ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн болно.
Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд Э.Бэхбаяр, Б.Анхбаяр нар алт, Б.Нямдорж, Б.Батзориг, П.Өнөрбат, Н.Золбоо нар хүрэл медаль хүртэж байжээ. Энэ удаа тус тэмцээнд үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчаар, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр оролцож байна.
Тэмцээний 61 кг-ын жинд ОУХМ Б.Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегаватт” клуб/, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж /”Арслан” клуб/, 86 кг-ын жинд спортын мастер Л.Төртогтох /”Ганьт” клуб/ нар зодоглоно.
Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Бразил, БНХАУ, Грек, Киргиз, Израиль, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Тажик, Турк, Узбек, Украин, Финланд, Хорват, Эстони зэрэг 25 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хойд Осет, Якут улс, Кемерово муж, Красноярскийн хязгаарын бөхчүүд барилдахаар мэдүүлжээ. Тэдний дунд Оросын бөх, Европийн спортын наадмын аварга А.Богомоев, олимпийн наадмын хүрэл медальт Георгий Кетоев, АНУ-ын бөх, олимпийн аварга Жакоб Варнер, украиний бөх, олимпийн наадмын мөнгөн медальт Валерий Андрейцев, болгарын бөх, дэлхийн аварга Радослав Великов нарын шилдэг бөхчүүд багтсан байна.
Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх үйл ажиллагааны эхний шат болох олон улсын II зэрэглэлийн шүүгчийн зэрэг олгох онолын сургалт тэмцээний үеэр болох бол хоёр дахь шат нь арванхоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод үргэлжлэх аж. Улмаар энэхүү хоёрдугаар шатны сургалт нь “РИО-2016” олимпийн наадамд оролцуулах шүүгчдийн сонгон шалгаруулалтын эхний шат байх юм.
Д.П.Коркиний нэрэмжит тэмцээний шагналын сан 64 мянган ам.доллар бөгөөд алтан медаль хүртсэн бөх 3, мөнгөн медаль хүртсэн бөх 2, хүрэл медаль хүртсэн бөх 1, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 1 мянган ам.долларын мөнгөн урамшуулал хүртэнэ.
Б.ЭНХ