Lilly Allen жирэмсэн гэдгээ зарлав

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Lilly Allen жирэмсэн гэдгээ зарлав

“Smile” буюу “Инээмсэглэл” гэх дуугаараа урлагийн ертөнцөд од болон гялалзсан дуучин Lilly Allen өчигдөр хайрт залуутайгаа хуримлалаа. Хуримын ёслолоос илүүтэй олныг баярлуулсан, гайхашруулсан зүйл бол дуучин бүсгүй өдгөө 12 долоо хоногтой жирэмсэн гэнэ. Түүний шинэхэн нөхөр Sam энэ тухай хуримын ёслолд уригдсан найз нөхөд, гэр бүлийнхэндээ албан ёсоор зарласан аж. Нээрээ ч франц дизайнер Delphine Manivet-аар даашинзаар гоёсон сүйт бүсгүйн үл ялиг цүдгэр гэдэс нь даашинзных нь цаанаас мэдэгдэж байсан гэнэ. Өмнө нь хоёр ч удаа жирэмсэлсэн боловч үрийн зулай үнэрлэж чадаагүй Lilly Allen-ы өмнөөс найз нөхөд, гэр бүлийнхэн нь тун баяртай байгаагаа илэрхийлжээ.

Lilly Allen-ы нөхөр нь 30 настай Sam Cooper гэгч барилгачин залуу байдаг бөгөөд хосууд анх 2009 онд танилцжээ. Тэд хуримын ёслолоо Лондонгийн ойролцоох Кранхэм хотын Костволдс гэх үзэсгэлэнт тосгонд байрлах Гэгээн Жеймсийн сүмд хийжээ. Сүмд болсон ёслолд 105 зочин урилгаар оролцсон бол хуримын ёслолын дараа тэдний гурван сая фунт стерлингээр худалдан авсан 17-р зууны үеийн тансаг харшид нь болсон хүлээн авалтад 300 зочин оролцсон байна.

Тэд бал сараа анх танилцаж байсан Гластонбюрид өнгөрүүлэхээр шийдсэн гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж