Намайг мөнгөн дээр туйллаа гэж ойлгоод байх шиг

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Намайг мөнгөн дээр туйллаа гэж ойлгоод байх шиг

Намайг баян айлын хүүтэй суучихаад мөнгөн дээр туйлаад байна гэж ойлгоод байх шиг… П.Мөнхтулгыг “Хөх чоно” группийн өв залгамжлагч гэдгийг анхандаа мэдээгүй!


Тийм ээ, топ модель хэмээх өргөмжлөлтэй 15-ын нэг нь С.Ариунбилэг. Нэг бодлын түүний хэлдгээр 15-ын нэг байна гэдэг бахархууштай хэрэг байх. Сүүлийн үеийн дуулианы эзэн, “Хөх чоно” группийн өв залгамжлагчын сэтгэлийг эзэмдэгч, өрх толгойлсон эмэгтэй, адармаат замыг туулж яваа цэл залуухан бүсгүй бидний өмнө суулаа. “Харин ч бүр хамаг үнэнээ ярьчихмаар санагдчихлаа …” гэсээр тэр яриагаа эхэлсэн.

Ердөө хориодхон насандаа айлын бэр болох хариуцлага түүнд жирэмсэн болсноор ирж. Их сургуулийн захирал өвөөтэй, ээж аав нь боловсролын салбарт насаараа зүтгэсэн тул тэр дутуу гуцууг үзэлгүй өсчээ. Харин өвөрмөц содон төрх, нүдний өнгө төрх байдал нь цаатан угсааны гялбаа. Бүсгүй амьдралынхаа үнэн түүхийг бидэнд хүүрнэсэн юм. Яг үнэндээ тэр топ болохдоо тун удахгүй салах гэж буйгаа мэдэж байж. Харин одоо үнэхээр зөв сонголтоо хийж чадсан болов уу? Топ бүсгүй, Монголын гоо сайхны олимпийн тэргүүн ч гэсэн эр хүн таних тал дээр, эр хүнд хайрлагдах тал дээр дутуу гуцуу явсан гэхээр хачирхам санагдав. Нэг бодлын тэр “гэнэн хонгор” аж. Бас энгийн хайнга байдлаар биеэ авч явж өөрийнхөөрөө л орших нь нэг ёсны өгөгдөл байх. Хүн ер нь байгаараа байх сайхан л даа, гэхдээ топ хүн тийм байж болох уу? Түүний гаргалгаа энэ мэт олон асуудал дээр таныг гайхашруулах болно. Ингээд та бүхний өмнө ээлжит шуугианы эзнээ бид авчирлаа.

БИ АМЬДРАЛАА ӨӨРӨӨ БОСГОСОН, ТИЙМЭЭС НӨХӨР МААНЬ ХУВЦАСАА АВААД Л ГАРСАН

-Өөрийн чинь хувийн амьдралдаа гаргасан шийдвэр сүүлийн үеийн халуун шуугиануудын нэг болж байна. Ингэхэд Ариунбилэг хэдтэйдээ айлын бэр болж байсан бэ?

-Хорьтойдоо. Тэгээд 21-тэй жирэмсэн болж, 22-тойдоо ээж болсон. Тэгсэн хэрнээ амьдрах гэж би үнэхээр зүтгэсэн.

-Өөрийг чинь топ болсны дараа албан ёсны гэр бүлтэй анхны топ гэж хэвлэлүүд ихэд онцолж байсан санагдана. Нөхрөөсөө хэзээ салчихав аа?

-Урд нь би хувийн амьдралынхаа талаар ярьж байсангүй. Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Ойр дотныхон маань бүгд мэднэ. Гэвч эцэст нь бид хоёр үнэхээр тохирох хосууд биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр салсан. Муудалцаад, бие биенээ үзэн ядаад хоёр тийш болсон юм байхгүй. Одоо найзууд шиг энгийн сайхан харилцаатай байдаг. Топ модель болсны дараахан салсан учраас намайг топ болчихоод нөхрөөсөө саллаа гэх ойлголт яваад байх шиг.Тийм биш л дээ. Бидний харилцаа хэдийнэ хөрчихсөн байсан юм. Гэвч энэ талаар сонин хэвлэлд ярихыг хүсдэггүй байсан. Дөнгөж топ болсныхоо дараа,манай нөхөр намайг ингэж гомдоодог, бид тийм ч эв түнжингүй амьдардаг гэж яриад байж болохгүй л дээ. Тэгээд ч би салсан нөхрийгөө хэзээ ч муулахгүй. Салаад нэлээд хугацааны дараа одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн.

-Салах шийдвэрийг та хоёрын хэн нь түрүүлж гаргасан бэ?

-Салах шийдвэр минийх байсан. Олон ч удаа салья гэж хэлж байсан. Сүүлд, сүүлийн удаа чамд боломж олголоо шүү гэдгээ ч хэлсэн. Харамсалтай нь тэр боломжийг тэр дахиад л харж чадаагүй.

-Уучлаарай, өөрийг чинь салахаасаа өмнө одоогийн найз залуутайгаа болздог, холбоотой байсан гэсэн яриа явдаг. Өөрийнхөө амаар тодорхой хариулт өгөөч?

-Таны ингэж асуудаг нь зөв л дөө. Гадуур одоогийн найз залуугаа харангуутаа нөхөр, охиноо хаяад мөнгөтэй залууг сонирхоод явчихсан юм шиг өрөөсгөл ойлголт байдаг юм билээ. Тийм биш л дээ. Би албан ёсоор, хуулийн дагуу салж, салснаасаа тав, зургаан сарын дараа танилцаж, үерхсэн. Найз залуу маань намайг охинтой маань хүлээж авч хайрласан. Охиноо хэзээ ч дэргэдээсээ холдуулж байгаагүй. Охиныхоо төлөө л гэж амьдарч, ажиллаж ирсэн.

-Та хэдийнэ найз залуу, сүйт хархүүтэй болчихлоо. Харин экс нөхөр чинь дараагийн сонголтоо хийсэн болов уу?

-Үгүй байх аа.

-Үр хүүхэдтэй, хамтдаа босгосон амьдралаа нураах тийм амар хялбар явдал биш. Чухам яагаад охиныхоо ааваас салахад хүрсэн бэ?

-Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Би босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцасаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн /инээв/. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм

-Өөрөөр хэлбэл экс нөхөр чинь амьдралынхаа төлөө юу ч хийдэггүй байсан гэх гээд байна уу?

-Бараг л. Тэр ажил хийдэг ч цалингаа авчирдаггүй байсан гэхэд хаашаа юм /инээв/. Юу ч гэх юм бэ дээ, орлогогүй, цалингийн хэмжээ асар бага л байхгүй юу. Энэ тухай ярихад үнэхээр хүнд байна. Охиныхоо аав, нэгэн цагт нөхөр байсан хүнийхээ мууг үзэх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ…аймаар зэвүүн үгнүүд аман дээр гарч ирээд болдоггүй ээ. Би биеэ даасан, бүх асуудлаа өөрөө шийдэж, зохицуулдаг байсан. Тэр хүний зүгээс туслалцаа байгаагүй. Хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөхөөс авахуулаад хүргэж өгөх, авах, хувцаслах, хооллох, бүдгийг нь би хийдэг байсан. Хажуугаар нь сурна, загвараа өмсөнө,  ар гэр, амьдралаа авч явна. Эмэгтэй хүнд гэхээсээ илүү нэг хүнд ахадсан ачаа шиг санагдахгүй байна уу.

-Тэгэлгүй дээ, эр, эм хүний хөдөлмөрийн хуваарь, үүрэх хариуцлага гэж бий. Ялангуяа эр хүн, өрхийн тэргүүн өрхийн санхүүг авч явах үүрэгтэй. Чухам яагаад тийм тэмүүлэлгүй, сэтгэлгүй байсан юм бол?

-Харин тэрийг би өөрөөс нь асуумаар байна. Яагаад тийм тэмүүлэлгүй байсан юм бэ? Магадгүй тэр хүн надаас салсандаа, босгосон амьдралаа хаяад гарсандаа харамсаж л байгаа байх. Гэхдээ яагаад энэ хэмжээнд хүртэл явсан юм бэ. Энэ хэмжээнд хүргэхгүй байх боломж өөрт нь байсан ш дээ гэдгийг л хэлмээр байна, яг үнэнийг хэлэхэд. Бүр ёстой шал дургүй хүрчихлээ.

-Өнөөдөр л байдал ийм дээрээ тулчихсан болохоос хайртай болоод л ханилж суусан байлгүй дээ?

-Үнэхээр хайртай байсан. Амьдралын төлөө ганцаараа зүтгэсээр байгаад сүүлдээ бүр … Энийг бүр яримааргүй байна аа. Бод доо, Мартын 8 чинь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр биз дээ. Нөхрөөсөө нэг ширхэг сарнай авч үзээгүй гэвэл яах уу. Би амьдралаа авч яваад зогсохгүй бүр нөхрөө хувцасладаг байсан гэвэл итгэхэд бэрх байна уу. Амьдрал маань хичнээн ийм байсан ч топ болсныхоо дараа үүнийгээ яриад явалтай нь биш. Хүмүүс нөхцөл байдлыг ойлгодоггүй хэрнээ намайг охин үрээ хаясан хүүхэн болгоод гадуур ярьцгаах юм. Бусад шиг брэндийн цүнх бариад, үнэтэй машин унаад явах боломж байсан ч бүхнийг би гэр бүлдээ, ээжийнхээ эрүүл мэндэд зориулдаг. Залуу насаараа гоёод явж байгаа нь миний хувьд болоо гэж би боддог.

-Мартаар ганц сарнай ч авч байгаагүй гэдэг чинь эдийн засгийн боломжтой холбоотой асуудал ч биш л дээ…

-Би тэр хүнээс сэтгэл л нэхдэг байсан. Байнга. Зүгээр л, чи ядарчихлаа шүү дээ гээд хүрч ирээд тэврээд үнсэх, толгой өвдөж байна гэхэд аяга цай хийгээд өгөх халамж. Энэ мөнгөтэй холбоотой юу? Тэгэхэд одоогийн найз залуу маань зүгээр байхад толгой барьж өгөөд, гар нь хуурайшчихсан байна гээд тос түрхэж өгнө.

-Эрт амьдрал зохиосон хосуудын ихэнх нь өдөр тутмын ахуй байдал, он цагийн эрхэнд бие биеэсээ уйдаж, залхаад, шинэ содон юмгүй болчихдог гэж сэтгэлзүйчид ярьдаг. Магадгүй та хоёрын амьдралд тийм процесс болсон байх?

-Үнэхээр намайг хайрладаг байсан бол би амьдралын ямар ч нөхцөлд хайраас нь холдохгүй байж чадах байсан. Чин үнэн гэвэл энэ. Эргээд бодоход манай монголчууд хэт эрт, хүүхдээрээ шахуу байхдаа хүнтэй сууж, хүүхэд гаргах нь элбэг. Хангалттай төлөвшиж, эхлээд өөрөө боловсорч, оюунаа сайн цэнэглэчихээд дараа нь амьдрал зохиох нь хамгийн зөв сонголт гэж санагддаг болсон. Хүмүүс хүнтэй гэрлэх тохиромжтой нас 30 гэж ярьцгаах юм билээ, миний бодлоор 27, 28-тай гэрлэхэд яг боломжийн нас гэж бодож байна.

-Уучлаарай, охины чинь аав өөрийн чинь анхны эр хүн үү?

-Анхны эр хүн биш. Арван хэдтэй байхдаа нэг залуутай үерхдэг байсан. Тэр маань гадагшаа яваад салсан. Бие холдвол сэтгэл холддог гэж үнэн юм билээ. Одоо эхнэр хүүхэдтэй залуу бий. Саяхан хуриманд нь хүртэл очиж, сайн найзуудын харилцаатай үлдсэн. Би ер нь ямар ч хүнтэй хэрэлдэж, муудалцаж салдаггүй. Сониноос, тухайн үедээ миний хойноос гүйдэг нэг залуу байсан юм. Мэдэх нэг нь шууд ойлгоно. Түүнийг миний хойноос гүйдэг байхад би тоож үерхээгүй. Гэтэл бараг 10 жилийн өмнөх явдлыг ургуулж яриад, одоо болтол намайг муулж явдгийг саяхан олж мэдсэн. Эр хүний шинжгүй зан гэж энэ л байх. Би тэрэнд огт муу юм хийгээгүй байхад яагаад… Магадгүй тоогоогүй өнгөрсний төлөө ингэж насан туршдаа эр хүний шинжгүй өширхөж явдаг юм болов уу. Угаасаа түүнийг яаж тоох юм, үсээ угаадаггүй юм шиг тосон толгойтой, хип хоп дуулдаг л банди байсан.

ЭЭЖ ААВ НЬ ХҮҮХЭД ИЛҮҮДЭХ БИШ ГЭСЭН

-Хоёулаа баахан өнгөрсөн, элэрсэн баларсан юм ярилаа. Одоо романс, гэгээн зүйл яръя. Чиний дараагийн сонголтын эзэн нь “Хөх чоно” группийн өв залгамжлагч. Яаж танилцсан бэ?

-Тэр их сонин учрал аа /инээв/. Анх миний инстаграмын зургуудад лайк дардаг байсан юм билээ. Нэг орой найзуудтайгаа юм яриад сууж байтал, би инстаграм дээр чинь лайк дардаг залуу ш дээ гээд. Миний найз охин түүний найзтай үерхдэг байсан юм билээ. Тэрнээс хойш нэг нэгнийхээ зурган дээр лайк дардаг, дараа нь мессэж бичилцдэг болсон. Эхэн үедээ би нэлээн зай барьж байсан. Бүр намайг гэрт хүргэж өгөөд, машинаас буух гэж байхад үнсэх гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт нь би өөдөөс нь яах гээд байгаа юм бэ гээд өрөлт ч авч байх шиг. Бишүүрхэлт/инээв/. Бидний үерхэл тийм л гэгээхэн эхэлсэн. “Хөх чоно” группийн өв залгамжлагч гэдгийн тухайд яг үнэндээ гадуур тийм мэдээлэл тархсан хойно хэвлэлээс олж мэдсэн. Ээж аавтайгаа танилцуулсаных нь дараа ар гэр нь ямар хүмүүс вэ гэдгийг мэдсэн. Бидний хайр сэтгэлийн цагаахан харилцаанаас эхэлсэн.

-Аав ээж, ар гэрийнхэнтэй нь танилцана гэдэг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх анхны алхам гэж болно. Өөрөө өмнөх амьдралаас нэг охинтой. Монголчууд энэ тохиолдолд тийм ч таатай ханддаггүй. Аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-/инээгээд/ Өнгөрсөн намар танилцсан. Танилцаад удаж байгаа гэсэн үг. Би ч өөрийнхөө ээж аав шиг тэр хүмүүсийг хүндэлж, хайрладаг. Анх танилцахад их сайхан хүлээж авч байсан. Хүүхэд ямар хүнд илүүдэх биш гэдэг шиг тийм л байр сууринаас хандсан болов уу. Ер нь амьдрал ойлгодог, ухаантай, буурь суурьтай хүмүүс шиг санагдсан. Намайг ойлгож, сайхан хүлээж авсан учраас би буцаагаад итгэл хайр үзүүлсэн гэх юм уу.

Найз залуу маань миний хайрыг татаж чадсан залуу. Өмнөх амьдралтай над шиг хүнд дараагийн сонголтоо хийхдээ нарийн, няхуур хандах нь зайлшгүй. Найз залуугийнхаа доторх хүнд, намайг хайрлаж байгаа хайранд нь татагдсан. Танилцсан тухайгаа ч хэрэндээ нууцалж байсан. Хэл аманд орооцолдохоос зайлсхийж фэйсбүүкийн зурагнуудаа устгаж, хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэгтэл бидний салчихлаа гээд эхэлсэн. Бүр нөгөө залуу нь гар хүрдэг юм байна гэж хүртэл мэдээлэл гарсан. Үнэндээ тийм зүйл байгаагүйгээр барахгүй, тэр хугацаанд бид үргэлж хамтдаа байсан.

-Гар хүрдэг гэдэг нь тэр нэг эвгүй зурагнаас үүдэлтэй байх шүү. Өөрт чинь тулаад зогсчихсон, айхтар ширүүн харцтай зураг…

-/инээв/ Хараа муутай, нүдний шил зүүдэг болохоор нүд нь ширүүн байж магадгүй л дээ. Тэр чинь миний энгэрийн товчийг товчилж өгөөд гадуур хувцас өмсүүлэх гэж байсан агшны зураг. “Гоёл” ын тайзны ард болсон явдал л даа. Аягүй сүрхий бие биенээ халамжлаад, хувцас хунараа өмсөлцөж байсан агшин зурганд буухдаа тийм сөрөг утга илэрхийлэх ч гэж, тийм ээ, Надад гар хүрэх нь бүү хэл түүн шиг эр хүнийг би мэдэхгүй. Түүний халамж, хайр л намайг уярааж, энэ сонголтыг хийхэд хүргэсэн юм шүү дээ. Яагаад халамж, хайр гээд онцолж яриад байгааг та ч гэсэн ойлгож байгаа байх. Миний өмнөх амьдрал ямар байлаа даа. Үнэндээ салсан ч гэсэн нөхрөө муулмааргүй байна л даа. Тэр чинь миний л сонголт шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ярилцсан М.САЯН, У.ЦАХИРМАА

Эх сурвалж: "Гранд сэтгүүл" дугаар №63

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж