“Үнэт цаасны зах зээлд эргэлт гарна гэдэгт итгэж байна”

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

“Үнэт цаасны зах зээлд эргэлт гарна гэдэгт итгэж байна”

Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батзандантай уулзаж эдгээр хуулийн зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа.

 

-Өнгөрсөн оноос дагаж мөрдөгдсөн Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн гол зорилго, ач холбогдол юу байв?

 

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олон улсын зах зээлд байдаг кастодианы үйл ажиллагаа, гадны хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх, хадгаламжийн бичиг гаргах, шинээр хувьцаа гаргах ажиллагаанд мэргэжлийн зуучлагчдыг оролцуулах замаар эрсдлийг бууруулах зэрэг харилцааг зохицуулсан. Кастодиан банк гэдэг нь үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх байгууллага юм. Өөрөөр хэлбэл таны өмнөөс үнэт цаасны зах зээлд оролцож ногдол ашгийг хүлээн авах хүртэл бүхий л үйл ажиллагааг хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага гэж ойлгож болно.

 

Мөн брокер, дилерийн компаниудын гишүүнчлэл бүхий холбоог өөрийгөө зохицуулах статустайгаар үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн юм. Түүнчлэн үнэт цаасны зах зээлд мэдээлэл шаардах эрх, хяналт шалгалт явуулах хэлбэр, журмыг тогтоож, үнэт цаасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон болон зах зээлийг урвуулан ашигласан, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн.

 

Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар сул чөлөөтэй байгаа эх үүсвэрийг санхүүжилт шаардлагатай, үр өгөөжтэй салбарт мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагын шинэ бүтэц, зохион байгуулалт бий болгох цоо шинэ харилцааг зохицуулсан. Тодорхой хуримтлал бүхий иргэн ямар активт, хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар ойлголт, мэдлэг төдийлөн хангалттай бус байдаг. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсанаар мэргэжлийн шинжээч бүхий менежментийн компани уг эх үүсвэрийг удирдан ашиг олох боломжтой болж байгаа юм. Энэхүү тогтолцоог бодлогоор дэмжих зорилгоор сангийн үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн байгаа.

 

-Хуулиуд батлагдсанаар үнэт цаасны зах зээлд ямар өөрчлөлт гарав?

 

-Ер нь шинэ хууль батлагдаад маргааш нь бүх зүйл өргөс авсан юм шиг өөрчлөгдөнө гэж байхгүй. Гэхдээ нэр бүхий гурван банк Санхүүгийн зохицуулах хорооноос кастодианы үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө авсан байна. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь өөрийгөө зохицуулах байгууллага болж бүртгэгдсэн, 3 компани хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авч хөрөнгө оруулалтын сан байгуулахад бэлэн болсон зэрэг зах зээлийн суурь бүтэц эхнээсээ бий болж байна. Энэ нь эдийн засгийн байдал сэргэж хөрөнгө оруулалт нэмэгдэхэд зах зээл эрх зүйн хувьд болон суурь бүтцийн хувь хэвийн ажиллах бэлтгэл хангагдаж байна гэсэн үг. Мөн зах зээлийн мэргэжлийн оролцогчид нь өөрийгөө зохицуулах тогтолцоонд шилжих боломжтой болж байгаа юм. Энэ нь мэргэжлийн холбоо нь брокер, дилерүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт тавих, ёс зүйг хангуулах, хөрөнгийн бирж нь үнэт цаас гаргагч компанид өөрийн шаардлага, шалгуур тавьж бүртгэх зэрэг шинэ зохицуулалтаар өөрчлөгдөж байна. Үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны системийн хувьд төвлөрсөн хадгаламж болон кастодиан банк гэсэн 2 шатлалт тогтолцоонд шилжинэ. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтын сан дотоодын зах зээлд үйл ажиллгаа явуулах, бүртгэлтэй компани хадгаламжийн бичиг гаргах, тэдгээр нь кастодиан банкинд хадгалагдах зэрэг боломж нээгдэж байгаа. Кастодиан банкны үйл ажиллагаа явуулж эхэлснээ зарим нэг банк зарлаад эхэллээ. Энэ нь эдгээр хууль хэрэгжих тогтолцоо бүрдэж байгааг харуулж байна.

 

-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зах зээл дээр ямар боломж бүрдсэн бэ? Олон улсын жишигт нийцсэн хууль болж чадсан гэж бодож байна уу?

 

-Өмнө дурдсанчлан энэхүү хуулиар олон улсын хэмжээнд тогтсон бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тэдний жишигт нийцүүлэн бий болгохыг зорьсон. Бид бүс нутгийн, цаашилбал дэлхийн зах зээлд оролцох, түүний нэгэн хэсэг болох зайлшгүй шаардлага байгаа юм. Олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалт болон эргэлдэж байгаа мөнгөн урсгал манай зах зээлийг тойрч биш дайрч гардаг байх нь бидэнд хэрэгтэй. Үүний тулд бид олон улсад ашиглагддаг дэд бүтэц, зохицуулалттай болж нэг дүрмээр тоглох учиртай.

 

Хууль батлагдсанаар дотоодын компани гадны бирж дээр, гадны компани дотоодын бирж дээр давхар бүртгэгдэх, хөрөнгө оруулалтын сангууд бий болж гадны хөрөнгө оруулалтыг татах, дотоодын нөөцийг хуваарилах, улмаар дотоодын аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх зэрэг олон улсын зах зээлд хэрэглэгддэг тогтолцоо бий болж байгаа юм.

 

-Саяхан манайд хувийн хөрөнгийн бирж байгуулагдлаа. Энэ нь хуулиар нээлттэй байсан уу?

 

-Арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж байгуулах зохицуулалт нь шинэ болон өмнөх хуулийн аль алинд нээлттэй байсан. Нэг зах зээлд нийт хэдэн бирж байх эсэхийг зах зээл өөрөө тодорхойлдог. Арилжаа эрхлэх нэг байгууллага байх нь нийт зардлыг хэмнэх давуу талтай хэдий ч өрсөлдөөнгүй зах зээл өөрөө хөгждөггүй шүү дээ. Монголын хөрөнгийн бирж гэдэг компани нь зах зээлийн гол байгууллага боловч бизнесийн зарчмаар бус улс төрийн томилгоотой, идэвх багатай ажиллаж ирсэн. Цаашид хэд хэдэн хувийн бирж байгуулагдаж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж зах зээлийн зарчмыг дагахад болохгүй зүйл байхгүй. Өрсөлдөөн бий болох тусам үйлчилгээ сайжирч иргэдэд ашигтай нөхцөл байдал үүснэ. Товчхондоо энэ хоёр хууль иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх боломжийг нээж өгч буйгаараа онцлог юм. Зөвхөн хадгаламжинд мөнгөө хадгалах бус үнэт цаасны зах зээлд оролцох, ашигтай хөрөнгө оруулалт хийх зэрэг гарцыг бий болгосон нь Монголын эдийн засгийн эргэлтэд ч эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

-Баярлалаа.

 

Ярилцсан М.СОНОР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж