NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.
АГУУЛГА: (Либертари үзэлтэй анхлан танилцахуй: Либертари үзлийн үүсэл; Гол төлөөлөгчид, тэдний бүтээл; Либертарианизм нь анархист болоод утопи үзэл мөн үү?; Либертари үзэл либерализмаас юугаараа ялгаатай вэ?; Либертарианизмын үндсэн утга; Дэлхий нийтэд болоод Монголд тархсан байдал)
ЯРИАНЫ СЭДЭВ:
Утас дуугарч байна. Олон жилийн өмнө МУИС хамт төгссөн нэгэн танил маань ярьж байх юм. Хэдэн жилийн өмнө (2010 онд шиг санаж байна) гаргасан Эрх чөлөөний дайсан хэмээх либертари номыг минь номын дэлгүүрт байхыг хараад худалдан авчээ. Тэгээд уншаад үзтэл дотор нь жинхэнээсээ “арзганасан” (өөрийнх нь хэлснээр) гэнэ: “Номон дээр чинь хүлээн зөвшөөрөхөд хэцүү, маргаж мэтгэлцмээр зүйл их байна” гэж байна.
Танилаа урив. Нэгэн уулзалтаар дуусахааргүй олон асуулт, сэдэвтэй иржээ. Түүнээс хойш бид хоёр байнга шахуу санал солилцож, мэтгэлцдэг болсон юм. Ярианы сэдэв уншсан ном, тохиолдсон явдал, нийгэм-улс төрийн үзэгдэл, үйл явц гээд янз бүрийн зүйлээс эхэлдэг байв. Энэ ном бүхэлдээ бид хоёрын ярианаас бүтнэ. Найзынхаа нэрийг Х.Х гээд товчилчихъё.
Х.Х: Либертари үзлийг сурталчилсан номыг чинь уншив, “мэл гайхаж, цэл хөхөрнө” гэгч л боллоо. Төрийг эсэргүүцээд байгаа хүн юм аа даа, чи! Хүн төрөлхтний түүхэнд төргүй байсан үе байна уу, нийгэм байсан цагт төр байж л таарна. Коммунист юм уу, фашист төрийг эсэргүүцэж, шүүмжилсэн бол хүмүүс ойлгоно. Ерөөсөө төр, тэр тусмаа ардчилсан төрийг эсэргүүцнэ гэдэг …! Яаж ийм гэнэн бодол толгойд чинь орж ирдэг байна аа! Ийм хачин үзэл байдаг гэж үү?
Б.Б: Тийм ээ, миний яриад байгаа либертари үзлийн туйлын зорилгыг “төрийн эрх мэдлийг (үүний дотор ардчилсан төр ч багтана) минимум хэмжээнд аваачиж, хувь хүний эрхийг максимум хэмжээнд тавих” явдал хэмээн тодорхойлж болно.
Х.Х: Чи бид хоёр чинь МУИС-ийн НУФ-ыг (Нийгмийн Ухааны Факультетыг) төгссөн, нийгэм, хүмүүнлэгийн ухааны дээд боловсролоор үл барам зэрэг, цолтой хүмүүс шүү дээ! Философи, социологи, хууль, улс төр судлалын нэлээдгүй олон ном уншлаа. Алинд нь ч ийм юм байдаггүй шиг санагдах юм. Тэр ч бүү хэл, ардчиллын онолд ч ийм зүйл заадаггүй байх!
Б.Б: Үнэн, тэр үед зааж байгаагүй, одоо ч заадаггүй, ойрын үед ч заахгүй л болов уу. Харин англи хэл дээр төрийн талаар шүүмжлэлтэй авч үзэн төрийн эрх мэдлийг боломжийн хэмжээгээр хязгаарлаж, хувь хүний эрх чөлөөг дээд зэргээр хэрэгжүүлэх санаа оноо гаргасан олон зохиол байдаг юм шүү.
Х.Х: Жишээ татаж хэлээч?
Б.Б: Англи дээрх зохиолуудыг дурдъя гэвэл барагдахгүй. Эхлээд монгол хэлнээ хөрвүүлэгдсэн хэдэн суурь бүтээлээс эхэлье: Адам Смитийн Үндэстний баялаг, Ф.Бастиагийн Хууль; Эдийн засгийн софизмууд; Эдийн засаг дахь эв зохицол, Ж.Б.Сэйгийн Улс төрийн эдийн засгийн ухааны шинжилгээ, Л. Мизэсийн Либерализм, Ф.Хаекийн Боолчлогдох зам, А.Рэндийн Эх сурвалж; Атлантын мөр тэнийв; Бид амьд хүмүүс; Сайтар эргэцүүл!; Магтуу, М.Фридманын Хувь заяагаа сонгох нь; Капитализм ба эрх чөлөө, М.Ротбардын Төрийн анатоми, Х.Хаазлитын Эдийн засгийг нэгэн хичээлд, АНУ-ын Үндсэн хууль.
Эдгээрээс гадна монгол хэлнээ орчуулагдаагүй Жон Локкийн Засаглалын тухай хоёр шашдир, Ж.С.Миллийн Эрх чөлөөний тухай, Томас Пэйнийн Эрүүл ухаан, Х.Д.Торөүгийн Иргэний дуулгаваргүй байдал, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг гээд суурь бүтээлүүд байна. Эдгээрээс ч өмнө Европын орнуудад 1220-иод оны үед гарсан Магдэбургийн хууль (Герман), Алтан тогтоол (Унгар), Магна Харти (Англи) зэрэг хууль тогтоомжид либертари санаанууд гарч байсан байдаг. Европын түүхэн дэх Шашны шинэчлэл (Reformation), Сэргэн мандалт (Renaissance), Соён гэгээрүүлэх (Enlightenment), Хүмүүнлэгийн (Humanism) хөдөлгөөнүүд ч энэ үзэл санааг үүсэхэд зохих хэмжээгээр нөлөөлсөн. Дашрамд хэлэхэд, 1776 он бол либертари үзлийн хувьд чухамхүү од гийсэн жил болсон юм. Энэ онд дэлхий ертөнцийн хойшдын хувь заяанд эргэлт хийсэн, либертари санаа бүхий гурван гайхамшигт бүтээл гарчээ. Смитийн Үндэсний баялаг, Англиас Хойд Америкт очсон сэтгэгч Томас Пэйнийн Эрүүл ухаан хэмээх товхимол (эрх чөлөөт улс – үндэстний шашдир болсон энэ бүтээлд төрийн оролцоогүй “аяндаа гарсан эмх журмын” хүчтэй талыг яруу тод өгүүлж, ингэснээрээ хүмүүсийн урам зоригийг асар ихээр сэргээсэн юм), мөн эдүгээ “АНУ – ын эцэг” хэмээн нэрлэгдэх болсон Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин, Жон Адамс зэрэг хүмүүсийн оролцоотой бичигдсэн Тусгаар тогтнолын Тунхаг. Би орчуулагдсан болон орчуулагдаагүй хэдэн суурь бүтээлээс дурдлаа. Түүнээс биш өнөөгийн либертари сэтгэгчдийн бүтээлиийг оролцуулах юм бол хэдэн хасаг тэрэг болно.
Монгол хэл дээр ч овоо олон бүтээл бий болсон шүү. Ер нь номын төгсгөлд жагсаана аа.
Жон Локк 1632 оны VIII сарын 29-нд Английн Сомерсет гүнлэгийн Рингтон хотноо төрж, 1704 оны X сарын 28-нд Эссэкс гүнлэгийн Оатэс хотноо насан өөд болжээ. Эхлээд Оксфордын Их сургуульд анагаах ухаан, шинжлэх ухаанд суралцаж төгсөөд эмч болов. Дараа нь Английн нэрт философич, улс төрч III Шафсбэрригийн зөвлөх, багшаар ажиллажээ. Түүнийг Францад очоод байх үед нь Шафсбэрри эрх мэдлээсээ унасан тул 1683 онд Нидерланд уруу өөрийг нь дэмждэг III Уильям дээр очив.
Локк 1688 оны Сүр жавхлант Хувьсгалын дараа Англид буцан ирж, Дээд шүүхийн гишүүнээр насан эцэс болтлоо ажиллажээ. Тэрбээр философичийнхоо хувьд Хүний ойлголтын тухай эссэ хэмээх гол бүтээлээ туурвисан юм. Гэхдээ либертари үзлийн хувьд 1690 онд хэвлүүлсэн Засаглалын тухай хоёр шашдир бүтээл нь онцгой ач холбогдолтой. Энэ бүтээлдээ хүмүүний төрөлх эрх, төрийн эрхийг хязгаарлах, захирагчид олон түмэнд үйлчилж байх тухай санаануудыг гаргасан. Чухамхүү энд гаргасан зарчим, санаанууд нь Америк, Францын хувьсгал болон АНУ-ын Үндсэн хуульд нөлөөлсөн юм.
