Б.Болор: Төсвийн алдагдлыг 3 хувьд барина

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Б.Болор: Төсвийн алдагдлыг 3 хувьд барина

Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг аравдугаар сарын 1-ний дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ дагуу Сангийн сайд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Ирэх оны төсөв ямар байх талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.

-2016 оны нэгдсэн төсөвт алдагдлыг хэдэн хувьд барихаар тусгав. Орлого, зарлага ямар байдлаар туссан бэ?

Төсвийн орлого, зарлага 6.8 их наядаас 7.2 их наяд орчим төгрөгт багтана. Төсвийн алдагдлыг 3 хувьд барих зорилго тавьсан, үүнээс бууруулах боломжгүй байна. Төсөвт хийж байгаа зарчмын том өөрчлөлт бол сонгууль угтаж төсөв хөөсрүүлэх биш сонгууль угтаж зөв зам руу нь оруулж бодит эдийн засгийн өсөлтдөө тулгуурлаж төсвөө батлуулах нь зөв гэж үзэж, төсвийг боловсруулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ саналыг дэмжсэн.

УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Засгийн газрын өргөн барьсан төсөлд нэг их том өөрчлөлт хийхгүйгээр баталж чадвал үр нөлөө нь маш томоор гарна. Хэдийгээр 2016 онд энэ үр нөлөө 100 хувь гарахгүй ч гэсэн дээ 2017 онд бидний тооцоолж байгаагаар төсөв алдагдалгүй батлагдах бүрэн боломжтой. Цаашдаа 2018, 2019 оноос эхээд төсөв нэмэх тэнцэлтэй гарах боломж нээгдэнэ. Тийм учраас реформ хийх зайлшгүй шардлагатай байгаа юм.

-Жил бүрийн төсөв хөөсрөлтэй батлагдаж ирсэн. Харин одоо нэлээд танаж оруулж ирж байгаа гэлээ. Таналтыг ямар байдлаар хийх юм. Төсвөө өмнө нь ямар шалтгаанаар тэлдэг байсан юм бэ?

Сүүлийн зургаа, долоон жилийн хугацаанд төсвийг маш их хэмжээгээр тэлсэн. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний супер цикл гэж яриад байгаа эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд маш өндөр үнэтэй байсан үед баталж ирсэн жишиг юм. Тухайн үед дэлхийн зах зээлд угаасан нүүрс 140-150 ам.доллар хүрч, зэс 10 мянган ам.доллартай тэнцэж байсан. Түүнийг нь дагуулаад төсвөө тэлдэг байсан. Одоо төрийн албан хаагчид 180 мянгад хүрсэн байна. Гурван сая иргэнтэй улсад энэ том тоо. Гэхдээ бид өнөөдөр ямар өөрчлөлт хийх вэ гэхээр ямар ч байсан бүтцээ оновчтой болгоё. Төрийн зарим нэг эрх үүргийг төрийн бус байгууллагууд руу нь шилжүүлье. Мөн төсвийн зөв бодлого хэрэгжүүлж, эрүүл төсвийг батлуулж гаргаснаараа бид олон улсын валютын сантай ч юм уу хэлэлцээр хийхэд дөхөм болдог. Дээрээс нь манай зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ хэмжээгээрээ мөнгөний бодлого зөөлрөх эерэг нөлөөтэй. Тэр хэмжээгээр банкууд маань хувийн хэвшлүүдэд зээл олгодог болно. Энэ мэтчилэн эерэг нөлөөнүүд үзүүлэх учраас үүнийг улс төржилгүйгээр эртхэн хийх шаардлага байна. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг энэ саналыг маань дэмжлээ.

Бусад улс төрийн хүчнүүд улс төржилтөө түр зогсоогоод улс орондоо хэрэгтэй гэсэн энэ өөрчлөлтүүдийг дэмжээсэй л гэж хүсч байгаа.

-Зарим агентлагуудыг татан буулгах сураг дуулдаж байна. Энэ тохиолдолд төрийн албан хаагчдын ажлын байрны асуудал яригдах уу?

Бүтцийн өөрчлөлтийг 2016 оны наймдугаар сарын 1-нээс гэж оруулсан. Энэ нь есөн яамтай ажиллах бололцоог харж байгаа юм. Тэгэхээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс нэлээн хэдэн агентлагууд татан буугдах, зарим агентлагууд нэгдэж ажиллах мөн янз бүрийн ажлын албууд, маш том данхар бүтцийг цомхотгоод явья гэсэн чиглэлтэй байгаа.

-Ажлын байрны цомхотгол хийгдэх юм уу?

-Ер нь бид ийм юм ярьж байна. Ажлын байруудыг цомхотгохгүй. Бусад улс орнууд ч гэсэн эдийн засаг хүндрэлтэй үед хийгддэг арга хэмжээнүүдийг л авна. Төсвийг тодорхой хэмжээгээр бууруулж өгнө. Мөн үйл ажиллагааны санхүүжилтүүдийг л хийнэ гэсэн үг. Эдийн засгийн хүндрэлтэй үед улс орнууд иймэрхүү арга хэмжээг авдаг.

Зүүн Европын болон баруун Европын зарим улсууд эдийн засгийн маш том хүндрэлтэй үедээ уриалга гаргаж байна. Тийм учраас эхний ээлжинд улс төрийн албан тушаалтнууд болон төрийн өндөр албан тушаалтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр бууруулья. Мөн тусгай хангамжуудаас татгалзья гэсэн асуудал орж байна. Үүнд УИХ-ын гишүүдийн туслахууд орж байгаа. Энэ байдлаар хэмнэлт хийнэ. Харин төрийн үйлчилгээн дээрээ ямар ч байсан цалин бууруулахгүй гэдэг энэ байр сууриар хандана.

-Энэ оны төсөвт тодотгол хийхдээ таналтыг хэдий хэмжээгээр хийх вэ?

2015 оны төсвийн тодотгол дээр 900 тэрбумын таналт хийнэ. Хамгийн гол нь бид өнөөдөр төсвөө тэлчихсэн байгаа үед төсвийн алдагдлаа 4 хувиар батлах юм бол Монгол Улсын эдийн засаг доошоо л унаад байна. Тийм учраас төсвийн алдагдлаа багасгаж 3 хувь дотор оруулж ирнэ. Би дээр хэлсэн, 2016 оны төсвийн алдагдлыг мөн 3 хувьд бариулна. Энэ реформыг хийсний үр дүн 2017 онд гарна. 2017 оны төлвөөр бол төсвийн алдагдал 0 болно. Эдийн засаг маань маш эрүүл болж байна гэсэн үг, хувийн сектороо дэмжинэ. банкны салбар дээр реформ явна, энэ бүхнийг хийх цаг нь болсон байна.

-Дэд сайд нарыг яах юм бэ, одоо томилох юм уу, үгүй юм уу?

-Төсвийн тодотголыг УИХ-аас яаж батлахаас хамаарна. Оруулж ирснээр батлагдах юм бол дэд сайд нарыг цомхотгоно. Өнгөрсөн жил УИХ-аар төсөв ярьж байхад дэд сайд нарыг байхгүй болгох юм ярьснаа буцсан. Үнэндээ МАН-ынхан гүйсээр маргааш нь дэд сайд нарыг буцаагаад тавьчихсан л байхгүй юу даа.

-Шинэ бонд гаргана гээд байгаа. Болох юм уу?

-Энэ асуудлыг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн бодит цусны эргэлт явж байх ёстой. Энэ онд улсын өрийн дээд хязгаарыг 58.3 хувь гэж УИХ-аас баталсан. Тэр хэмжээндээ улс бондоо гаргаад явдаг. Чөлөөт зах зээлийн зарчим гэдэг энэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж