Олон улсын хөрөнгийн зах зээлээс өр тавьж, мөнгө босгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг Шийдлийн засаг ч үргэлжлүүлэхээр болж байна. Төлөвлөж байсан ёсоороо Тавантолгой болон бусад томоохон төслүүдээ урагшлуулж чадаагүй Засгийн газар доллар олох гэж аргаа барж байгаа нь үнэн. Хууль баталж, бодлого боловсруулдаг хоёр том субьектийн үл ойлголцол эцэс сүүлдээ эдийн засагт тооцохын аргагүй хохирол авчрав.
Нэг нь хөрөнгө оруулалтыг татах гэж үстэй толгойгоо зулгааж, нөгөө нь хөрөнгө оруулалтыг гацаасандаа баярлажээ суудаг улс төрийн ийм тогтворгүй нөхцөлд Монгол Улс өрийг, өрөөр дарахаар нэг тэрбум долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас гаргасан юм.
Монгол Улсын нийт өр 21,6 тэрбум ам.долларт хүрч, энэ нь манай улсын ДНБ-ий 180 хувьтай тэнцэж буй аж. Энэ өрийг нийт хүн амын тоонд нь хуваавал гурван сая хүн амтай Монгол Улсын шинээр төрж байгаа иргэнд нь хүртэл долоон мянга гаруй долларын өр ногдож байна гэсэн үг.
Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, мөн төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах бэлтгэл ажлыг ерөнхийдөө Сангийн яам, Хөгжлийн банк хариуцан хийж байгаа аж.
Өрийн хязгаар нь хамгийн дээд хэмжээндээ тулчихсан буюу 58.3 хувиа давчихсан нөхцөлд дахиад өр тавих нь тийм ч зөв шийдвэр биш. Тэгээд ч дэлхийн зах зээлд Монголын нэр хүндтэй хамт, хувьцааных нь ханшууд бүгд унаж байгаа нөхцөлд шүү дээ.
Монгол Улсын нийт өр 21,6 тэрбум ам.долларт хүрч, энэ нь манай улсын ДНБ-ий 180 хувьтай тэнцэж буй аж. Энэ өрийг нийт хүн амын тоонд нь хуваавал гурван сая хүн амтай Монгол Улсын шинээр төрж байгаа иргэнд нь хүртэл долоон мянга гаруй долларын өр ногдож байна гэсэн үг.
Ирэх 2017 оноос 2023 оны хооронд манай улс гадагшаа 4.4 тэрбум долларыг төлнө. Ийм хэмжээний валютын нөөц байхгүй, Монголбанкны мэдээлж байгаагаар манай улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум доллар. Одоо байгаа валютын нөөцөөсөө гурав дахин их доллар олох ёстой. Гэвч, харамсалтай нь, УИХ-ын болон улстөрчдийн оролцоотойгоор Монголоос зугатсан хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жилийн сүүлээр 100 сая долларт хүрвэл их юм.
Хамгийн эхлээд буюу ирэх 2017 оноос “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалт нэрийн дор С.Батболдын Засгийн газрын зээлсэн 5.75 хувийн хүүтэй 580 сая долларын өр, мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын авч ирсэн, анхны бөгөөд хамгийн том зээл болох Чингис бондын 4.125 хүүтэй 500 сая долларыг, мөн Хятадын зах зээлд гаргасан “Дим Сам” бондын 161 сая долларыг төлөхийн тулд Монголбанкинд хадгалагдаж байгаа өнөөдрийн гадаад валютын нөөц хаана ч хүрэхгүй. Цаана нь Чингис бондын нэг тэрбум, Самурай бондын 300 сая долларын өр хүлээж байгаа гээд бодвол бидэнд байгаа нөөцөөсөө давсан доллар олох шаардлагатай болж байгаа юм. Улсынхаа гадаад валютын нөөц болох 1.3 тэрбум доллараа нэмэгдүүлэхийн тулд УИХ хуруугаа ч хөдлөхгүй байна шүү дээ. Харин ч хууль батлах энэхүү субъектийн хэт оролцоотойгоор гадаад валютын нөөц бүрдүүлэх бүх л сувгийн амсар хаагдчихлаа.
Өрийг өрөөр төлөх бодлогыг Вьетнам болон Малайз улс хэрэгжүүлдэг. Манай улсын дэргэд бол Вьетнам үйлдвэрлэл хөгжсөн, дээр нь Зүүн өмнөд Азийг хамгийн хямдхан эрчим хүчний эх үүсвэрээр хангахын тулд цөмийн реактор хүртэл барьчихлаа. Үйлдвэрлэл болон аялал жуучлалын салбараасаа жилдээ хэдэн тэрбум доллар олдог улсын дэргэд уул уурхайгаа хүртэл дампууруулж, нэг тэрбум долларын мах экспортлохыг мөрөөдөж суугаа монголчууд өрийг өрөөр дарах нь “галуу дуурайж хөхөө хөлдөөнө” гэдэгтэй адилхан юм.
Эдийн засгийн өсөлт сайн, гадаадын хөрөнгө оруулалт хэмжээ өндөр гарч байгаа үед олон улсын хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хямд хүүтэй өр тавьж болно. Гэвч, өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжлийн банкнаас дөнгөж 2.3 хувиар төсөөлж байгаа нөхцөлд тэрбум долларын бондыг арилжаалах нь эдийн засагт ашигтай байж чадах уу.
Тэр тусмаа өмнө нь авсан бондын мөнгө эхнээсээ сураг алдраад байхад дахин тэрбум доллар гаргах нь Ардчилсан намын засгийн үед авсан хамгийн том тоотой зээлүүдийн нэг болох биз. Энэ хөрөнгө ямар нэгэн төмөр зам, үйлдвэрлэлийн нэрээр “угаагдаж” хэний найз, ах дүүг хамаатан садны “халаасанд” орж байгааг хэрхэн мэдэх вэ. Чингис бондын хэрэгжилт болоод эргэн төлөлт дээрээ хяналт тавьж чадахгүй байж шүү дээ.
Долоо хоногийн өмнө шуугиан дэгдээсэн “Эксклюзив” гэхэд Чингис бондоос 750 саяыг авсан хэрнээ татвараа огт төлөөгүй, тайлангаа гаргаж байгаагүй гэсэн баримтын татварынхан дэлгэж орхилоо. Авсан нь ч, олгож байгаа нь ч хаана хаана хариуцлага байгаагүйн тод жишээ хэдий ч гурван жил улсад татвараа төлөөгүй компани чухам ямар эрх мэдэлтэн ийм том тоотой, асар хямдхан хүүтэй зээлийг олгосон бэ гэдэг асуулт ч эндээс ургаж байна. Н.Алтанхуяг ганцаараа тараагаагүй байх. Энэ мөнгийг Эдийн засгийн хөгжлийн яам, салбар яамдаар нь дамжуулж гаргасан гэвэл дээсний үзүүр тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас эхлэлтэй гэлтэй.
“Улаанбаатар хотод орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн ажилд зориулж 200 тэрбум төгрөгийг гаргахаар шийдсэн. Үйлдвэрлэлийг дэмжих үүднээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 27.7 сая ам.доллар, Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17.7 сая ам.доллар, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.доллар, орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжихэд зориулж 14 сая ам.долларыг гаргасан хэмээн Шинэчлэлийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ мөнгөний эргэн төлөлт хэр байгааг зээл олгосон эздээс сурагламаар байна. Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр 200 тэрбум долларыг овоолсон шороо төдийгөөр сольчихвол дахиад нэг тэрбумын зээл гаргаад Монгол аврагдахгүй. Тиймээс шинэ бонд гаргах бус, хуучин бондоо эхлээд эрж сурвал яасан юм бэ. Дахин нэг тэрбум доллар Ардчилсан намын гараар орж, ард түмэн өрийг нь өвлөөд үлдэх үү?
Ж.НЯМСҮРЭН