-С вирус шинжлэх лабораториуд тодорчээ-
Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийг аравдугаар сарын сүүлчээр Монголд оруулж ирэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Энэ эм дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.долларын үнэтэй байдаг. Гэхдээ Монголд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг 98 хувиар хөнгөлөн, 1200 ам.доллараар худалдаалахаар болсон юм. Дунджаар бодоход хоёр сая гаруй төгрөгийн үнэтэйгээр Монголд худалдаалагдана гэсэн үг.
Харин эмийг оруулж ирэхээс өмнө С вирус архагшсан, нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай өвчтөнийг тодорхойлох ажил байгаа билээ. Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм.
Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Тэгвэл эхнээсээ лабораториудыг сонгожээ. ХӨСҮТ-д нийтдээ 13 лабораториос Элэгний С вирусын шинжилгээ хийх хүсэлт гаргажээ. Эдгээр лабораториос гурав нь тэнцээгүй аж. Ингээд 10 лабораториор иргэд С вирусээ шинжлүүлэх юм. Харин эдгээр лабораториудын нэрсийг хэзээ зарлах талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргалаас тодруулбал, “Эхний ээлжинд 10 лабораториа сонгосон. Энэ долоо хоногийн лхагва юм уу пүрэв гаригт хэвлэлийн хурал хийж олон нийтэд зарлана. Одоогоор лабораториуддаа батламж гардуулах ажил үргэлжилж байна” гэв.
Б.ЗАЯА