэмэгдэх эерэг төсөөлөлттэй байна.
Хотын иргэд энэ татварын хуулинд хоёр талтай л хандаж байна. Хамгийн гол нь тэд энэхүү татвараас төвлөрсөн хөрөнгийг үр дүнтэйгээр, олон нийтэд ил тод зарцуулаасай. Татварын бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг иргэдэд чөлөөтэй олгоосой гэж хүсч байна.
Мэдээж иргэд, олон нийт татварын бүрдүүлэлт зарцуулалтанд шууд хяналтыг тавих боломжтой. Татвар суутгагчид нийслэлийн Татварын газрын тусгай дансанд энэхүү хотын татварыг төвлөрүүлнэ. Ингэснээр иргэд цахимаар дамжуулан нийслэлийн төрийн сангийн мэдээллээс албан татварын бүрдүүлэлт, зарцуулалтыг харж болно.
-Өнөөдрөөс /10.01/ албан ёсоор "Нийслэл хотын албан татвар"-ын тухай хууль хэрэгжээд эхэллээ. Татвар суутгагчид шууд энэхүү татварыг суутгаад явж байна уу?
-5245 татвар суутгагчдад албан ёсоор мэдээлэл хүргэж, зөвлөмж хүргэсэн. Ажлын хэсгээс хууль хэрэгжих бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Мөн Татварын ерөнхий газраас хотын татварын хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг аргачлалыг татварын газрын цахим хуудсанд оруулсан байгаа. Энэ аргачлалтай татвар суутгагчид бүрэн танилцах боломжтой. Ер нь хууль батлагдсан өдрөөс хойш буюу зургадугаар сарын 19-ний өдрөөс хойш 10 хоногийн дараа хууль биелүүлэх үүрэгтэй, иймээс хэн ч бай Монгол Улсын хуулийг биелүүлэх ёстой.
Дахин сануулахад, Улсын их хурал өнгөрсөн зургадугаар сард Нийслэл хотын албан татварын хуулийн төслийг хэлэлцэж батласан байдаг. Ингэснээр Улаанбаатар хот нийслэл гэдэг утгаараа анх удаа албан татвартай болж байгаа юм. Олон улсын жишгийг харахад дэлхийн томоохон хот болгон албан татвартай байдаг. Гэхдээ хот бүр татвараа олон янзын хувилбараар авч, хөгжил, дэд бүтцэдээ зориулдаг. Товчхондоо тухайн хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор дэлхийн хотууд өөрийн татвартай байдаг тухай эх сурвалжууд дурдаж байна. Монгол Улсын тухайд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд Улаанбаатар хот өөрөө төсөвтэй, татвартай байна гэж заасан байдаг юм. 1994 оноос хойш үе, үеийн хотын удирдлагууд хэд хэдэн удаа хотын татварын хуулийн төслийг боловсруулж байсан удаатай. Харин өнгөрсөн зун албан ёсоор ийнхүү Улаанбаатар хот албан татварын хуультай болсон нь энэ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