Локкийн Засаглалын тухай хоёр шашдир
Х.Х: Смитийн Үндэстний баялаг танай үзэлтэй холбогдох нь ой тойнд бууж байна аа, бас Пэйн гэгч хүний Эрүүл ухаан номд төрийн оролцоогүй тогтдог эмх журмын өгүүлдэг юм байж. Харин Тусгаар тогтнолын Тунхаг танай үзэлтэй хэрхэн холбогддог юм бэ?
Б.Б: Тунхгийг бичиж байх үед Европоос Америкт дүрвэн очигсод хуучин тивд байснаас тэс өөр, цоо шинэ нийгмийг цогцлоож байв. Энэ нийгэмд хувь хүн юу сонирхох, ямар ном уншиж, ямар шашин шүтэх нь тэр хүний л хэрэг байсан бөгөөд гол нь бусдынхаа тийм эрхийг хөндөж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байв. Тэд шинэ тивд эдийн засгийн эрх чөлөөг олж, өөрсдийн бий болгосон өмчийг гартаа барьсан буугаар л хамгаалж байлаа. Төрөөс хамгаалалт, ивээл, тус хүссэнгүй. Европт байхад нь дарлаж байсан хаан, дарангуйлагч, язгууртнууд, тайж ноёдын засаглалаас (товчдоо, төрөөс) эрх чөлөөний мэдрэмжтэй, хөдөлмөрч, тэмцэгч тэр хүмүүс ихэд болгоомжилдог байж. Тиймээс ч “хамгийн бага засагладаг төртэй, хамгийн их эрх мэдэлтэй иргэд” оршдог нийгмийг бий болгожээ. Тэр үед бий болгосон төр нь Линкольнийн хэлснээр ёстой л ард түмэн “өөрсдийн төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байлаа. Нөгөө Ливайфан буюу далайн мангас (Томас Хоббс төрийг ингэж тодорхойлсон байдгийг чи санаж байгаа байх) чинь өөрийгөө бүтээгчдэд жинхэнэ утгаар үйлчилж эхэлсэн юм.
Х.Х: Энэ ч яах вэ, ойлгомжтой. Харин энэ үзэл чинь биеэ үнэлэх явдал, марихуан хэрэглэгчдийг хамгаалдаг юм билээ шүү дээ!
Б.Б: Тийм.
Х.Х: Ишш, Батчулуун минь, яаж ийм юм байж болох юм бэ? “Будаач, будаач гэхээр сахлаа будна” гэгчээр эрх чөлөөг өмгөөлнө гэхэд ийм эрх чөлөөг ч хамгаалж арай болохгүй байх аа.
Б.Б: Өөрийгөө аваад явчих ухаан бодол, тэсвэр тэвчээртэй, бусдад лай ланчиг болохгүй бол юу хэрэглэж болох хийгээд болохгүйгээ бусдаар, тэр тусмаа төрөөр заалгах ёсгүй гэж бид үзнэ.
Х.Х: Хоёулаа энэ талаар дараа ярилцъя. Олон сэдвээр ярилцах учраас анхнаасаа жаахан системтэй ярья. Энэ сэдэв чинь эрх чөлөөтэй холбоотой байх. Эрх чөлөөний тухай ярих үедээ жаахан дэлгэрүүлье, тэгэх үү?
Б.Б: Тэгье, хэзээ ч ярихад бэлэн.
Х.Х: Түрүүнд чи баахан номын нэр хэлэхдээ Адам Смитийн Үндэсний баялаг-ийг дурдана лээ. Бодвол Смитийн laissez-faire, зах зээлд төр хөндлөнгөөс үл оролцох зарчим, “үл үзэгдэх гарын” зохицуулалт гэсэн утгаар танай либертари үзэлтэй холбогддог байх, тийм үү?
Б.Б: Яг үнэн.
Х.Х: Тийм байдаг байж. Чи номдоо татвар, даатгал, нийгмийн халамжийг үгүйсгэсэн байсан. Ингэж болно гэж үү?
Б.Б: Философи, логикийн үүднээс сайн үндэслэл гаргаж болно. Аль сэдвээс эхлэх вэ, татвар уу, даатгал уу, нийгмийн халамж уу?
Х.Х: Чамтай олон зүйл ярих хэрэгтэй болоод байна. Ийм онцгой сэдвээр дараа, тусад нь ярилцвал яасан юм бэ? Олон асуудлыг хооронд нь хольж байгаад асуудлаас зайлсхийчхэж магадгүй гэж хардаад байна.
Б.Б: Тийм юм байхгүй, надад ч гэсэн нэг сэдвээр тухайлан ярилцахад зүгээр л байна. Дутуу дулим тайлбарлаж, өнгөц ойлголт үлдээмээргүй байна.
Х.Х: Бидний үед чиний яриад буй иймэрхүү үзлийг анархист үзэл гэдэг сэн?
Б.Б: Тийм ээ, либертарианизмыг орчин үеийн анархизм гэдэг хүмүүс байдаг л юм. Либертари үзлийг анх сонирхож байх үедээ өөрийн танил, Америкийн нэгэн эрдэмтнээс (Пенсильванийн Их сургууль, доктор Пауло Саблофф) энэ үзлийн талаарх санаа бодлыг нь асуухад яг ингэж хэлж билээ. Тийм ээ, либертарианизм, анархизм хоёрт төсөөтэй зүйл ч бий, ялгаатай зүйл ч их бий. Гэхдээ төсөөтэй тал нь үзэгдлийн шинжтэй бол ялгаатай тал нь мөн чанарын шинжтэй.
Х.Х: Нэгэн бодлын их хийсвэр, утопи ч үзэл юм шиг?
Б.Б: Хүмүүс яг ингэж үзэж байсан учраас ХХ зууны улс төрийн философийн хамгийн том төлөөлөгчдийн нэг, Харвардын Их сургуулийн профессор агсан Робэрт Нозик Анархи ёс, төр, утопи үзэл номоо 1974 онд бичсэн юм. Төрийг үзэх либертари үзэл бол анархизм ч биш, утопи үзэл ч биш гэсэн утгаар бичсэн гэж болно. Хойшдоо бид хоёрын ярианд энэ асуудал хөндөгдөнө, тэр үед тодруулъя.
Х.Х: Либертари үзэл чинь баахан зарчмуудтай юм аа даа: “аяндаа тогтсон эмх журам”, “хүлцэн тэвчихүй”, “үнэгүй хоол гэж байдаггүй”, “сүйрүүлэн бүтээнэ” ч гэх шиг.
Б.Б: Тийм ээ, өөр ч олон зарчим, тулгуур ойлголтууд бий.
Х.Х: Хараад байхад энэ үзэл чинь либерализм л байна даа. Нэр нь л өөр болохоос.
Б.Б: Яг либерализм гэж болохгүй. Либерал ба либертари үзлийг ялгасан хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгд, либерализм гэсэн нэр томьёо улс төр ярьсан хүн бүрийн амнаас унадаг үг, хэтэрхий улс төржиж, бараг бүх нам авч хэрэглэхийг боддог нэр томьёо болсон. Гэтэл либертари үзэлтнүүд улс төрөөс аль болох хол байхыг хичээдэг; Хоёрт, дэлхий тодруулбал АНУ-д либерализм гэсэн нэр томьёогоор янз бүрийн тэр ч бүү хэл , либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн үзэл-хөдөлгөөнийг тэмдэглэдэг болжээ. Тухайлбал, одоо АНУ-д либерализм гэсэн нэр томьёогоор социалист үзэл санааг тэмдэглэх нь олонтаа. Тиймээс энэ үгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд шинэ нэр томьёог хэрэглэх нь зохистой болсон хэрэг; Гуравт, сонгодог либерализмд авч үзэх бололцоогүй байсан олон шинэ асуудал (эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцүү байдаг; Дөрөвт, либертарианизм гэсэн үг этимологи (үгийн гарал үүслийн) утгаараа хувь хүний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илүү тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг.
Х.Х: Энэ үзлийг үндэслэгчид болоод одоо байгаа төлөөлөгчдийн талаар жаахан тодотгох уу?
Б.Б: Бүр дээрээс ярих юм бол эртний Хятадын Лао-Ци (ХТӨ VI зуун), Грекийн зохиолч Софокл (ХТӨ 496-406 он), Стоикийн хуульч Цицерон (ХТӨ 106-43 он) гэсэн сэтгэгчдийн үзэл санаанд либертари үзлийн зарим элемент байсан гэдэг. Элемент шүү, түүнээс бус тэднийг либертари үзэлтэн гэж байгаа юм биш. Дараа нь дээр хэлсэн Европт гарч байсан зарим нэг хууль тогтоомжид либертари утга бүхий заалтууд орсон байдаг. Улмаар XVII-XVIII зуун болж ирэхэд Ж.Локк, А.Смит, Ж.С.Милль, Ж.Адамс, Т.Жэффэрсон, Ф.Бастиа, Ж.Б.Сэй, Т.Пэйн, Х.Торөү зэрэг либерал сэтгэгчид төрөв. Эд бол манай үзэл санааны эрхэмлэн хүндэтгэдэг өвөг дээдэс мөн.
ХХ зуунд Л.Мизес, Ф.Хаек, А.Рэйнд, М.Фридман, М.Ротбард гэсэн таван том “акул” гарч ирсэн (Хэнри Хаазлитыг ч энд багтааж болно). Хаек, Фридман хоёр Нобелийн шагналтай, Мизэс энэ шагналд тодорхойлогдож байсан бол нөгөө хоёр нь тэр шагналд ч томдохоор болчихсон хүмүүс шүү дээ. Фридманын хүү Дэвид Фридман гэж бий, тэрээр бүр цаашилж, анархо-капитализмын том төлөөлөгч болсон. Дашрамд хэлэхэд, Ротбардыг анархо-капитализмыг үндэслэгч гэж үздэг. Айн Рэнд бол Симонэ дэ Боувар, Анна Арэнд, Сюзан Сонта нарын адил ХХ зууны “банзалтай суутны” нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Монголд хамгийн их уншигдаж, хэлцэгддэг нь Айн Рэнд. Х.Хаазлит, Р.Нозик нар энэ үзлийг өнөө үед буухиалан авчрахад их хувь нэмэр оруулсан даа. Одоо амьд сэрүүн буй үй олон төлөөлөгч бий бөгөөд миний бие 2007 онд Прагад болсон либертари үзэлтнүүдийн Их хурлын үеэр нэлээдтэй нь биечлэн танилцсан. Тэдний олон ч бүтээлийг монгол хэлнээ орчуулсан даа.
Х.Х: Эртний Ромын үед Като гэж сэтгэгч бас байсан байх аа?
Б.Б: Тийм ээ, Като (Бага Като, ХТӨ 95-45 он) бол Эртний Ромд тогтоосон Юли Цезарийн дарангуйллын эсрэг Бүгд Найрамдах Улсыг хамгаалан тэмцэж байсан сенатор. Түүний нэрээр одоо Вашингтонд буй нэг либертари институци нэрлэгдсэн байдаг. Катогийн институци буюу Катогийн хүрээлэн.
Шотландын нийгмийн философич, улс төрийн эдийн засагч Адам Смит 1723 оны VI сарын 05-нд Шотландын Фифэ гүнлэгийн Кирккалди хотод төрж, 1790 оны VII сарын 17-нд Эдинбургт насан эцэслэжээ. Гаалийн ажилтны хүү тэрээр Глазгоу, Оксфордын Их сургуульд суралцав. 1748 оноос Эдинбургт уншсан цуврал лекц нь түүнийг Давид Хюмтэй насан турш нөхөрлүүлж, Смитийг 1751 оноос Глазгоуд багшлах ажилд ороход тус болжээ. 1759 онд Ёс зүйн онол-оо хэвлэгдсэний дараа тэрээр ирээдүйн гүнтэн Буклеухийн багш болж улмаар Францаар аялах үедээ тэндхийн гол, гол сэтгэгчидтэй танилцсан байна.
Смит 1776 онд есөн жилийн хөдөлмөрийнхөө үр дүн болсон Үндэстний баялгийн мөн чанар, шалтгааны талаарх судалгаа бүтээлээ хэвлүүлэв. Товчоор Үндэстний баялаг гэдэг. Энэ нь улс төрийн эдийн засгийн ухааны анхны системт судалгаа байлаа. Энэ номд байх үл үзэгдэх гар, хувь хүний эрх ашгийн тухай санаанууд либертари үзлийн суурь зарчим болдог. Сонгодог эдийн засгийн суурийг тавьсан энэ бүтээл Смитэд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. “Капитализмын библи” гэж нэрлэгддэг энэхүү бүтээлд чөлөөт зах зээлийг магтан дуулжээ. Смит 1777 онд Шотландын гаалийн албанд түшмэл, 1787 оноос Глазгоугийн Их сургуулийн ректороор насан эцэс болтлоо ажилласан юм.
“Капитализмын библи” буюу чөлөөт зах зээлийн
үндсэн сурах бичиг болох Үндэстний баялаг
Х.Х: Мартах шахлаа, энэ үзэл чинь амиа бодохуйг хамгаалж, хамт олонч үзлийг хялайдаг юм байна лээ. Ийм юм байж болно гэж үү!
Б.Б: Байж болдог л юм даа, гэхдээ энэ тухай товч хариулах боломжгүй. Ээдрээтэй сэдэв учраас товч ярих аваас буруу ойлгогдохдоо амархан. Тэгэхээр бас л сүүлд ярья. Заавал ярилцана, тэгэхгүй бол болохгүй. Чамайг мартсан байсан ч би санаж байгаад энэ сэдвээр ярилцах болно.
Х.Х: Ийм хачин юмыг яаж олон түмэнд хэлэх юм бэ! Бидний монголчууд чинь олон зуун жилийн турш төрөө дээдэлж, сүсэглэж ирсэн хүмүүс шүү дээ. “Төрийн сүлд өршөө!” гэсэн үг байдгийг мэднэ биз дээ? Бүр 8 настай балчраас аваад 80 настай буурлууд хүртэл та нарын яриад байгаа ийм зүйлийг ярихгүй дээ. Манай нийгэмд төртэй хамгийн их “тэрсэлдэж”, төрөөс гаргасан хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүс л шоронд ордог. Тэр гэмт хэрэгтэн, ялтнууд хүртэл ийм зүйл ярихгүй, төрдөө сүсэглэсээр байгаа даа.
Б.Б: Нөгөө Тунгалаг Тамир, Түмний нэг киноны Эрдэнэ, Чимид нар шиг “Бид чинь төртэй бол төртэй, хаантай бол хаантай улс даа хөө” гэж үү?
Х.Х: Даапаалаад байна уу, эсвэл баримтад гүйцэгдэхээрээ үнэнийг хэлэхээс зайлсхийгээд эхлэв үү?
Б.Б: Үнэндээ, монголчуудын дунд либертари үзэл дэлгэрүүлэх нь тийм амар ажил биш гэдгийг миний бие мэдрээд нэлээд хэдэн жил болж байна. Монголчууд чинь төрд фетишист (сохроор бишрэх) маягаар ханддаг, Дорнын хүмүүс шүү дээ. Өнгөрсөн зууны эхэнд Оросын дүрвэгч, философич Н.А.Бердяев төрд хандах Дорнын сэтгэлгээний тухай хэлэхдээ “Дорнын менталитет бол деспотизм (төрийг хязгааргүй дээдэлдэг үзэл). Энд төрийг хүн бүрийн очиж бишрэн мөргөж, хүндэтгэлээ илэрхийлж байх ёстой сүм гэж үздэг” гэсэн. Тэгээд ч Монголын түүхэнд байсан төрүүд хувь хүнийг маш хүчтэй дарангуйлж, өөрийгөө гэсэн ухамсрыг нь няц дарсаар ирсэн байдаг: Чингисийн үеийн төр гэхэд л жинхэнэ дайн байлдааны төр байлаа. Нийгмийн гэрээний онолчдын нэр томъёогоор бол “State of War”. Ийм төрийн үед жирийн хүн бол юу ч биш, зүгээр нэг төрийн эрэг шураг төдий зүйл. Байлд гэсэн газар нь очиж байлдаад, үх гэсэн газар нь үхээд, ал гэсэн хүнийг нь алахаас өөр аргагүй. 1921 оноос хойш байсан төр бүр аймшигтай. Өөрийгөө диктатур (дарангуйлал) гэдгийг шууд зарладаг. Төрт ёсны ийм уламжлалтай улс-оронд либертари үзлийг сурталчлах амаргүй л дээ.
Х.Х: Либертари үзлийг Монголд дэлгэрүүлэхэд тулгардаг гол бэрхшээл энэ үү?
Б.Б: Өөр бусад саад бэрхшээл ч бий. Тухайлбал, төр, иргэний харилцаан дахь психологийн хүчин зүйлийн талаар ХХ зууны Герман-Америкийн философич Эрих Фромм өгүүлсэн байдаг: Төр гэдэг асар том хүчирхийллийн машины өмнө зогсож буй өчүүхэн хүнд хамгийн түрүүнд төрдөг сэтгэгдэл бол “бид эзэнтэйгээ зөрчилдлөө гээд хожих юм байхгүй, харин байдал бүр ч муудна” гэсэн боолын бодол юм. Эдгээр боолын нэг нь эзнийхээ олиггүй, тэнэг, бузар булайг мэдэх аваас эзэн нь төдийгүй бусад боол ч түүнийг үзэн яддаг тухай тэр сэтгэгч сайн гаргасан.
Х.Х: Яагаад тэгдэг гэж?
Б.Б: Фроммын хэлснээр, чи эзнийхээ бузар булай, тэнэг мунхгийг мэдсэнээрээ бусдынхаа тийм хүмүүст захирагдаж байдаг арчаагүй байдлыг илрүүлчхэж байгаа хэрэг. Иймд нөгөө хамт амьдарч буй боолууд арчаагүй бус болох гээд чам руу довтолж гардаг. Төрийг эсэргүүцэгч (анти-стэйтист) нь төрийн өмнө бууж өгөгчийн (стэйтистийн) нүүр царайг илчилж, ичээснээрээ аяндаа түүний дайсан болно. Бусдынхаа гаргаж чадаагүй зоригийг гаргаснаараа чи тэдний аймхай болохыг харуулчихжээ. Тэгэхээр бурхны дараа орох (зарим үед Бурхнаас ч дээгүүр тавигдах нь бий) төр хэмээгч энэ зүйлийн тухай өөрөөр сэтгэгч байх ямар аюултай бөгөөд гунихралтай байдаг нь тодорхой байгаа биз. Цаг ямагт бусад хүнд ад үзэгдэхэд хүрнэ. Аюултай зүйл ярьдаг учраас хүмүүс чамаас үргэлж жийрхэж, зайгаа авна. Уйдаж салахын түүс болно.
Х.Х: Ийм зүйл дарангуйлагч төрийн үед л гардаг байх. Одоогийн ардчилсан төрийн үед бол байхгүй биз дээ?
Б.Б: Үгүй шүү, энэ бүхэн одоогийн Монголоос ч тод харагддаг. Хэлбэр, дүрээ өөрчилсөн болохоос цаад утгаараа төр гэдэг хүчирхийллийн машин хэвээр л байгаа шүү дээ. Одоо жишээ нь, Барууны орнуудад байгаа либертари үзэлтнүүд саяын зүйлүүдийг ярихдаа Монголынх шиг завхрахын дээдээр завхарсан юм уу коммунист, фашист төрийг харж байж бичээгүй, харин бидний хамгийн шударга, сайхан гэж боддог АНУ, Герман, Английн төрийг харж байгаад бичсэн байдаг. Эдгээр орны төр ийм байгаа юм чинь … Тэгэхээр төр бол төр. Коммунист, фашист төрийн тухайд бүр ч аймшигтай, төрийн бүх бузар булай энд илүү тод харагддаг л даа.
Х.Х: Фроммын ярьж байсан психологийн хүчин зүйлс их сонирхолтой санагдчихлаа!
Б.Б: Психологийн тухай яриагаа үргэлжлүүлэхэд, төр гэдэг бол тэнд очоод суучихсан хэдэн хүнээс тогтдог гэдгийг анзаардаггүй, төр бол аугаа зүйл, бид төрийг яаж ч чадахгүй гэж бодсон учраас өөрсдийгөө хуурч эхэлдэг: нээрэн ч “эзэн маань биднээс хосгүй үзэсгэлэнтэй, ухаалаг юм чинь түүнд захирагдах нь зөв” гэж бодвол өөрсдөд маань амар! Төрд үг дуугүй захирагдаж хүлээн зөвшөөрснөөрөө өөрөө түүний нэг хэсэг болж байна гэсэн бодол хүнд төрдөг. Ингэж хүчтэний нэг хэсэг болсноор өөрийн аюулгүй байдлыг хэсэгхэн хугацаанд хангаад авна. Ядахад л, би чинь төр гэдэг энэ хүчирхэг зүйлийн нэг хэсэг шүү дээ гэж өөрийгөө хуурахад амар. Энэ нь өөрөөр сэтгэгч байснаас хамаагүй аюул багатай оршихуй. Бусад боолынхоо эгнээнд орж тэдэнтэйгээ адил болж авлаа, сэтгэл ч уужирлаа, “төрийн сүлд өршөө!”
Х.Х: Чиний номонд монголчуудын түүх, уламжлалыг либертари үзэл тархахад тулгардаг нэгэн бэрхшээл гэсэн санаа байна уу даа?
Б.Б: Тийм ээ, бидний монголчууд хар багаасаа “би бол юу ч биш, намайг аав, ээж, ахмад настан бүрэн мэднэ” гэсэн хүмүүжилтэй болсон байдаг. Индивидуаль хүмүүжилгүй гэсэн үг л дээ. Эцэг, эх нь хүүхдийнхээ өрөөнд зөвшөөрөл авалгүй орох, цүнх номыг нь дураараа уудлах, найз нөхдийг нь ирэхэд гэртээ оруулалгүй орцонд уулзуулах гээд үр хүүхдээ багаас нь бусдаас дорд, бусдын эдэлдэг эрхийг хүүхэд эдлэх ёсгүй гэсэн ойлголттой болгодог.
Тэгээд ч хүүхдүүд нь 18 төдийгүй, 30-40 нас хүртлээ эцэг, эхээрээ тэжээлгэн тэтгүүлдэг учраас тэднийхээ үгээр байхаас ч өөр аргагүй. Энэ нь патерналист (бусдаас хараат) хүмүүжилтэй болоход маш их нөлөөлдөг. Нийгмийн ийм орчин нөхцөлд либертари үзэл тархахад хэцүү. Гэхдээ сүүлийн үед либертари клуб, зуны сургууль, Айн Рэндийн уншлагын бүлэг, зах зээлийн эдийн засгийн сан гэх мэт байгууллага олон болсон. Миний хувьд гэхэд л хоёр сард нэгээс доошгүй удаа либертари сэдвээр лекц унших, ТВ болон өөр бусад ярилцлагад оролцох урилгыг хүлээн авдаг.
Х.Х: Либертари үзэл бусад улс-оронд хэр тархсан байдаг юм бэ, энэ “хачин жигтэй” үзлийг чинь баримталдаг олны танил хүмүүс байна уу?
Б.Б: Чи номоос минь харсан байх, бусад улс оронд байдаг асар олон сайтаас 20 гаруй вэбсайтын хаягийг оруулсан. Энэ номд ч хавсаргах болно. Тэдгээр вэбсайт болон байгууллагуудын тухай мэдэхэд амархан шүү дээ. Бүгд л цахим хаягтай юм чинь (Б.Батчулуун, Эрх чөлөөний дайсан номын 258-266-р тал, мөн энэ номын араас харна уу!). Тэдгээр вэбсайт бол зөвхөн гол хэд нь, өөр олон сайт, сэтгүүл сонин, байгууллага байдаг.
Х.Х: Энэ үзлийг чинь баримталдаг ямар цуутнууд байв даа?
Б.Б: Улс төрчдөөс Р.Рэйган, М.Тэтчэр, алдартай жүжигчдээс К.Ийствуд, К.Рассэль. Ер нь олон хүн бий дээ. Би Ийствудийн тоглосон, бараг тэр өөрөө найруулсан байх шүү, “Гранд Торино”-д их дуртай, нэг либертари, эгоист (манайхны орчуулдгаар, хар амиа бодсон), индивидуалист иргэний тухай. Харахад хүйтэн хөндий, зожиг, ярдаг боловч үнэндээ, ямар эрэлхэг зоригтой, сайхан сэтгэлтэй, хөршийн ёсоор амьдрахад хэчнээн амар хүний дүрийг гаргасан байдаг гээч. Магадгүй, либертари үзэлтэй учраас тэр тийм дүрд маш чадмаг тоглодог байх.
Х.Х: Одоо дэлхий дээрх улс-орнуудаас хамгийн либертари нь ямар улс вэ?
Б.Б: Энэ асуултад хүмүүс юм л бол “АНУ” хэмээн хариулдаг юм. Үгүй дээ, АНУ маш данхар төртэй, хуулийн асар их журамлалттай, либертари бус орон. Энэ үзлийн талаар ярьдаг, бичдэг хүмүүс Америкт олон байдаг байж магадгүй. Энэ чинь өөр асуудал. Харин Холланд бол жинхэнэ либертари орон юм билээ дээ.
Х.Х: Монголын либертари үзэлтнүүд хоорондоо “хэмлэлцдэг” юм шиг байна билээ?
Б.Б: Хэмлэлцэх юу байх вэ. Зарим нэг маань энэ үзлийг цэврээр авч явах, нөгөө зарим нь бусад үзэлтэй зохицуулан тохируулах энэ тэр гээд юмнаас болоод зөрчилддөг. Хаана ч, ямар ч зүйлийг, зөвхөн өөрийн өнцгөөс харж, өөртөө ашигтайгаар тайлбарладаг хүмүүс байдаг шүү дээ. Үүний адил либертари үзлийг аль болох олон түмний санаанд тохируулах, өөрийн карьерын ахиж дэвжих шат болгох гэж оролддог хүмүүс Монголд ч байна. Тэд төрийн эсрэг үзэл санааг шууд илэрхийлж чаддаггүй, либертари үзлийг анти-стэйтист (төрийн эсрэг) үзэл гэдгийг ухамсарладаггүй, тийм учраас либертари үзэлд өөр бусад үзэл санааг хольж хутган бантагнуулдаг. Уг нь Айн Рэнд иймэрхүү зан суртахуунтай хүмүүсийг хараасаа дор “саарал” хүмүүс гэсэн байдаг юм. Бид тэднийг “софт-стэйтистүүд” хэмээдэг.
Х.Х: Либертари үзэлд хамгийн ихээр харшлагч ямар үзэл байна вэ?
Б.Б: Зүүн хандлагатай, коммунлаг үзлүүд тийм аюултай биш. Тэд стэйтистүүд болох нь тодорхой. Үзэл баримтлал, хандлага нь ч ил байдаг. Тэд либертари үзлийн эсрэг байдгаа нуудаггүй, нуух ч аргагүй учраас хор багатай. Харин ардчиллын нөмрөгөн доорх албан тушаалын хэнээтнүүд, эд хөрөнгийн хойноос үхэлдэгчид л хамгийн аюултай. Тэд ардчилал, эрх чөлөө, хувь хүн, өмч, эрх гэсэн зүйлийг либертари үзэлтнүүдээс багагүй ярьдаг атлаа нууцлаг байдлаар эдгээрийнхээ эсрэг зүйл үйлдэж, “ардчилсан бюрократизм”, “ардчилсан мөлжлөг”, “ардчилсан шударга бус байдлыг” улам гааруулдаг.
Х.Х: Ер нь либертари үзэл чинь том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалсан барууны үзэл юм биш үү?
Б.Б: Би либертари үзлийг баруун, зүүн гэсэн уламжлалт хуваалт болоод улс төртэй холбоод байх дургүй. Тэр тусмаа либертари үзэл бол зөвхөн баячуудын эрх ашгийг хамгаалдаг гэдгийг огт зөвшөөрөхгүй. Чи намайг мэднэ, би ямар өөрийн бизнестэй баян хүн биш, бас тэгээд хэн нэгэн баянд хөлслөгдөөд захиалгаар нь юм бичээд байдаггүйг.
Магадгүй, либертари үзэл нь чөлөөт зах зээл, төрийн оролцоогүй, аяндаа тогтсон эмх журам, өмчлөх эрх гэсэн утгаар бизнесмэнүүдийн сонирхлыг татдаг байх. Мөн жирийн иргэдийн эрх ашгийг дээдэлдэг учраас олон түмнийг хуурах гэсэн улс төрчид ч ашиглачихдаг.
Үнэндээ, либертари үзэл жирийн иргэдийн эрх ашигт хамгийн таатай үзэл юм шүү дээ. Төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт иргэний хүсэл эрмэлзлийг их тод тусгадаг үзэл.
Х.Х: Энэ үзлийг сонирхдог, баримталдаг хүмүүс Монголд хэр олон байна вэ?
Б.Б: 10 гаруй жилийн өмнө либертарианизм гэсэн нэр томьёог сонссон хүн Монголд бараг байхгүй байлаа. Гэтэл одоо юм уншдаг хүмүүс бүгд сонссон, тэгээд ч энэ үзлийн талаар үндэслэлтэй хийгээд үндэслэлгүй юм ярих гээд байдаг болчхож. Гэхдээ ингэж тархахад сайнаас гадна муу тал бий л дээ.
Х.Х: Муу тал нь юу байгаа юм, тархаж л байвал сайн хэрэг юм биш үү?
Б.Б: Бас тийм биш юм аа. Ингэж олон түмнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр дагуулах, хошууруулахыг либертари үзэл тийм сайн хэрэг гэж үздэггүй. Либертари үзэлд ийм байр суурь баримтлах хэд хэдэн шалтгаан байдаг: Нэгд, Өмнө хальт дурдсан даа, хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Хүмүүс олон янз байдаг, тэд янз бүрийн санаа бодолтой байх эрхтэй гэж бид үзнэ, өөр үзэл бодлыг тэвчдэгээрээ бид коммунизм, фашизмаас ялгагддаг. Хоёрт, Ухаантай ухаангүй, боловсролтой боловсролгүй бүх хүн энэ үзлийн талаар яриад эхлэхээр өөрийн эрхгүй буруу зөрүү ойлгох, эсрэгээр нь тайлбарлах явдал гардаг юм билээ. Чамд нэг онигоо шиг юм ярья: Зааны биен дээр суусан 3 ялаа хоорондоо ярьж байх юм гэнэ: сүүлэн дээр суусан ялаа нь “би модны мөчир дээр байна” гэхэд их биен дээр суусан нь “би том газар дээр байна” гэв. Харин хөл дээр нь суусан ялаа “том ургаа мод байна” гэсэн гэдэг. Үүн шиг хүмүүс өөрт заяасан ухаан, олж авсан боловсролын хэрээр тайлбарлаад эхэлдэг. Гуравт, Улс төрийн намууд зарим улс төрчид улс төрдөө ашиглачих гээд байна. Нам, улс төр зэрэг үзэгдэл ардчилал гэсэн нэрийн доор ямагт олонхын дарангуйллыг тогтоож байдаг. Одоо либертари үзэл бүх хүний, тэр ч бүү хэл “сөргөлдөгчдийнхөө” хүртэл сэтгэлийг татаад байгаа юм байх. Либертарианизмын тухай сонссон социалистууд “энэ чинь л бидний зориод байгаа нийгэм юм шүү дээ” гэхэд холистууд (Поппэгийн тодорхойлсноор бүхэл буюу олонход ач холбогдол өгөгчид) “либертари үзэл бол ардчиллын амин сүнс” гэнэ. Софт-стэйтистүүд болохоор либертари үзэлтэй улс төрчид л төр барих юм бол улс-орноо аврах юм ярьцгаана. Эдгээрээс хамгийн хорлонтой нь либертарианизмыг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа софт-стэйтистүүд юм. Софт-стэйтистүүдийнхээр уг нь төрийг сайн сайхан байлгаж болно, харамсалтай нь өөрсдөөс нь “ухаан дутуу, муу санаатай хүмүүс төрд оччихсон учраас түүнийг муу муухай болгоод байгаа юм” гэсэн. Дөрөвт, Либертари үзэл өөрөө индивидуалист үзэл шүү дээ. Коллективизмын эсрэг. Либертари үзлийн хувьд олонход таалагдах нь гол биш. Либертари үзэлтнүүд улс төрч болоод жүжигчид шиг олонход таалагдахыг хичээгээд байдаггүй.
Х.Х: Тэгэхээр Монголд хэзээ либертари үзлийг нийтээр хүлээн зөвшөөрөх бол?
Б.Б: Хэллээ шүү дээ, нийгэм тэр чигээр нэг үзэл онолд баглагдах ёсгүй гэж. Либертари үзэл ч ийм байхын эсрэг. Тийм учраас нэг өглөө босоход Монголын 3 сая иргэн бүгд либертари үзэлтэй болчихсон байх юм бол тэр нь бидний хүсээд байдаг либертари нийгэм биш гэж хэлэх болно. Хүн бүр либертари үзэлтэй байх албагүй гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэн ямар үзэлтэй байх нь тухайн хүний эрх. Бид коммунистууд болон фашистууд шиг нам, эвлэлийн дугуйлан, оройн сургууль, хэвлэл, радио телевизээр хүмүүсийн толгой уруу өөрсдийн номлолыг чихэгчид биш.
Магадгүй, 10-15 жилийн (10 жилээс наана ч бараг үгүй биз) дараа хамгийн хэвийн юм шиг санагдах энэ үзлийг сурталчилснаасаа болж ихээхэн муу хэлүүлж, ад үзэгдэж байсан гэхэд тэр үеийн иргэд их гайхаж болох юм. 2025-30 оны үед амьдарч, ид бодож сэтгэх насан дээрээ байх тэр хүмүүс 2015 оныхон либертари үзлийг яагаад тэгтлээ үзэн яддаг байсан юм бол доо, ийм шударга бөгөөд ил тод зарчмаас татгалздаг байсан гэж үү, 2015 оны үед зөв, шударга гэсэн ойлголтууд ямар агуулгатай байсан юм бол хэмээн гайхаж байвал болж л байна.
Х.Х: Либертари үзлийг сурталчлахад тулгардаг өөр ямар бэрхшээл байх юм бэ?
Б.Б: Бэрхшээл ч биш юм аа. Энд тэнд яриа лекц хийж, өгүүлэл нийтлэл бичих үедээ би нэг зүйлийг анзаардаггүй байсан юм билээ. Бидний хувьд маш ойлгомжтой, энгийн гэмээр зүйл, либертари үзэлтэй анх танилцаж буй хүмүүсийн хувьд огт ойлгомжгүй байдаг бололтой. Жишээ нь, “ертөнц дээрх муу муухай зүйл нь төрийн эрүүл мэнд болдог (төрийн хувьд сайн-сайхан зүйл болдог)” гэсэн илэрхийлэл бидний хувьд маш ойлгомжтой, тайлбар огт шаардагдахгүй хэллэг мэт санагддаг. Тиймээс иймэрхүү илэрхийллийг тайлбарлая гэсэн бодол санаа хэзээ ч орж ирдэггүй. Илэрхийллийн гол санаа нь ган гачиг, зуд турхан, газар хөдлөлт, элдэв өвчний тархалт, хулгай дээрэм, гадны аюул заналхийлэл гарах үед төрийн “нүд сэргэн” элдэв төрлийн татвар нэмж, иргэдийн эрхийг боон, янз бүрийн агентлаг-газар, контор товчоо байгуулаад, түүндээ элдэв орон тоо бий болгож, мөнгө төсөв, хангамж, машин унаа, байр сууц гэх мэтийг хуваарилж эхэлнэ. Энэ үйл явцад төр улам бэхжиж, тэнхээждэг. Муу муухай зүйл арилсны дараа төрийн нөгөө данхар бүтэц хэвээр үлдэнэ. Тэнд байгаа хүмүүс ч арьсаа хамгаалахын тулд орон тоо – байгууллага, даргыгаа хамгаалж эхэлнэ. Ингэж л төрийн эрүүл мэнд сайжирдаг.
Энэ мэтээр бид либертари үзлийн маш олон категори, термин, зарчим, ойлголтыг тайлбарлалгүй шууд хэрэглээд явчихдаг, тэр нь хүмүүст ойлгомжгүй санагддаг бололтой. Шулуухан хэлэхэд, уншигчид, олон түмэн их харанхуй байна шүү дээ.
Х.Х: Ер нь либертари үзлийн ач холбогдол гэж юу байна аа? Энэ үзлийг баримталлаа гээд юу хожих юм бэ?
Б.Б: Бид энэ үзлийг дэлгэрүүлж дэлхий ертөнц, амьдралыг үзэх монгол хүний үзэлд хувьсгал хийхийг үнэхээр хүсэж байна. Мэдээж, энэ хувьсгал буу зэвсэг барьж, гудамжинд хийдэг хүчирхийлэлт хувьсгал биш. Айн Рэнд “жинхэнэ хувьсгал гудамжинд биш тархинд гардаг” гэж хэлсэн байдаг. Тэр утгаар ярьж буй хэрэг.
Иргэдэд индивидуаль ухамсар төлөвшин, бидний бүх амьдрал “төрд буй хүмүүсээс” хамааралтай хэмээн бодож, улс төрчдийн заль мэхэнд орохоо болиосой гэж хүсэж байна. Монголчууд хөдөлмөрч, хөдөлмөрийнхөө үр дүнд алив зүйлд ариг гамтай ханддаг, баяжихын тулд бусдын зүйлийг зүгээр авахыг боддоггүй байгаасай гэж хүсэж байна. Эрх чөлөө жинхэнэ ёсоор хэрэгжсэн нийгэмд хувь хүн өөрөө хариуцлагатай, сахилга баттай байхгүй бол уруудан доройтохоор үл барам эрх чөлөөгөө алдаж, бусдын эрхшээлд ордог гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Өнөөгийн төр-засагт байгаа хүмүүс жирийн иргэдтэй харьцуулахад үнэхээр шударга бус амьдарч, либертари үзлийн гол дайсан болж байдгийг харуулахыг хүсэж байна. Жирийн иргэд эрх чөлөөнийхөө төлөө өөрсдөө тэмцдэг болоосой гэж хүсэж байна. Манай иргэд өөрсдийн дунд буй объектив бус сэтгэлгээнээс ангижирч, хэчнээн хатуу ч үнэнийг хүлээн зөвшөөрдөг болоосой гэж хүсэж байна.
Товчдоо Д.Боаз Либертарианизм номынхоо монгол хэвлэлийн “Оршилд” хэлснээр “Энэ номын монгол орчуулга хэвлэгдэн гарсны дараа [Миний хувьд мэдээж, энэ ном минь хэвлэгдсэний дараа гэе. Б.Б] миний зүгээс хүлээх зүйл бол монголчууд чөлөөт нийгэм, түүний мөн чанар, зорилгын тухай үзэл санаатай тодорхой танилцаж, энэ үзэл санааг хүлээн авч, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, тэмцдэг” болоосой гэж хүсэж байна.
Бид улс төрчдийн сорон мөлжигч амьдралыг байх ёстой зүйл мэтээр үзэж, түүнд дасаад эхэлбэл өөрсдийгөө “боолчлол” уруу улам гүнзгий шигтгэж байна гэсэн үг.
Бид энэ бүхнийг хэлэхдээ хүмүүст зааж зааварлан амьдралыг нь захирч байна гэж бодохгүй байна. Либертари үзлийг баримтлах уу, үгүй юү гэдэг бол хувь хүний бүрэн эрхийн асуудал. Гагцхүү либертари зарчмын тухай хүмүүс сонсож дуулсан байх ёстой гэсэн үүднээс энэ бүхнийг хэлж, бичиж, анхааруулж буй хэрэг. Харин сонсож дуулсныхаа дараа (уншиж судалсныхаа дараа бол бүр сайн) бусад үзэлтэй харьцуулж үзээд хүлээн авах уу, эс авах уу гэдэг нь өөр асуудал.
Х.Х: Хүмүүсийг хараад байхад либертари үзэл бол залуучуудын үзэл гэсэн бодол санаа давамгайлаад байх шиг байдаг. Чи ч нэг их залуу хүн биш дээ?
Б.Б: “Биологийн нас”, “нийгмийн нас” гэсэн хоёр өөр үзэгдэл бий. Оюун санааны хөдөлмөр эрхлэгчдийн хувьд биологийн хувьд хөгширсөн ч нийгмийн насны хувьд залуу хэвээр байх нь олонтаа. Гэтэл насаар залуу атлаа шал хөгшин, ортодокс, консерватив сэтгэлгээтэй, түүнээс гадна сэтгэлгээний сахилга бат суугаагүй, логиктой сэтгэж чаддаггүй (сэтгэлгээний соёлгүй гэж ярьдаг даа) хүмүүс маш олон байдаг.
Миний хувьд, насаар залуу атлаа ихээхэн хөгшин сэтгэлгээтэй хүнтэй маш олон тааралдаж байсан. Сэтгэлгээний хөгшрөл ба баттай суусан өөрийн үзэл баримтлалгүй байдал нь “туйлширч болохгүй” гэсэн үгээр нь илэрдэг. Энэ үг өнгөц сонсоход их буурьтай сонстдог авч үнэндээ тодорхой үзэл баримтлалгүй, нэг логикоор тууштай сэтгэж чаддаггүй, янз бүрийн үзлийг хольж жонхуу хийдэг хүмүүсийн хэрэглэдэг үг юм шүү дээ.
Өнгөц харахад, залуучууд либертари үзэлд илүү ойр байх үндэстэй юм шиг санагддаг л даа. Эрх чөлөөнд дуртай, шинэлэг зүйлд татагддаг, ахмадуудын зааж зааварласан, захиран тушаасан байдлаас залхсан байдаг, либертари үзэлд тэдний төрх байдалд (хувцаслалт, дуу хөгжим гээд аж төрөх ёсонд нь) нийцсэн олон зарчим буй гэх мэт. Тэд ийм өнгөц шалтгаанаар либертари үзэлд татагдах нь байна. Энэ бол хэтэрхий хөнгөн хуумгай сэдэл.
Тэгвэл ардчиллыг шүүмжилсэн Платоны шүүмжлэл, дундад зууны үеийн сэтгэгчдийн хүлцэн тэвчихүйн сургаал, Миллийн эрх чөлөөний философи, Локкийн Засаглалын тухай хоёр шашдир, Смитийн Үндэстний баялаг, Кант, Спинозын этикийн (ёс зүйн) сургаал, Прудон, Пэйн, Бакунин нарын анархист зохиол, Фройдын психо-анализ, Сартрын экзистенциализм, Кафка, Камюгийн абсурдизм, жүүдийн аж төрөх ёсны тухай уншаагүй, тэр тухай мэдлэггүй байж энэ залуучууд яаж либертари үзлийг ойлгож дэмждэг юм бол гэсэн эргэлзээ надад байдаг.
Төрийг шүтэх азийн фетишист үзэл болон айл гэр дэх дорнын патерналист уламжлалыг эсэргүүцэх сэдэлтэй, хамгийн гол нь коммунист дарлалын доор амьдарч шаналж байсан ахмад үеийнхэн бид либертарианизмд жинхэнээсээ ул үндэстэй татагдах нь бий. Либертарианизмд татагдах энэ хоёр сэдлийн (залуучуудын болон ахмадуудын) аль нь илүү жин дарах бол!?
Бидний үеийнхнийг шүүмжлээд буй тэр улс төрч залуусыг хар л даа. Тэд телевизээр шоудаж рекламдахаас өөр юм хийгээгүй, оюуны жинтэй бүтээл огт гаргаагүй байна. Бүтээсэн гэх ганц хоёр жижиг зүйлийг нь харахад рефлектив сэтгэлгээний бүү хэл, энгийн ухааны наад захын шүүмжийг даахааргүй зүйл байдаг. Тэгсэн атлаа хов хутгах, хуйвалдах, хоёр нүүр гаргах, хүний ар хударгаар үйлдэх, бага хийж их рекламдах, бусдын зүйлийг “хулгайлах” гээд аль ч нийгмийн үед зохисгүй хэмээгддэг үйлдэлд гаршиж байна. Энэ улс-оронд зөвхөн ийм л залуус байдаг бол либертари үзэл огт байгаагүй нь дээр.
Гэхдээ нам дагаж намирсан эдгээр залуучуудаас гадна либертари зарчимд үнэнч сайхан залуус бас байна аа. Нэрийг нь дурдчихъя, улс төр, нэр төр, хөрөнгө мөнгө хөөгөөд үзэл, зарчмаа хаячихгүй байлгүй. Д.Амар-түвшин, Д.Эрдэнэбилэг, Г.Амгалан, Мөнхбат, Хасар гээд либертари үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ зохион байгуулж байдаг залуус бий.
Х.Х: Ер нь либертари үзлийг Монголынх шиг түүх, уламжлал, ёс заншилтай улс орон, тэр тусмаа коммунист үзэл сурталд 70 орчим жил тээрэмдүүлсэн хүмүүсийн тархинд суулгахад хэцүү юм байна л даа, төсөөлөгдөж байна.
Б.Б: Тийм ээ, гэхдээ хүн ямарваа юмнаас өөрийн савны хэрээр хутгадаг юм. Хүн бүр ялгаатай шүү дээ. Зарим нь овоо савтай, зарим нь ялихгүй савтай байдаг. Ном гэдэг зүйл гарснаар нэг хэсэг нь улам ухаажсан бол нөгөө хэсэг нь улам тэнэг болсон гэж XIV зууны Италийн эрдэмтэн, хүмүүнлэг үзэлтэн Франчиско Петрарко хэлсэн. Одоо зарим хүн ном, тэр тусмаа хүндэвтэр ном уншихаараа улам бүр будлиад хадуураад явчихдаг, Петрарко үүнийг л хэлсэн хэрэг. Зарим нь ямар ч ном уншаад гэгээрэхээсээ өнгөрсөн байдаг: “Зүүн хойш харсан нүхэнд нар хэзээ ч тусахгүй” гэсэн үг чинь эдэнд зориулсан үг шүү дээ.
Х.Х: Ярианы сэдэв уруу эргээд оръё. Айн Рэнд чинь либертари үзэлтэн мөн үү, Түүнийг “либертари” гэсэн нэр томьёонд дургүй байсан гэж сонссон юм байна?
Б.Б: Миний хувьд либертари лекц, яриа хийж, ярилцлага-маргаанд оролцож байхдаа хэлдэг ганц үг бол “Либертари үзлийг ойлгоё гэвэл Айн Рэндийг ойлго, Айн Рэндийг ойлгоё гэвэл либертари утга зохиол унш!” Рэнд өөрөө “либертари” гэсэн үгэнд дуртай байсан уу, үгүй юү гэдэг өөр асуудал. Энд үгээр хөөцөлдөх хэрэггүй. Ямар ч байсан Рэндийн үзэл, либертарианизм хоёр органик холбоотой нь лавтай юм даг.
Айн Рэнд хэт шулуун байснаараа олон хүний дургүйг хүргэсэн. Ер нь либертари үзэл тийм шүү дээ. Либертари үзлийг зөөлөн гэх юм уу, аядуу илэрхийлэх нь уг үзлээ гутааж байгаа юм шиг санагддаг (ийм аядуу байдлыг Рэнд “саарал” гэсэн үгээр тохуурхан шоолдог байсныг өмнө нь тэмдэглэсэн). Тийм ч учраас либертариуд нэг их буурь суурь гаргаад байхыг хичээдэггүй, байгаагаараа байхаас санаа зовдоггүй, ганцаар байхаас эмээдэггүй юм.
Х.Х: Либертари үзлийн талаар их мэддэг гэх өнгө аястай үг цухуйлгаад байх болсныг чинь сүүлийн хэдэн нийтлэлээс чинь ажиглалаа?
Б.Б: Энэ асуудлын тухайд би бодож үзсэн. Англиас монгол уруу хөрвүүлсэн либертари бүтээл минь нэгэнт 15 гарчээ. Либертари сэдвийг янз бүрээр л илэрхийлсэн номуудтай таарч байлаа. Зарим хүний хувьд бараг анархист гэмээр либертари бүтээл байхад, заримынх нь хувьд софт-стэйтист гэмээр “аядуу” бүтээлүүд ч байдаг. АНУ, Канад, Чех, Франц, Монголынхоо либертари авторууд болон либертари үзлийг сонирхдог хүмүүстэй янз бүрийн сэдвээр ярьж байлаа, одоо ч и-мэйлээр санаа бодлоо харилцан солилцсоор байна. Энд тэнд очиж хийсэн яриа, лекц, зуны сургууль, телевизийн ярилцлага гэвэл тоогоо алдсан. Либертарианизмаар бичсэн өгүүлэл минь лав 60 гарсан. Хоёр ч ном гаргалаа.
Хэт хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүсийн хэлдгээр “хачин-жигтэй” үзэл болох либертарианизмыг ойлгож эзэмшихэд хамгийн их тус болдог зүйл бол философи шүү дээ. Лав л миний хувьд ийм байсан. Философи хүмүүсийг тухайн сэдвээр өөрөө мэдэж байна уу, үгүй юү гэдгээ нухацтай эргэцүүлэх, өөрөөр хэлбэл, рефлектив сэтгэлгээтэй байхад сургадаг. “Сургаар” мэдэж авсан, санамсаргүй олж сонссон зүйлээ мэдэмхийрээд байх нь санаа зовмоор, ямар нэг юмыг өнгөц, дутуу дулим, буруу зөрүү ойлгочхоод бураад явах нь эвгүй. Тиймээс либертари үзэлтнүүд юмыг мэдэж байж шүүмжлэх хийгээд магтахыг эрхэмлэдэг бөгөөд мэдэхгүй юм уу, дутуу дулим мэддэг сэдвийн тухайд дуугүй байсан нь дээр гэж үздэг хүмүүс. Тэгээд ч бид хүмүүсийг (бас өөрийгөө) үг хэлээр биш, тэр ч бүү хэл, бодол санаагаар биш, үйл хэргээр нь үнэлж цэгнэхийг эрмэлздэг билээ.
Гэтэл бичсэн юмыг минь уншиж цэнэг авдаг, орчуулгаас минь “будаа иддэг”, англи хэл дээрх ээдрээтэй ганц өгүүлбэрийг хэдэн өдөр уншаад ч ойлгодоггүй, философийн хувьд цагаан толгойн мэдлэггүй хүмүүс над уруу дайраад, дайрах дайрахдаа хаанаас уншсанаа мартчихаад бичсэн бүтээлээс минь эш татан надтай маргалдах гээд байхаар хааяа инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг болдог юм. Хүний талхны үйрмэгээр хооллодгоо мэдэхгүй хүмүүс ер нь хэцүү шүү, хүнийг “мэддэггүйгээ эс мэддэг болгох” гэдэг бол бурхнаас оноодог хамгийн ёрын гэсгээлийн нэг юм гэсэн.
Х.Х: Асуудалдаа оръё.
Б.Б: Би либертари сэдвээр гадна дотны хэнтэй ч маргах хийгээд ойлголцож чадна. 2-3 жилийн өмнө “Непко”-гоос надад захиалга өгч орчуулуулсан Брэнанын Либертари үзэл хэмээх номд гэхэд л дараах дутагдал харагдана лээ. АНУ-ын Үндсэн хуулийн талаарх зохиогчийн шүүмжлэл! АНУ-ын Үндсэн хууль бол түүхэн дэх гайхамшигт либертари баримт бичгийн нэг яах аргагүй мөн. Ялангуяа хүний эрх гэдэг бол хязгааргүй зүйл учраас тоочин бичихээс зайлсхийж, төрийн эрх хязгаартай зүйл учраас тоочин бичсэн гээд олон ололттой. Ө.х., хүний эрх innumerable – нөхцөл байдлаас хамаарч, янз бүрээр илэрч болох тоо томшгүй олон зүйл, харин төрийн эрх бол numerable – Үндсэн хуульд заасан яг л тийм тооны хэдхэн эрхтэй гэдгийг тогтоож өгсөн. Гэтэл зохиогч АНУ-ын Үндсэн хуулийн сайн талыг орхигдуулж, сөрөг талыг онцолсон.
Мөн либертарианизмын олон ойлголт, категори, терминийг орхигдуулах юм уу, хэт товч дурдсан. Тухайлбал: стэйтизм болон софт-стэйтизм; аяндаа гарсан эмх журам; үг-үйл хэргийн нэгдэл; төрөлх эрх; хүний эрхийн констант чанар; “даварсан” эрх; сайн дурын зөвшөөрөл; коллективизмын сөрөг тал; коммунитарианизмын шүүмжлэл; татвар-даатгал зэрэг нь төрийн бизнес болох тухай; Татвараас Чөлөөлөгдөх Өдөр (ТЧӨ); үл үзэгдэх гар (laissez faire зарчим); “сүйрүүлэн бүтээхүй”; “үнэгүй хоол гэж байхгүй” тухай; алдагдсан бололцоо; эс түрэмгийлэх аксиом; хүлцэн тэвчихүй; хууль зүйт ёс; гэрээний хүч хийгээд засаглал; итгэлцэл; даяаршил гээд.
Тэр номонд либертари зарчмыг хэрэгжүүлж буй болон эс хэрэгжүүлдэг орнуудын талаар мэдээлэл сайн өгсөн боловч хачирхалтай нь эдгээр орны тоонд Холландыг нэг ч удаа дурдаагүй байв. Одоо дэлхий дээр хүний эрхийн талаас хамгийн либертари орон бол яах аргагүй Холланд. Тэгэхээр либертари улс-орнуудын жагсаалтад Холландыг оруулахгүй байж хэрхэвч таарахгүй. Тэр ч бүү хэл, хүний эрхийг дээдлэх талаар АНУ-аас ч хамаагүй илүү улс-орон шүү дээ.
Иймэрхүү шүүмжлэлийг захын хүн хэлээд байж чадахгүй. Либертари үзэлтэй нэлээд гүнзгий танилцаж, эзэмшсэн хүн ийм юм ярина биз дээ. Гэхдээ миний энэ “шүүмжлэлт” үгс бол либертари үзлийн хүрээнд явагдаж байгаа юм шүү, түүнээс бус социалист, коммунист, консерватив, коммунитари, стэйтист байр сууринаас хандаж байгаа хэрэг биш.
Х.Х: Либертари үзлийг хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалсан гэх юм уу, эсвэл улс төрийн барууны хүчний эрх ашгийг хамгаалсан үзэл гэх хүмүүс байх юм билээ.
Б.Б: Манайхан юмыг бүрэн ойлгоогүй атлаа хамаагүй үнэлэлт, дүгнэлт өгдөг зантай шүү дээ. Магадгүй, хувийн өмч гэсэн утгаараа хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа мэт санагддаг байх л даа. Гэтэл өмч гэдэг чинь бүх хүнд хамаатай ойлголт шүү дээ. Тэр тусмаа жирийн иргэнд хамгийн их хамаатай ойлголт.
Манайд ч энэ үзлийг зөвхөн миний эрх ашгийг хамгаалсан үзэл юм байна гэж ойлгодог бизнесмэнүүд бий. Улс төр талаасаа эрх чөлөө, хүний эрх гэж ярьдаг улс төрчид энэ чинь манай намын үзэл сурталд их таарах үзэл гэх нь ч байдаг.
Аль, алин нь андуураад байгаа юм. Зарим талаараа тэдний эрх ашигтай давхцах тал ч бий л дээ. Гэхдээ, тэгж ярих юм бол тэдний эсрэг ханддаг тал ч бий. Улс төрчдөд хэр халтай үзэл болох талаар хойшид ярилцах болно оо. Хамгийн гол нь жирийн иргэдийн эрх ашгийг дээдэлдэг үзэл шүү дээ. Олонтаа дурдагдах болно, яах вэ энд эшилчье: хүний эрх гэдэг бол маш констант зүйл, маш том албан тушаалд очлоо, эсвэл ихээхэн хөрөнгө, мөнгөтэй боллоо гээд тухайн хүний “хүний эрх” дээшилчихгүй, хөрөнгө мөнгөө алдаад, ихэд доройтон траншейд очлоо гээд “хүний эрх” багасчих юм уу, алга болчихдог юм биш. Үүнийг л ойлгоогүй хүмүүс Монголд анх либертари үзлийг дэлгэрүүлэх гэж оролдогсдын дотор байсан юм шүү дээ.
Х.Х: Либертари үзэлтэй товч танилцах гэсэн чинь нэлээд сунжирсан яриа болчихлоо. Хамгийн товч бөгөөд тодорхой гэж ярьдаг даа, тийм танилцуулга бий юү ?
Б.Б: Либертари үзэл маш олон сэдвийг хөнддөг болохоор хураангуй илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ өөрийнхөө бичиж, 2006 онд “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан Хувь хүн, эрх чөлөө, төр гэсэн бяцхан товхимлыг дурдаж болж байна. Энэ товхимолд буй үндсэн санааг тусгасан өгүүлэл 2006 оны Х сарын 11-ний өдөр тутмын бараг бүх сонинд гарсан даа. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Ардын эрх” гээд. Өөр ч ганц хоёр сонин дээр гарсан. Нэг өдөр л баахан сонин бас www.news.mn вэб дээр гарсан санагдаж байна.
Х.Х: Өнөөдөртөө ингээд больё, хоёулаа дараа либертари үзлийн олон сэдвээс аль нэгийг сонгож аваад ярилцъя даа.
Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай
Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага
Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?
Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!
Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч
Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн
Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий
Найм дахь яриа: “Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?”
Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье
Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг
Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн