ШУТИС-д “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент, ирээдүй судлал” сэдэвт сургалт болж байна. Уг арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэн (IITE)-гийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “ЮНЕСКО-гийн Нийгэм ба Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент, ирээдүй судлал” сэдэвт сургалт семинарыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, холбогдох мэргэжилтэн, судлаачдыг оролцуулан зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Дэлхий дахинд, бидний эргэн тойронд болж буй үйл явдлууд нь эдийн засаг, нийгмийн системд сөрөг болон эерэг, олон хэлбэрийн өөрчлөлтүүдийг авчирсаар байгааг бид харж байна. Өнөөгийн санамсаргүй зүйлсээр дүүрэн, урьдчилан таамаглахад төвөгтэй, бас эмх замбараагүй асар хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд шинэ боломжууд, бас эрсдлийг хурдацтай олж харах, илрүүлэх менежлэх нь маш чухал болж байна. Ингэж чадвал улс орныхоо ирээдүйн хөгжил бодлогод тус хүргэж чадна. Өнөөдөр та бүхний зохион байгуулж буй Ирээдүй судлалын сургалтанд оролцогчид Монгол Улсын ирээдүйн хөгжлийн стратегийн чиг хандлагыг тодорхойлох тодорхой асуудлуудыг сонгон хэлэлцэнэ гэж ойлгож байна. Ирээдүй Судлалын Мэдлэгийн сургалтанд оролцож, хамтран ажилласнаар та бүхэн ирээдүйн бодлогыг тодорхойлоход шинэлэг хэлбэрээр хандах, шинэ боломжуудыг харахад түлхэц болно гэдэгт нйадаж байна. Энэ сургалт, семинарын зорилго, ач холбогдолыг би дараах байдлаар тодорхойлон харж байна. Үүнд: – ЮНЕСКО-гийн Нийгэм ба Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбараас ирээдүй судлалын талаар сүүлийн үед гаргасан бүтээлүүд, нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд дээр хийсэн дүгнэлт, шинэ соргог болон үр өгөөжтэй арга барил, туршлагаас суралцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх. – Хувьсамтгай улстөртэй, хатуу хахир, хуйсаганасан цаг агаартай Монгол орны хэтийн бодлого, шийдвэрийг тодорхойлох шинэлэг арга, хэлбэрүүдийг хайх, бий болгох, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх – Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн судалгаа, боловсруулалтанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргагчид болон судлаач, эрдэмтдийн холбоог бэхжүүлэхэд оршино гэж үзэж байна. Ингээд сургалт, семинарт оролцогчидод болон тус сургалтыг удирдан явуулахаар ирсэн ЮНЕСКО-ийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны албаны захирал, проф. Д.Бадарч, Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент, ирээдүй судлал багийн ахлагч проф. Miller Steven Riel нарт болон энэхүү семинарыг зохион байгуулж буй бүх хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүсье” гэв.
“Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент, ирээдүй судлал” сэдэвт сургалт семинар есдүгээр сарын 29-нөөс ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл 3 өдөр үргэлжлэх бөгөөд уг сургалт семинарын хүрээнд Нийгмийн болон хүмүүнлэгийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн судлалын талаар бодлого боловсруулагчидад гол гол санаануудыг танилцуулах юм.
Г.ХОРОЛ