Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэл ажил холбогдох яамдад бүрэн хангагдсан талаар өнөөдөр Сангийн яамнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч /МҮХАҮТ/ Б.Лхагважав нар оролцсон юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгох ажлын бэлтгэл бүрэн хангагдсан хэмээн албаныхан үзэж байна.
Хуулийг хэрэгжүүлэх ажлыг аравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхлүүлнэ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгох учиртай ажээ.
Иргэд http://iltod.mta.mn сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн байна. Дээрээс нь чиглэл бүхий яам, агентлагуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх утас байршуулан, ажилтнуудтай гэрээ байгуулж, нууцын зэрэглэлтэй ажиллах бэлтгэл хангасан байгаа талаар албаны хүмүүс ярилаа.
МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМРУУЛНА
Албаны хүмүүсийн онцолсноор иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл түгээж, зөвлөгөө өгөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Ингэснээр иргэд дараах утсаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгохтой холбогдсон асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.
Харин нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааны мэдээллээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний 24.00 цагийн дотор багтаан ирүүлэх ёстой ажээ.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТАС:
- Татварын асуудлаар 18001288
- Нийгмийн даатгалын асуудлаар 328030-309, 18001289
- Улсын бүртгэлийн асуудлаар 18001890
- Гаалийн асуудлаар 18001281
- Санхүүгийн тайлангийн талаар 263069, 264966
ХУГАЦАА ТУЛГАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан энэ хуулийг "Ииргэн, аж ахуйн нэгжийг татвараа нуусан, бултсан гэж үзэхээс илүүтэйгээр ил тод байдлыг хангах ажил хэмээн харж байгаа" гэв.
Түүний мэдээлж буйгаар ийм хуулийг өмнө нь 2007 онд хэрэгжүүлэхэд татвар төлөгч 25 мянган аж ахуйн нэгж, иргэнээс 8000 гаруй хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо мэдүүлж байжээ. Энэ нь нийт татвар төлөгчдийн 1/3-ыг эзэлж байсан гэв. Тухайн үед хууль хэрэгжиж дуусахаас хэдхэн хоногийн өмнө татвар төлөгчид ихээхэн дараалал үүсгэж, хүндрэл учруулах, хуульд хамрагдаж чадаагүй олон аж ахуйн нэгж, иргэн үлдэх тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ удаад заавал арванхоёрдугаар сарыг хүлээлгүй, аравдугаар сар эхлэх үеэр эртхэн мэдүүлгээ өгөх хэрэгтэй гэдгийг Татварын ерөнхий газрын дарга санууллаа.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ИНГЭЖ АЖИЛЛАНА
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Иргэдийн хувьд импорт хийж, гаалийн гадаад худалдааны харилцаанд ордог. Энэ үед гаалийн үнийг бууруулах, бараа таваарын тоо хэмжээг буруу мэдүүлэх тохиолдол үүсдэг. Үүнээс үүдээд татварын өрөнд орох тохиолдол бий. Энэ мэт зөрчлийг илрүүлэхийн тулд Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрыг ажиллуулдаг. Энэ газарт шалгалт явуулсны дараа тухайн зөрчлийг илрүүлж торгууль оногдуулдаг. Тэгвэл бид энэ шалгалтыг 12 дугаар сарын 31-нийг хүртэл түр зогсоосон. Ингээд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна” гэв.
СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ЧУХАЛ
Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэжилтнүүд ажилласны дүнд үндсэндээ жигдрээд байна. Энэ намрын чуулганаар багагүй хууль, журамд өөрчлөлт орно. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлснээр санхүү, бүртгэлийн системээ шинэчлэх боломж бүрдлээ хэмээн харж байна” гэдгийг онцоллоо.
ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭСГЭЭС…
- Хуулийн үйлчлэх хүрээ
Дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
2. Татварын ерөнхий хууль;
3. Нийгмийн даатгалын тухай хууль;
4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
5. Гаалийн тухай хууль;
6. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээд.
- Хамрагдах субьект
Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд нь дараах нөхцөлийг хангасан бол уг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана. Үүнд:
-2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд зохих хууль журмын дагуу бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хөрөнгө, орлого байх;
-Сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан байх;
-2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор ил болгон бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол уг хууль үйлчилнэ.
- Ил болгож мэдээлэх хугацаа
Уг хуулийг баталсан өдрөөс буюу 2015 оны 8 сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.
- Бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагаа
Сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД