Аравдугаар сар цас ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Аравдугаар сар цас ихтэй байна

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун зүгийн нутаг.

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн эхээр Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс  3 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын зүүн, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд  хэсэг, Говь-Алтайн  ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эх ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар  16-18 м/с,  зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг.

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.    

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар дунд үеэс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар,  сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг.

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 14-19 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанднутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр,  сүүлчээр нь зарим газраар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эцсээр ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг 

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 градусаар дулаан байна.                     

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн бусад хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун, Дорноговийн зүүн хэсгээр  олон жилийн дунджаас бага, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эцсээр бүх нутгаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тухай Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ .

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж