Улс төр уугиж эхэллээ. УИХ-ын чуулганы танхимд хэзээ, мөдгүй “түймэр” асч, ассан түймрийнх нь дөлд эдийн засаг бүхэлдээ хуйхлагдаж магадгүй байна.
Одоогоос зургаан сарын өмнө Ардчилсан намын дарга З.Энхболд “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгаа” хэмээн намынхаа 25 жилийн ойн баярын хурлын индэр дээрээс зарлаж байв. Гэвч, түүний хэлсэнд итгэсэн нь тун цөөхөн. Учир нь тэрбээр, өөрийнхөө удирддаг “Шонхор” фракциасаа ажлаа эхлүүлсэн бол З.Энхболд даргын хувьд ойн баярынхаа хурал дээр тараасан мэдэгдэл нь ядаж намынханд нь үнэмшилтэй сонсогдох байсан биз.
Ардчилсан нам угаасаа доторх зодоон, цохионоо Ардын нам шиг тогоондоо хайрцаглаж чаддаггүй нам. Үүнийгээ тэд “дотоод ардчилал” гэх гэнэн бөгөөд хөгийн тайлбараар хайцаалах гэж яддаг. Гэвч, үнэндээ Ардчилсан намын даргын хэлсэнчлэн нам нь фракцигүй болбол ёстой л Монголын улс төрд “нар баруунаас мандах” байсан бизээ.
Эрх барьсан цагаасаа АН-ын дотоод зөрчилдөөн хурцдаж, одоо бүр Монголын улс төрийг “галзуугийн больниц” болгон хувиргасан байна. Тэдний тэмцэл улс төр төдийгүй нийгэм, эдийн засагт ч хорлонтойгоор тусч байгааг статистикийн тоон үзүүлэлтүүд харуулсаар.
Ардчилсан нам нь таван намын нэгдэл. Тиймдээ ч тус нам олон фракцитай. Хамгийн сүүлд гэхэд Соёмбо нэртэй шинэ фракцийг Г.Батхүү тэргүүтэй нөхдүүд байгуулсан билээ. Улс төрийн нам фракцитай, фракциуд нь зөрчилтэй байдаг нь хаана ч харагддаг хэвийн үзэгдэл. Харин энэ удаад АН-ын фракциудын зодоон хэтэрхий увайгүй, улс орноо хорлон сүйтгэх шинжтэй болсонд гол учир нь байгаа юм. Н.Алтанхуягийг суудлаа өгснөөс хойш, Ардчилсан намын зөрчил халуурлын дээд хэмжээндээ хүрсэн. Намын эрх мэдлийг булаацалдсан Ардчилсан намын фракциуд үнэндээ улс орон, эдийн засаг, иргэдийн амьдралаар зүгээр л тоглож байна гэвэл худлаа болохгүй юм.
Эдийн засаг нь хөрөнгө мөнгөний хомсдолд орж, харсаар байтал нүдэн дээр нь уруудан доройтсоор атал УИХ дөрвөн намар, гурван хаврын чуулганаар зөвхөн сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлыг хөндлөө. Үнэндээ үүнээс өөрөөр ярих сэдэв, хийх ажил УИХ-д алга уу гэж асуумаар байх юм. Н.Алтанхуягийг огцруулснаар юу өөрчлөгдөв, Ч.Сайханбилэгийг огцруулснаар юу өөрчлөгдөх юм бэ гэдгийг өнөөдөр бодолцох цаг болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийнхээ дөнгөж нэг хувьтай тэнцэж, улсын алдагдал нь хэдэн зуун тэрбумаар тоологдож, аргаа барсан Сангийн яам нь цалин, тэтгэврээс бусад зарлагынхаа дансыг хаахдаа тулчихаад байхад дахиад л сайд огцруулна гэж улстөржиж байгаа энэ УИХ тарсан нь эдийн засагт бараг л өлзийтэй юм шиг ээ.
Улс төрийн хүрээнд “Шонхордох” гэсэн үг хэдийнэ тренд болсон. Яг нэг жилийн өмнө Ардчилсан намынхан “Шонхор”-дох аргаар Н.Алтанхуягийнхаа засгаар туг тахиж байлаа. “Шонхор” фракцийнхан энэхүү шалгарсан арга, залиа Н.Алтанхуяг дээр ганцхан ашигласан юм биш. Өнгөрсөн есдүгээр сард зарлан хуралдуулсан Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед ч “Шонхор”-ынхон өвчтэй, чөлөөтэй, томилолттой гээд ихэнх нь “алга болчихсон” тал бий.
Өнөө өглөө нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 27 асуудлаас ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэхээр болж. Өргөн барьсан хүмүүс нь О.Баасанхүү тэргүүтэй “биеэ үнэлэгчид” болохоос цаанаа улс төр дэх ээлжит нэгэн “Шонхордох” үйл ажиллагаа өрнөж байгаа нь тэнэг хүнд ч ойлгогдохоор ил байна. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг огцруулах улс төрийн сум нь мөнөөх оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн гэх О.Баасанхүү, нум нь нөгөөх “Шонхор” фракци гэж харагдаж байгаа юм. “Шонхор” фракцийг өнөөдөр "Бридж"-ийн гэх Д.Ганхуяг албан ёсоор ахалж буй ч, нэдэр дээрээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд удирдсан хэвээрээ байна.
Энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах төлөвлөгөөг “Шонхор”-ынхон боловсруулж,бие даагчид болон "биеэ үнэлэгчид" гардан хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, Шийдлийн засгийг огцруулах хуйвалдааныг холоос хайх хэрэггүй. МоАХ, "Шонхор"-ын тэргүүтэй хэдэн нөхдийн хийж буй үйлдэл. Эхлээд С.Баярцогтыг, дараа нь Ч.Сайханбилэгийг онилсон “Шонхор”-ыхны энэ төлөвлөгөө биелэгдвэл С.Эрдэнэ Ерөнхий сайд болох юм гэнэ билээ. Энэ тохиолдолд Тавантолгой З.Энхболдын мэдэлд очно. Түүнээс С.Эрдэнэ Ерөнхий сайд болсноор доллар 1000 болж буурахгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, эдийн засаг хямралаас гарчихгүй юм. Итгэл үгүй бол мөнгө байхгүй. Иймээс Ерөнхий сайд хэн байхаас илүүтэйгээр итгэлийг бий болгох улс төрийн тогтвортой орчин Монголд хэрэгтэй байна.
Улс төрийн хүрээнд “Шонхордох” гэсэн үг хэдийнэ тренд болсон. Яг нэг жилийн өмнө Ардчилсан намынхан “Шонхор”-дох аргаар Н.Алтанхуягийнхаа засгаар туг тахиж байв. Тус фракци энэхүү шалгарсан арга, залиа Н.Алтанхуяг дээр ч ганцхан ашигласан юм биш. Өнгөрсөн есдүгээр сард зарлан хуралдуулсан Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед өнөө л “Шонхор”-ын хэд өвчтэй, чөлөөтэй, томилолттой гээд утсаа салгаад “алга болчихсон” тал бий.
Өнөөдөр ч энэхүү шалгарсан аргаараа Ч.Сайханбилэгийн Засгийн унагаахаар төлөвлөж байгаа бололтой
Хэрэвзээ засаглалын хямрал дахин нүүрлэбэл, эдийн засгийн өсөлт хасахтай гарна гэж мөрийцье. Эрдэс баялгаа эргэлтэд оруулах хэлбэрээр Тавантолгойг урагшлуулах гэсэн Ч.Сайханбилэгийн төлөвлөгөө УИХ-ын дарга З.Энхболд болон түүний фракцийнханд таалагдаагүй юм. Тиймээс Ч.Сайханбилэгийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил болгоныг гагцхүү “Шонхор”-ынхон л гацааж, унагаах болсон. Улс төр дэх “урвалт, шарвалт” хор, хуйвалдааны ард дандаа “Шонхор”-ынхон байдаг болсон. “Шонхор” байгаа цагт улс төрийн хямрал угаасаа дуусахгүй гэдэг нь нэн ойлгомжтой байна.
Нэгэн цагт Ардчилсан намын зүг чиг, албан тушаалд гадас мэт зоолттой явсан Алтангадасын эрх мэдэл суларч, тэрхүү эрх мэдлийн төлөө Ардчилсан намын бүх л фракци алалдаж байна. Дөрвөн жил шахуу тамираа тасартал зодолдож буй фракциудын зодооноос болоод Ардчилсан намын нэр хүнд шалдаа унажээ. Жирийн иргэд бүү хэл, намын гишүүд нь хүртэл залхаж, цөхөрч байна шүү дээ. Энэ хэрээр ирэх оны сонгуульд Ардчилсан нам ялна гэсэн итгэл ч бөхөж, тус намын фракциудын тэмцэл харин Ардын намд хамгийн ашигтайгаар эргэж байна. Ардын нам дотор эрх мэдлийн төлөөх хуваагдал, тэмцэл сэмхэн өрнөх болсон. Гэвч, тэд ямар ч тохиолдолд хэрүүлээ тогоон дотроо үлдээж чаддаг давуу талтай. Харамсалтай нь, Ардчилсан намынханд хүн чанар, эв нэгдэл адаглаад л багийн тоглолт байдаггүй. Тиймдээ ч Н.Алтанхуягийг "Шонхор"-дсон АН-ын гишүүд ахиад Ч.Сайханбилэгийн засгаар тоглохоор бие халаалтаа эхлүүллээ. Гэхдээ, нэг зүйлийг сануулахад тулалдаанд зөвхөн “Шонхорууд” л нисдэг гэж битгий хадуураарай. Улс төр дэх “Шонхордох” ажиллагаа болгоны ард эдийн засаг, иргэд л дандаа хохироод үлддэг шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН