Бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрөв дэх намартайгаа золгож байгаа УИХ өнгөрсөн хугацаанд ямар асуудалд хамгийн их цаг үрснээ дүгнэх цаг иржээ.
Жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газрын танхимд сэлгээ хийж, долоон ч сайдыг чөлөөлж байсан УИХ өнөөдөр намрын чуулганыг нээнгүүт “шүд сугалах” ажилдаа орох нь. Хөндлөнгөөс харахад, энэ УИХ-д сайд огцруулахаас өөр хийх ажил алга уу гэж бодогдмоор.
Түүхийг эргэн саная, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн жилийн өдийд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Сангийн сайд Ч.Улаан нарыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байлаа. Сөрөг хүчин нь болох УИХ дахь МАН-ын бүлгээс сайд Н.Батбаяр, Ч.Улаан нарт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг удаа дараа тавьсан учраас огцруулснаас чөлөөлсөн нь цэвэр гэж үзэн, дээрх тактикийг барьсан хэрэг. Гэвч төд удалгүй Шинэчлэлийн Засгийн газар нуран унасан гашуун түүхтэй.
Өнөөдөр болох намрын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах аж. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.
Дараа нь эрх баригчид шинэ Засгийн газар байгуулахын тулд он дамжуулан оволзсон юмдаг. МАН-д урилга илгээж, хадаг барих ч билүү. Нэр нүүрээ баран байж сөрөг хүчнээ Засгийн газарт оруулсан ч бас л болоогүй, өнгөрсөн наймдугаар сард төрхөмд нь буцаасан. Орных нь зургаан сайдыг сонгож, томилох гэж энэ намаржин л “зодолдсон”. Арай хийж учраа олцгоон шинэ сайд томилогдоод сар болов уу гэтэл дахиад л огцруулах асуудал хэлэлцэгдэх болж байна. Юу ч гэмээр юм бэ дээ.
Бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрөв дэх намар руугаа орсон УИХ-ын өнгөрсөн нэг жилийн амьдралыг эргээд сөхвөл сандал, ширээтэй зууралдаагүй сар бараг алга. Чөлөөллөө, огцрууллаа, Засгийн газар байгууллаа, чөлөөллөө, томиллоо. Өнөөдрөөс ч тэд бас дахиад л нэгнийгээ огцруулах асуудлыг хэлэлцэх болж байна.
Саарал ордонд тэнүүчлэх яриагаар бол УИХ энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулж чадахгүй бол Ч.Сайханбилэгийн танхимыг унагана гэх. Дээрх “бор шувуу” үнэн бол жилийн өмнөх алдаагаа дахин давтана гэсэн үг. Гэтэл өнөөдөр эдийн засаг ямар байгаа билээ, шалдаа буучихлаа. Гол барамотеруудыг авч үзье, долларын ханш 2000 төгрөгтэй тэнцлээ, экспортын орлого буурснаас төсвийн алдагдал оны эцэст 1 их наяд төгрөгт хүрч болзошгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, иргэдийн худалдан авах чадвар навс унасан, банкин дахь чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. Ийм үед сандал ширээ, албан тушаал хуваалцаж, бужигнахаас илүү улсынхаа эдийн засгийг сүйрүүлчихэлгүй даваад гарах нь нэгдүгээр асуудал биш гэж үү. Тэгээд ч Шийдлийн Засгийн газрыг унагавал дараагийн танхимыг байгуулахад бэрхтэй. Хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх юм бэ. Ийм цаг хугацаа байгаа юм уу. Дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо гэх болж байна уу.
Бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрөв дэх намар руугаа орсон УИХ-ын өнгөрсөн нэг жилийн амьдралыг эргээд сөхвөл сандал, ширээтэй зууралдаагүй сар бараг алга. Чөлөөллөө, огцрууллаа, Засгийн газар байгууллаа, чөлөөллөө, томиллоо. Өнөөдрөөс ч тэд бас дахиад л нэгнийгээ огцруулах асуудлыг хэлэлцэх болж байна.
2012 оны УИХ-ын сонгуулиас хойш Засаг байгуулсан процессыг аваад үзье. УИХ-д арай олон суудалтайгаараа Ардчилсан нам Засгийн газрын эрхийг барьж, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, ИЗНН-ыг хамтрагчаа болгон, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2 жил гаруйн хугацаанд ажилласан. Дараа нь УИХ дахь бүх намын бүлгийг оролцуулсан Шийдлийн Засгийн газрыг байгуулж үзлээ, явсангүй. Одоо Засгийн газрыг унагах юм бол Ардчилсан нам дээр МҮАН+ИЗНН+ бие даагчид гэсэн хувилбар л үлдсэн. Гэхдээ энэ хувилбар осолтой, МАН, МАХН хоёр сөрөг хүчин болбол УИХ, Засгийн газрын ажил явахгүй, нам гацна. Тэгээд ч дахиад шинэ Засаг байгуулагдахыг хүлээх цаг хугацаа тэнхэл шавхагдчихаад байна.
Хуулиараа УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг батлах ёстой. 2016 оны мөнгөний бодлогыг ч мөн дээрх цаг хугацаанд багтаах шаардлага бий. Дээр нь 2015 оны төсөвт тодотгол хийнэ. Амралтын өдрийг ч үл харгалзан хуралдаж байж улсын эдийн засгийг чирч гарах шаардлага тулгарч буй.
Нөгөөтэйгүүр, “УИХ-д тарах л ганц зам үлдлээ” гэх байр суурь илэрхийлэх гишүүд цөөнгүй бий. Ийм үед Шийдлийн Засгийн газрыг унагавал УИХ хугацаанаасаа өмнө тарах магадлал өндөрсөнө гэсэн үг. Энэ тохиолдолд засаглалын хямралаас улс төрийн хямрал руу шилжих эрсдэлтэй. Эдийн засаг нь яая даа гэж байхад улс төрийн хямрал нүүрлэчихээр давхар, давхар цохилт л болно. Хүсэх зүйл биш. Тиймээс УИХ үлдэж байгаа богинохон хугацаагаа үр дүнтэйхэн ашиглаад ирэх оны төсвөө, 2016 оны Мөнгөний бодлогоо чамбайхан батлаад өг. Засгийн газрыг яаравчлуулж байгаад Тавантолгой төслөө хөдөлгөе. Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөө зоригтой шийдье. Олон жилийн турш ярьсан эдгээр хөндүүр асуудлаа ул суурьтай шийдээгүй цагт 2016 онд сонгууль болоход өнгөрсөн дөрвөн жилийн зовлон дахиад л давтагдана. Ард түмэн залхаж байна, бас туйлдаж байна.
УИХ-аас хүсэх зүйл бодлогын томоохон асуудлаа шийдээд өг…
Г.ДАРЬ