Энэ жилийн хувьд зурхайн тоололд намрын дунд сарын шинийн 17-ны өдөр тасарч тоологдож байна. Зурхайн тоолол ямар учираас тасарч байгааг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор Л.Тэрбишээс тодрууллаа.
-Өнөөдөр зурхайн тооллоор Намрын дунд сарын шинийн 16-ны өдөр. Маргааш шинийн 17-ноор дарааллах ёстой ч 18 гэж тоологдож байгаа. Энэ жилийн хувьд ямар учраас дараалал тасарч байна вэ?
-Монгол зурхайн ухаанд билгийн тооллын өдрийг тодорхойлохдоо сарны үзэгдэх хөдөлгөөнийг гол болгодог. Өөрөөр хэлбэл, сарны үзэгдэх хөдөлгөөний арвидал, хомсдлыг гол болгоно гэсэн үг. Нарны нэгэн хоног өнгөрөхөд сарны үзэгдэх байдал өөрчлөгдөхгүй тохиолдолд билгийн тооллын өдрийг давхарлан тавьдаг. Харин нарны нэгэн хоног өнгөрөхөд сарны үзэгдэх хөдөлгөөн хоёр өдөр арвидсан мэт харагдах тохиолдолд билгийн өдрийг алгасаж тавьдаг. Үүнийг өдөр тасарлаа гэж ярьдаг. Өдөр тасарч, давхарлах гэдэг нь билгийн зарим өдөр ерөөсөө байхгүй болчих буюу хоёр удаа давтагдаад байгаа хэрэг биш юм.
-Зурхайн тоололд өдөр тасрах, давхардах гэдэг утгыг жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Жишээ болговол энэ модон хонин жилийн намрын дунд сарын 17 тасарсан байгаа. Өөрөөр хэлбэл, аргын тооллын 9 сарын 29-нөөс 9 сарын 30-ны нарны нэгэн хоногт сарны үзэгдэх байдал хоёр өдрийн хомсдлыг үзүүлж буй тул 16-ны өдрөөс 18 өдөр болсон гэсэн үг. Ийм тохиолдолд 17-ны өдөр алга болчихсон хэрэг биш. Харин аргын нэгэн хоногт сарны 16, 17-ны өдрүүдэд харагдах байдал нь өнгөрөөд, 18-ны өдрийн харагдах байдлаа үзүүлж буй гэсэн үг юм. Ийм учраас 17-ны өдөрт байх Балжинням, Дашнямыг 16-ны өдөр тавьсан буй. Монгол зурхайн тооллын Балжинням, Дашням хэмээх билэгт сайн өдрийг миний бие өөрийн тооцоолсон цаг улирлын тооллын бичигтээ холбогдох газар нь тэмдэглэдэг билээ.
Т.ДАВААНЯМ