Намрын чуулганаар сайд огцруулах асуудлыг хөндөх үү?

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар сайд огцруулах асуудлыг хөндөх үү?

Хуулийн дагуу ирэх УИХ-ын намрын чуулган ирэх 10 дугаар сарын 1-нд  нээлтээ хийнэ. З.Энхболдын танхимд одоо намар, хаврын хоёр чуулган үлдэж байгаа юм. Ээлжит чуулганыг пүрэв гарагт өглөө 09.00 цагаас нээх юм байна. Нээлтэд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд болон Монгол Улсад суугаа дипломат элчин сайдууд оролцох юм.

Харин Ерөнхийлөгч оролцож үг хэлэх эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Ээлжит чуулганы нээлтийн дараа нам эвслийн бүлгүүд хуралдаанаа хийж, Өршөөлийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх аж.  Одоогоор Ардчилсан намын  бүлэг А танхимд, Монгол Ардын намын бүлэг  Б танхимд, “Шударга ёс” эвсэл В танхимд тус тус хуралдах тов гарчээ. Мөн байнгын хороодын хурал зарлагдсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан А танхимд 14.00 цагт хуралдаж Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх гэнэ.

Мөн УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэхийг Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.  Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болжээ. Харин баасан гарагийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хууль болон, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх бол үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийх аж. Зарим  улстөрчид энэ намрын чуулганаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндөхөөр тохиролцож байгаа сурагтай.

 Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж