Хөгжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар түрүүлж, 30 мянган ам.долларын шагнал хүртсэн. Тэгвэл гоцлол, дуу хөгжмийн чиглэлээр шилдгээр шалгарсан оролцогчдын гала тоглолт долдугаар сарын 2-нд болж эдгээрээс ГранПри шагналтан буюу 100 мянган ам.долларын шагнал хүртэх уран бүтээлчээр Монголын дуучин Г.Ариунбаатар тодорсон юм. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертны зааланд болсон гала тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд тус улсын урлаг соёл,нийгэм улстөрийн томчууд үзэж сонирхсон гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотын дуурийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын алдарт Мариинский театрын гоцлол дуучин боллоо. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан элэг нэгт монголчууд, дэмжигчдэдээ хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан юм. Энэ өдрөөс хойш Г.Ариунбаатар дэлхийн тайзнаа дуулахдаа ОХУ-ын Улаан-Үдэ хотын дуурийн театр, Мариинский театрын гоцлол дуучин хэмээн зарлуулахаар болж байна.
Г.ТУУЛ