Ц.Орхон мэргэжилтэн болсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Ц.Орхон мэргэжилтэн болсон уу?

УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар томилогдонгуутаа Дайны эрсдлийн сан гэх нэрээр хуурамч данс нээж, их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх хэргээр шүүхийн хаалга татаж явсан Ц.Орхоныг "Монголын иргэний агаарын тээвэр компани"-ийн  даргаар томилсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржоос тодруулсан юм.


-МИАТ-аас их хэмжээний мөнгө угаасан хэргээр ял сонсч байсан хүнийг Зам тээврийн сайд М.Зоригт буцаагаад өмнөх ажилд нь эргүүлэн томилсон гэх мэдээлэл яваад байна.  МИАТ-ын даргын томилгоог салбарын сайд хийх  ёстой юу?

-МИАТ-ын даргаар хэнийг томилох  вэ? гэдгийг Төрийн өмчийн хороо шийддэг.  М.Зоригт сайд Ц.Орхоныг "МИАТ" компанид мэргэжилтнээр авч байгаа юм байна гэж ойлгосон. Компанийнхаа мэргэжилтнээр хэнийг ажлуулах нь МИАТ-ын уридлагуудын шийдэх асуудал.

-Энэ хүн чинь өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж, “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр хуурамч данс нээж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт ял сонсч явсан хүн шүү дээ. Жирийн албан хаагч албан байгууллагаасаа хулгай хийлээ гэхэд буцаагаад ажилд нь авдаг бил үү. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг нуугдаж байгаа юм биш биз?

-Хүнийг алдаан дээр нь түлхэж болохгүй. Тэр хүн албан тушаал дээрээ алдсан байж болно. Харин мэргэжилтнийхээ хувьд байгууллагадаа хэрэгтэй боловсон хүчин байж болно шүү дээ.  Бас тэр хүн ажил хийж эхнэр хүүхдээ тэжээх хэрэгтэй болно биз дээ. Тэгээд ч Ц.Орхон МИАТ-ын даргаар биш мэргэжилтнээр томилогдсон гэв.


Дашрамд дурдахад, Ц.Орхон дээрх хэргээр эхнэртэйгээ хамт  хоригдож байх үедээ, “Дайны эрсдлийн сан”-гаар дамжуулан мөнгө угаасан 20 улстөрчийн нэрийг  зарлана, үгүй бол миний эхнэрийг сулла” гэсэн  шаардлага тавьсан тухай мэдээлэл  тухайн цагт хэвлэлээр цацагдаж байв.  Тиймээс түүнд “өртэй” үлдсэн зарим улстөрч Ц.Орхоныг "МИАТ" компанид оруулахаар зүтгэсэн байх гэсэн хардлага ч улс төрийн хүрээнийхэн дунд байна.  Мөн "МИАТ"-ийн хувьчлалын асуудал дахиад сөхөгдөж байгаа үед Ц.Орхоныг "МИАТ"-д “шургуулдаг” нь  ямар нэгэн шалтгаантай гэж харах хүмүүс ч байгаа гэнэ. Ямар ч байсан УИХ-ын дарга З.Энхболд энэхүү томилгоог эсэргүүцэж, Ц.Орхон болон бусад хүмүүсийн хувьд МИАТ-ын хаалга хаагдсан гэдгийг салбарын сайд М.Зоригтод сануулсан ч, сайдын хувьд түүний зөвлөгөөг хүлээж авахыг хүсээгүй бололтой. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Орхоны мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй” гэж дурдсан байгаа. Харин Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн тайлбарласнаар "МИАТ"-ээс их хэмжээний мөнгө угаасан хэргээр ял сонсч явсан Ц.Орхон дахин "МИАТ" компанидаа мэргэжилтнээр орсон бололтой юм.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж