НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хамгийн ихээр хүлээгдэж байгаа Орос, Америкийн лидерүүдийн уулзалтын өмнө Америкийн "The Washington Post" сонин Барак Обама, Владимир Путин нарын хувийн уулзалтуудад дүгнэлт хийжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы талбарт өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм. "Энэ уулзалт нь дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр лидерийн ховор уулзалтын нэг болж байна. Өмнөх уулзалтуудын ихэнх нь гайхмаар хурдан юм уу, эсвэл нилээн таагүй байдал дунд явагдсан байдаг” гэж уг сонин тэмдэглэжээ.
Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдоод байсан 2009 онд тэр үеийн Ерөнхий сайд Владимир Путинтэй уулзаж, ярилцах сонирхол ихтэй байжээ. Обама Путины Москва орчмын өргөөнд айлчилж, тэд хоёр цагийн турш ярилцсан байдаг. Сэтгүүлчид тэднийг цай уух хооронд зураг дарж амжсан байлаа. Харин уулзалтын дараа Обама “Би түүнээс ухаантай, хатуу, нухацтай, ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, прагматик хүнийг олж харлаа” хэмээн ярьсан байдаг.
Дараа нь тэд Мексикийн Сан-Хосе-дель-Кабод болсон “Их 20”-ийн уулзалт дээр хоёр цаг орчим хугацаанд ярилцжээ. 2012 онд болсон тэдний уулзалт Сирийн асуудалд зориулагдсан байв. Учир нь тус улсад сөргөлдөөн эхэлснээс хойш тэдний харилцаа хүйтэрч эхэлсэн бөгөөд энэ байдал яваандаа хоёр улсын тэргүүний уулзалтын тоо, хугацааг бууруулахад голлон нөлөөлжээ.
AP Photo/ Carolyn Kaster
Владимир Путин, Барак Обама нар Мексикийн G20 саммит дээр. 2012.06.18
Путин, Обама хоёр 2013 онд “Их 8”-ын саммит дээр уулзжээ. Уулзалтын үеэрх гэрэл зургаас харахад тэд бие биедээ дургүй байгаа нь илт байлаа. Обама болон бусад холбоотнууд Башар Ассадыг Сирийн ерөнхийлөгчөөс болиулахын төлөө байв. Гэтэл Путин Ассад дэмжиж, тэдний төлөвлөгөөг тасалдуулсан юм. Үүний дараа тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд гурван удаа буюу Санкт-Петербург, Бээжин, Нормандад уулзаж ярилцсан байна. Гэхдээ тэдний уулзалтууд ердөө 15-20 минут л үргэлжилсэн байна.
РИА Новости, Сергей Гунеев
Холбоотнууд Нормандад нэвтрэн орсны 70 жилийн ойн ёслолын үеэр хоёр лидерийн зургийг эвлүүлж, иймэрхүү байдалтай дэлгэцнээ харуулж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР